sonin.mn
АН-ын ҮБХ-ны гишүүн, АН-ын Сурталчилгаа, хэвлэл мэдээллийн газрын дарга О.Батхандтай ярилцлаа.
 
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан “Тролл”-ын гэгдэх хуулинд Ерөнхийлөгч хориг тавьсан ч санаа амарч болохгүй. Иргэд, сэтгүүлчид сошиал сүлжээнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, ажил үүргээ гүйцэтгэх үедээ, ялангуяа эрх баригчдын талаар бичиж, нийтлэх болвол “главлит”, цензурт өртөх эрсдэлтэй болоод байна. Тухайн асуудлаар АН УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын агуулгыг тодруулбал?
 
УИХ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэсэн гоё нэртэй хуулийг баталсан. Үнэхээр хүний эрхийг хамгаалдаг бол их гоё нэртэй хууль. Гэтэл ачир дээрээ олон нийтийн сүлжээнд хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх мэдээлэл олж авах эрхийг нь боомилж байгаа хууль. Тийм учраас УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарт АН-ын зүгээс 2-р сарын 1-ний өдөр шаардлага хүргүүлсэн. Учир нь 1 сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэхүү хуульд бүхэлд нь хориг тавьсан. Бүхэлд нь хориг тавьсан гэдэг нь тухайн хууль болон дагалдаж батлагдсан бүх хуульд хориг тавьсан гэсэн үг. Ингэснээр УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45.6-д заасны дагуу энэхүү хоригийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр 14 хоногийн дотор авч хэлэлцэнэ. Чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр нь хоригийг хүлээж авсан тохиолдолд энэхүү хуулийн үйлчлэл бүрэн зогсдог. Тэгэхээр Ерөнхийлөгч хориг тавьснаар  иргэн таны хэн нэгнийг шүүмжлэх эрх үлдлээ гэсэн үг биш. Одоо УИХ-ын гишүүд болон чуулганы хуралдааныг иргэд бид харах ёстой. Харин УИХ-ын гишүүд нийгмийн мэдрэмжтэй байж, ард түмнээс сонгогдсон, ард түмнийг төрд төлөөлж байгаа төлөөлөл гэдгээ ойлгох хэрэгтэй. Ингэж ойлгосоны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагатай. Олон нийтийн сүлжээнд, цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай гээд байгаа энэ хууль нь өөрөө хүний заяамал эрх болох үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, цаашлаад мэдээлэл олж авах эрхийг нь боомилж байгаа юм.
 
Хуулиараа бол энэ заяамал эрхийг ямар тохиолдолд хязгаарладаг вэ гэвэл нэгдүгээрт, шүүхээс гэм буруутай нь тогтоогдоод ял эдэлж буй бол, хоёрдугаарт, улс орон даяар онц байдал зарлаад ҮАБ-ын зөвлөмж гарсан тохиолдолд мэдээллийг нэг сувгаар хүргэдэг. Бусад тохиолдолд, ардчилсан нийгэмд иргэдийн эдгээр эрхэнд ямар ч тохиолдолд халдах ёсгүй. Зүйрлэж хэлбэл, зөвшөөрлийн гэдэг нэрээр талбай дээр жагсах эрхийг сааруулдаг, хориглодог. Зөрчлийн гэдэг айхтар хуулиар өнөөдөр үг хэлсэн иргэдийг хоёр сая төгрөгнөөс эхэлж торгодог. Одоо цахим орчинд таны эрхийг хамгаалах гэж байна гэдэг энэ сайхан нэрээр та бидний бичих эрхийг боомилох гэж байна. Ер нь нийтийн албанд байгаа улс төрчид ард түмнийхээ үгийг сонсох, буруу үйлдэл хийсэн бол шүүмжлүүлэх ёстой.
 
Яагаад шүүмжлүүлэхээс айх ёстой гэж. Магадгүй энэ ярилцлагын доор хэн нэгэн  сэтгэгдэл бичиж, намайг шүүмжилнэ.
 
Шүүмж, магтаал хоёр нийлж байж сав дүүрдэг. Иргэдийн шүүмжээр улс төрчид хурцлагдах ёстой. Тиймээс иргэдийн шүүмжлэх эрхийг нь үлдээгээч ээ гэж АН-ын зүгээс үзэж байгаа юм. 
 
Зөвхөн УИХ-ын гишүүн Н.Учрал ч гэлтгүй энэхүү хуулийг батлахад кноп дарсан УИХ-ын 39 гишүүн бас иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрхэд халдсан гэж үзэх үү?
 
Мэдээж, тэгэлгүй яахав. 1 сарын 20-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд нийт 51 гишүүн ирц бүртгүүлэн оролцсон. Үүнээс 39 гишүүн энэхүү хуулийг дэмжсэн. 12 гишүүн татгалзсан байдаг. Тэгэхээр эдгээр 39 гишүүд ээ, та нар 1 сарын 20-ны өдөр дэмжих товч дарсан бол 3 дугаар сард УИХ-ын хаврын чуулган эхлэхэд ард түмэндээ заяамал эрхийг нь үлдээж, хоригийг хүлээн авах товч дараарай гэж АН-ын зүгээс уриалж байна. 
 
УИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхийлөгчийг энэхүү хуульд хориг тавьсны дараа “Энэ хуулийг батлуулах цаг нь болоогүй байж” гэх утгатай зүйл хэлсэн. Түүний хэлснийг та юу гэж ойлгож байна?
 
Мөн Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэж байна, гэхдээ өөрийн үзэл баримтлалаасаа ухрахгүй гэж хэлсэн байсан. Цаг нь болоогүй гэдгийг магадгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэл хийхдээ энэхүү хуулийг дахин сайжруулах шаардлагатай гэж хэлсэн. Ер нь бол ард иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх рүү халдах гэж байгаа бол ард иргэдээр өөрсдөөр нь хэлэлцүүлэх хэрэгтэй. Санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулинд юу гэж заасан байна гэхээр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх бол Монгол хүний үндсэн эрх гэж заасан байдаг. Тэгэхээр хүний эрх рүү огт халдаж болохгүй. 
 
Д.Ганбат гэж бас нэг АН-ын дарга гараад ирлээ. Улсын Дээд шүүх дээр АН-ын хоёр даргын материал оччихлоо шүү дээ?
 
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт хүргүүлсэн байсан. Мөн 1 сарын 31-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын даргад бүртгүүлэхээр бас хүсэлт өгчихлөө. Улсын Дээд шүүх бол бүртгэлийн субьект. Намын бүртгэл хийдэг субьект. Хамгийн тод жишээ хэлье. АН-ын дарга гэдэг бол АН-ын анхан шатны нэгжийн гишүүд бүрээс санал авч байж, сонгогддог учиртай. АН 200 мянган гишүүнтэй.
 
 
Эдгээр гишүүдийн 117 мянган гишүүнийх нь санал авч сонгогдсон намын дарга бол Х.Баттулга.
 
Үүний дараа бид Улсын Дээд шүүхэд 55 боть, 9700 хуудас материал хүргүүлж байсан. АН 21 аймаг 330 суманд нэгж төлөөлөлтэй. Тогтмол, хэвийн үйл ажиллагаа явуулдаг улс төрийн хүчин. Тэгэхээр энэ 55 боть, 9700 хуудас материал маань өөрөө материалын иж бүрдлийг бүрэн хангасан байсан. Тухайн үед Улсын Дээд шүүх, магадгүй өөрийнхөө эрх үүргийн хүрээнд бүртгэл хийдэг байгууллага гэдгээ огоорч АН-ын даргыг сонгох субьект мэт аашилсан. Тийм учраас ийм шударга бус Улсын Дээд шүүхээр АН-ын даргыг бид бүртгүүлэхгүй гээд бүх материалаа эргүүлэн татсан. Хүсэлтээ эргүүлэн татсан. Тэгэхээр одоо бас АН-ын дарга хэмээн хоёр хүний материалыг явуулаад байна. Бүртгэх, бүртгэхгүй байх эсэх нь Улсын Дээд шүүхийн эрх хэмжээний асуудал. Гэхдээ материалын иж бүрдэл бүрэн хангагдсан байна уу эсэхийг мэдэхгүй.Улсын Дээд Шүүхийн нийт гишүүдийн хуралдааныг зарлах процессын хуулийн хугацаа нь 27-51 хоног үргэлжилдэг. 
 
АН-ын хуваагдал, дотоод асуудалд Орос улс, түүний Монгол дахь гар хөл оролцож байна гэж АН-ын дарга С.Эрдэнэ хэлсэн. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
 
(Инээв. сур) Монгол Улс геополитикийн хувьд ОХУ болон БНХАУ гэсэн дэлхийн хэмжээний хоёр том мөнхийн хөрштэй. Хоёр хөрш маань дэлхийн бодлогыг чиглүүлэгч гол тоглогчид. АН-ын хувьд олон улсын болон хоёр хөршийн харилцаандаа туйлын мэдрэмжтэй ханддаг. Тиймээс ч хоёр хөрш рүүгээ ямарваа нэг хэлбэрээр дайралтыг огт хийдэггүй. Хоёр хөрштэйгээ явуулж буй дипломат, найрсаг, иж бүрэн стратегийн харилцаандаа АН хүндэтгэлтэй ханддаг. С.Эрдэнэ даргын хэлсэн энэхүү үг бол өөрийнх нь хувь хүний л бодол. АН-ын нийт гишүүдийн болон АН-ын байр суурь гэж харахгүй байна. 
 
Ярилцсан Ч.Явуухүү