sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын эхээр хүчтэй газар хөдлөлтөд өртсөн зүүн бүс нутгаа сэргээн босгохоо мягмар гарагт амлажээ.
 
“Барилгын нурангийг бүрэн зайлуулж цэвэрлэсний дараа сэргээн босгох ажлыг эхлүүлнэ” гэж Р.Эрдоган газар хөдлөлтийн голомт Кахраманмарас мужийн Эльбистан дүүрэгт очих үеэрээ мэдэгдсэн байна. Ойрын саруудад 309 мянган байшинг барих ажлыг эхлүүлнэ хэмээн тэрбээр хэлжээ.
 
Хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд Адана, Адияман, Диярбакыр, Элазиг, Хатай, Газиантеп, Кахраманмарас, Килис, Малатья, Османие, Шанлыурфа зэрэг 11 муж өртсөн бөгөөд Туркийн зүүн нутаг, Сирийн баруун хойд нутгийн олон сая оршин суугч нэрвэгдсэн юм.
 
Эрдэмтэд уг гамшгийг “байгалийн онцгой үзэгдэл” гэж тодорхойлж байгааг Р.Эрдоган дахин онцлон хэлсэн байна. “Бид байгалийн гамшигт өртсөн муж, дүүрэг, тосгодыг сэргээн босгоод зогсохгүй ижил аюул нүүрлэж байгаа бусад нутаг дэвсгэрт холбогдох ажлуудыг хийнэ” гэж тэрбээр хэллээ.
 
Ерөнхийлөгч мөн газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжлэн мэдрэгдсээр байгааг олон нийтэд анхааруулаад, нурсан барилгаас болгоомжлохыг уриалжээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг