sonin.mn
Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баатарсүрэн
 
- Танай хэлтэс дээр ихэвчлэн ямар мэргэжлийн чиглэлээр ажлын байрны захиалгууд ирж байна вэ?
 
 
- Манайд ажиллах хүчний оролцооны түвшин 71,3 хувь, ажил эрхлэлтийн 68,3 хувьтай байгаа. Сүүлийн 5 сарын байдлаар нийт 1632 ажлын байрны захиалга ирснээс 838 иргэнийг байнгын ажлын байраар хангасан. Харин үлдсэн 50 хувь нь ажилтай болоогүй байна.
 
 
Учир нь өнөөдөр хичнээн ажлын байраар хангах гэж хичээгээд байгаа ч хэт бэлэнчлэх сэтгэлгээнээсээ болоод залуус ажил хийхгүйбайна шүү дээ. Ялангуяа эрэгтэй хүмүүс ажилд орохдоо хойрго байгаа бол эмэгтэйчүүд эсэргээрээ түр ажлын байранд ч хамаагүй зуучлуулахыг хүсч байна.
 
 
Одоогийн сурагчдын сонирхдог багш, нийгмийн ажилтан, нягтлан бодогч, хуульч, эмч, сувилагч гэх зэрэг мэргэжлүүд манай аймагт илүүдэлтэй байгаа. Манайх МСҮТ-тэй хамтраад нийгэмд давамгайлж байгаа ажил мэргэжлийг нэрлэсэн.
 
 
Үүнд хөдөө аж ахуйн мэргэжилтэн, барилгын салбарын мэрэгжилтэн, авто зам, дээрээ болон хувийн хэвшилд авто засварчин гэх мэт 12 мэргэжлийн чиглэл аймагт түлхүү эрэлттэй байна. Үүнээс гадна манайд нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд дутагдалтай байна.
 
 
Жишээ нь эмнэлэгт гэхэд тоног төхөөрөмжийн операторчин гэх мэт. Тиймээс залуус хөдөө аж ахуйн, барилгын салбар, боловсруулах үйлдвэрийн салбаруудад МСҮТ-ийн сургалтаар дамжуулан нарийн мэргэжил эзэмших хэрэгтэй.
 
 
- Мэргэжилтэн ба мэргэшсэн ажилтан хоёрын ялгаа, онцлог нь юу байдаг юм бэ? Нийгэмд аль нь илүү эрэлт хэрэгцээтэй байгаа гэж бодож байна вэ?
 
- Мэргэжилтэн гэдэг нь анхан шатны ажил үйлчилгээ хийж байгаа хүнийг хэлнэ. Харин мэргэшсэн ажилтан гэдгийг ажлаа мэддэг, туршлагатай, ур чадвартай холбоотойгоор ойлгож болно. Яг ажлын талбар дээр мэргэшсэн ажилтан нь илүү эрэлт хэрэгцээтэй байгаа гэж бодож байна.
 
 
Энэ ч утгаараа Хөдөлмөрийн яам ажиллах хүч бэлтгэх асуудалд анхаарч, МСҮТ-үүдийн сургалтын орчныг сайжруулж,  түүнд тулгуурлан чадварлаг ажилтан бэлтгэх зорилгоор ажиллаж байна.
 
 
- Ажилгүй залуучууд гэхээсээ илүү одоо мэргэжлээ сонгох гэж байгаа сурагчдад та юу гэж зөвлөх вэ?
 
- Их дээд сургууль төгссөн хүмүүсээс жилд 35-45 мянган төгсөгч ажлын талбар дээр гардаг. Үүнээс 10 хүрэхгүй хувь нь тухайн ондоо ажилд ордог, мэргэжлээрээ ажилладаг, үлдсэн нь эргээд худалдагч, барилгын туслах ажилчин хийдэг гэсэн тоон үзүүлэлт байдаг л даа.
 
 
Тэгэхээр эдгээр залуусыг ЕБС-ийг төгсөх үеэс нь эхэлж, МСҮТөвүүдээр суралцуулж, улсын хэмжээнд шууд ажлын байранд гаргах бодлого барьж байгаа. Гэхдээ бид тухайн сурагчийн сонирхлыг үл хүндэтгэж, МСҮТ-д суралц гэж албадах эрх байхгүй.
 
 
Хамгийн чухал нь сурагчид МСҮТөв гэдгийг хуучных шиг заавал толгой муутай нь тэнд суралцдаг гэсэн сэтгэлгээг халж, зөв ойлголтыг авах хэрэгтэй. ЕБСургуулийг төгс ч байгаа хүүхэд, залуучуудад хандаж хэлэхэд хүн ажлыг голно уу гэхээс ажил хүнийг голно гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл сайхан, муухай мэргэжил. гэхээс илүү сайн муу сонголт байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
 
Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин