АНКАРА. /BBC/. Туркийг 20 жил удирдсан Режеп Тайип Эрдоган ээлжит сонгуульд төвөггүйхэн ялж, улс орноо дахин таван жил удирдахаар боллоо. Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад Эрдоган сөрөг хүчнээс нэр дэвшигч Кемаль Кылычдароглугаас хоёр саяар илүү санал авчээ.
Санал хураалт, санал тоолох ажлыг зохион байгуулахтай холбоотой ноцтой гомдол гараагүй хэдий ч Турк улсад сонгуулийн хороо, шүүх нь ерөнхийлөгчийн хяналтад байдаг, үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал, нэртэй сөрөг хүчнийхэн шоронд сууж байгаа эсвэл шүүхээр явж байгаа тул сөрөг хүчнийхэн сонгуулийг чөлөөт сонгууль болсон гэж үзэхгүй байгаа аж.
Хоёр долоо хоногийн өмнө болсон эхний шатны санал хураалтад ялахад Эрдоганд санал дутсан бол хоёр дахь шатны сонгуулиар 52 гаруй хувийн санал авчээ.
Эрх чөлөө хумигдсан, хоёрдугаар сард болсон сүйтгэлт газар хөдлөлт, удаан үргэлжилсэн эдийн засгийн хямралын үеэр илэрсэн төрийн удирдлагын алдаа дутагдал зэргээс шалтгаалан сонгогчид уламжлалт нэр дэвшигчээс татгалзаж, өөрчлөлтийг дэмжинэ гэж сөрөг хүчин найдаж байв. Гэсэн хэдий ч хоёр хуваагдсан тус улсад ардчилсан, шашингүй, Европ чиг баримжаатай Туркийг үгүйлдэг хотын оршин суугчид бус харин нийгмийн амьдралыг исламжуулах явц, авторитаризм, цэргийн хүч, дэлхий дахин дахь нөлөөллийг бэхжүүлэхэд чиглэсэн консерватив бодлогыг нь дэмждэг Эрдоганы гол сонгогчид төвлөрсөн бүс нутгийнхан түүнийг ялалтад хүргэжээ.
Өдгөө 69 настай Режеп Тайип Эрдоган Турк орны 20 жил удирдахдаа шинэчлэгч ерөнхий сайдаас автократ ерөнхийлөгч болж, Туркийг Европын зах хязгаарт орших шашин, төр хоёр нь ангид чинээлэг бус ардчилсан орноос бүс нутгийн исламын гүрэн болгон өөрчилжээ.
Ардчилалаас автократ дэглэм рүү
2003 онд Ерөнхий сайд болсон даруйдаа Эрдоган парламентын засаглалтай тус улсыг ерөнхийлөгчийн засаглалтай болгох хөрс суурийг бэлдэж эхэлсэн юм. Тэрбээр 2010 онд Ерөнхийлөгчийг парламентаас бус ард түмэн сонгодог байх нөхцөлийг бүрдүүлж, улмаар 2014 онд Ерөнхий сайдын гурав дахь бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа Ерөнхийлөгч болжээ. 2017 онд тэрбээр бүх нийтийн санал асуулга явуулж, Ерөнхий сайдын эрх мэдлийг хумьж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг дээд зэргээр нэмэгдүүлсэн юм. Жилийн дараа Эрдоган дахин сонгогдож, үндсэндээ Туркийг цор ганцаар удирдах болов.
Парламентын ардчиллын хяналт, тэнцвэрийн тогтолцоо алдагдаж, Турк автократ улс болжээ. Засгийн газар, сонгуулийн хороо, шүүх, цагдаа, арми нь ерөнхийлөгчийн хяналтад оров. Эрх мэдлийг ийнхүү төвлөрүүлсэн нь Туркийн курдүүд, кипрүүдтэй эвлэрэх итгэл найдварыг үгүй хийсэн бол ЕХ-ны гишүүн болох алс холын мөрөөдөл бүрмөсөн сарнижээ.
Шашин, төр нь ангид улсаас исламын орон руу
Эрдоган шашин, төр нь ангид улсыг хүлээн авсан ч засаглалынхаа хоёр дахь арван жилд Туркийг лалын шашин нийгэм, төрийн амьдралын гол цөм болсон улс болгожээ. Түүний үед сургууль, ажил дээрээ толгойн алчуур, гивлүүр зүүх хоригийн цуцалсан боловч Эрдоган Истанбулын алдарт Гэгээн Софиягийн цогчин дуганын музейг Айя-София сүм болгон Орчин үеийн Турк улсыг үндэслэгч эцэг гэгддэг Мустафа Кемаль Ататюркийн ухаалаг шийдвэрийг хүчингүй болгожээ. Шашин, төрийг ангид байлгах зарчим аажмаар орхигдов.
Эрдоганы үзэл бодол нийгэм, улс төрийн амьдралын нэг хэсэг болон тогтов. Ерөнхийлөгчийн бүх үзэл бодол хараахан хуулиар албан ёсны болоогүй ч чиглэлийг тодорхойлж өгчээ. Тэрбээр феминистуудыг гутаан доромжилж, хүйсийн тэгш байдлыг үгүйсгэж, гэр бүлдээ үнэнч бус байдлыг гэмт хэрэгт тооцохыг санал болгож, бүх мусульманчуудыг гэр бүл төлөвлөлтөөс татгалзахыг уриалж байв.
Тархай бутархай нийгмээс хуваагдмал нийгэм рүү
Эрдоганы дүр төрх, бодлого түүний дэмжигчдийг л нэтгэснээс улс үндэстнээ нэгтгээгүй юм. 20 жилийн өмнө Туркийн нийгэм тархай бутархай, олон дуу хоолойтой байсан бол одоо ерөнхийлөгчийг болон түүний үзэл бодлыг дэмжигчид ба эсэргүүцэгчид гэсэн хоёр том бүлэг болон хуваагджээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам түүний нам хэт барууны үзэлт лалын шашинтнууд, үндсэрхэг үзэлтнүүдтэй илүү ойр болжээ. Курдүүд, алавитууд зэрэг иргэний төрийг дэмжигчид эцэстээ Эрдоганы эвлэршгүй дотоодын дайснууд болов. Учир нь тэд нэг л өдөр зөвхөн тэдний ашиг сонирхол төдийгүй амь нас нь аюулд орох Исламын султант улсад сэрэхийг хүсээгүй юм.
Амьдрал сайжирсан боловч дараа нь буцаад дордов
Эрдоганыг засгийн эрх барьсан 20 жилд Туркийн ард иргэдийн аж амьдрал эрс дээшилжээ. Эхний 10 жил улс орны эдийн засаг жилд 8 хувиар өсөж, нэг хүнд ногдох үндэсний баялаг бараг гурав дахин өсөж, 2003 онд 4 700 ам.доллар байсан бол 2013 онд 12 500 ам.доллар болжээ.
Энэ бүхэн либерал эдийн засгийн бодлого, Европтой интеграцчлагдах явцын ачаар өрнөсөн юм. Гаднынхан Туркт хөрөнгө оруулахдаа баяртай байсан бол Эрдоган дэд бүтцийн томоохон төслүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг харамласангүй.
Гэвч хоёр дахь арван жилд өсөлт хоёр дахин удааширч, нэг хүнд ногдох ДНБ өсөхөө больж, тэр ч байтугай буурч, үнэ 2001 оноос хойш байгаагүй хурдацтай буюу жилд 60 гаруй хувиар өсөж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хэд хэдэн удаа унав.
Эрдоганы эдийн засгийн зоримог туршилтын үр дагавар ард иргэдэд мэдрэгдэх болов. Бүх байгууллагыг эрхшээлдээ оруулсны дараа тэрбээр Төв банкны зээлийн бодлогод хөндлөнгөөс оролцож эхэлжээ. Үүнээс үүдэн хямрал үргэлжилж, амьжиргааны түвшин унасан байна. Эрдоган дэлхийн эдийн засагчдаас илүү ухаантай гэдгээ баталж чадах уу, үгүй юу гэдэг нь нээлттэй асуулт хэвээр байна. Гэсэн хэдий ч Эрдоганы үед гарсан Туркийн эдийн засгийн хөгжлийн 20 жилийн үр дүн нэлээд эерэг байна. Ард түмэн илүү сайхан, баян чинээлэг амьдарч эхэлсэн бөгөөд эдийн засгийн гол салбарууд болох эрчим хүч, аялал жуулчлал, тээвэр, аж үйлдвэр тогтвортой эсвэл хурдацтай хөгжсөн юм.
Туркийн нөлөө дэлхий дахинд нэмэгдэв
Одоогоос хорин жилийн өмнө Турк улс нам жим орон байсан бол бүс нутагт гол үүргийг АНУ гүйцэтгэж байв. Эрдоганыг 2003 оны гуравдугаар сард Ерөнхий сайдын албан тушаалыг авснаас долоо хоногийн дараа АНУ Ирак руу довтолсон юм. "Арабын хавар", Сирийн дайн өрнөсөн хорин жилийн дараа АНУ Ойрх Дорнодыг үндсэндээ орхиж, харин Эрдоган Туркийг Иран, Орос, Персийн булангийн орнуудын хамт бүс нутгийн гол тоглогчдын нэг болгохын тулд энэ нөхцөл байдлыг ашиглажээ.
Исламын ертөнцөд нөлөөгөө улам бэхжүүлэхийн зэрэгцээ Эрдоган Туркийг Европын орлуулшгүй түнш болгон хувиргав. Тэрбээр Сириэс Европын Холбоо /ЕХ/ руу дүрвэгсдийн урсгалыг хааж, ЕХ-ны олон тэрбум еврогоор олон сая сиричүүдийг Туркт байрлуулсан юм. Мөн өнгөрсөн жил Украин, Оросын хооронд үр тарианы асуудлаар гэрээ байгуулахад гол зуучлагч болсон билээ. Хорин жилийн өмнө Турк улс ерөнхийдөө Өрнөдийнхний хөрөнгө мөнгөөр өсөж өндийж байсан бол одоо тэдний ивээл тусламжид найдах шаардлагагүй болжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Хэт нэг талыг барьжээ. Ерөөсөө Турк улс энэ хугацаанд тэр аяараа балран доройтсон гэж л хэлэх гээд байна аа даа? Орчин цагийн сэтгүүлзүй ч гэж дээ. хөөрхий!
Эрдагон чинь 21 р зууны султаан шүү дэ ! Сонгууль явуулдаг оролцдог султаан хаан юм ! Бусад ёрөнхийлөгч нар дуурайх гээд чадахгүй байгаа юм ! Хүүк энэ султаанаас юм сур !
Туркийн түүхэн үүрэг бол Түрэг үндэтснүүдийг доорд ү.здэг Орос слаб Армен Грузинүүдтэй түүхэн уламжлалаараа тэмцэж
Туркийн түүхэн үүрэг бол Ази Түрэгүүдийг доорд үздэг Орос слав Армен Грузинуудтай тэмцэх тэмцлийг толгойлох.Татар Удмурт Башкир Кабардин Казах Узбек Киргыз Калмык бүгд Орос Украйн Грузин Арменчуудаас дутахгүй хүмүүс.