sonin.mn
Өчигдөр Улсын Дээд Шүүх албан ёсоор мэдэгдэл хийн, "Улс төрийн намын бүртгэл хөтлөх үйл ажиллагаатай холбоотойгоор тодорхой улс төрийн намын үүсгэн байгуулагч, сонирхогч бусад этгээдүүд өөрийн хүссэн шийдвэрээ Улсын дээд шүүхээр  гаргуулах зорилгоор олон нийтийг турхирах, тус шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх оролдлого хийж, “шүүгчдийг олноороо гэмт хэрэгт холбогдсон” мэтээр үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан удаа дараа тарааж байна. Тухайлбал, Иргэдийн оролцооны нэгдэл намыг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Ардчилсан намын дарга, мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан С.Эрдэнэ нар ийм агуулгатай мэдээлэл хийж байгаа нь төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан “төрийн түшээд”-ийн  хувьд ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.
 
Улсын дээд шүүхийн шүүгчдийн  талаарх энэхүү худал мэдээлэл нь жилд нэг зуун мянган хэрэг маргаан шийдвэрлэж, иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийх, хууль ёсны шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэрийн үр нөлөөг бууруулах, төрийн үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирсан шинжтэй явуургүй, бусармаг, хорон үйл ажиллагаа болно.
 
Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн дээд байгууллага болох Улсын дээд шүүх, шүүгчдийн албаны нэр хүндэд ноцтой халдаж, гүтгэлэг тарааж буй этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэх, Улсын дээд шүүхийн шүүгчидтэй  холбоотой “олноороо хүнд гэмт хэрэгт холбогдсон эсэх” талаар бодит мэдээллийг эрх бүхий байгууллагууд болох УЕПГ, АТГ, ЦЕГ-аас авч олон нийтэд мэдээлэх талаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, холбогдох байгууллагуудад хандаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх асуудлаар Улсын дээд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хандах болсныг үүгээр мэдэгдэж байна" гэв.
 
Мөн Захиргааны Хэргийн Шүүх, АТГ ч С.Эрдэнийн дагалдагчдын өгсөн гомдолд тэдний хүссэн хариуг өгөхгүй нь бололтой.
 
Товчхондоо бол МАН-ынхан С.Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль, УИХ-ын хоёр тойргийн нөхөн сонгуульд ашиглаад дууссан тул одоо ийн хаяж байгаа нь маш тодорхой болж байна.
 
 
Өөрөөр хэлбэл АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн шийдвэр эцсийнх бөгөөд өөрчлөгдөхгүй. Үүнтэй зэрэгцэн С.Эрдэнийг тойрон хүрээлэгчдийн дийлэнхи нь түүнийг чимээгүй орхих болжээ. Тодруулбал АН-ын зарим анхдагчид ба нэр бүхий залуучууд "Бид албан ёсны тамга, бүртгэл нь байсан учраас л энэ талд явсан. Түүнээс С.Эрдэнийг дэмждэгтээ ч биш өнгөрсөн хугацаанд олны хэл амны бай болж явсан юм биш. Одоо нэгэнт Л.Гантөмөр АН-ын албан ёсны болон эцэслэгдэж буй бол намынхаа шийдвэрийг л дагана" гэх тайлбартайгаар Л.Гантөмөрийн багийнхантай уулзаж эхэлсэн байна. Эх сурвалжийн өгүүлж буйгаар С.Эрдэнийн талд 10 хүрэхтэй үгүйтэй л АН-ын гишүүн үлдсэн гэнэ.
 
С.Сарнай