ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Хосе хотод төвтэй цахим төлбөр тооцооны “Paypal” компани “макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан” 2000 ажилтнаа буюу нийт ажиллах хүчнийхээ 7 орчим хувийг цомхотгохоор болжээ. “Paypal” цомхотголоо хүндрэлтэй нөхцөл байдалд илүүтэй өртөж буй компаниудаас ойрын долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус компани нь “Venmo”, “Xoom”, “Honey” зэрэг олон компанийг эзэмшдэг.
Технологийн компаниуд эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ажиллах хүчээ цомхотгох болоод байгаа бөгөөд нэгдүгээр сард л гэхэд “Google”, “Microsoft”, “Salesforce” зэрэг томоохон компаниуд олон арван мянган ажилтнаа цомхотгохоо мэдэгдсэн юм.
Өнгөрсөн зун “Elliott Management” хөрөнгө оруулалтын фирм “Paypal” компанийн ойролцоогоор 2 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хувьцааг худалдаж авсан бөгөөд мэдээлэл солилцох гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.
“PayPal” компанийн гүйцэтгэх захирал Дэн Шульман мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид макро эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасны зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсэн.
Мөн зардлынхаа бүтцийг зөв зохистой болгох, нөөц бололцоогоо стратегийн үндсэн тэргүүлэх чиглэлдээ төвлөрүүлсэн ч цаашид хийж гүйцэтгэх ажил их байна” гэдгийг онцолжээ. “Paypal” компани хоёрдугаар сарын 9-нд улирлын тайлангаа танилцуулахаар товлоод байгаа юм. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн онд 53 орчим хувиар унасан бол мягмар гарагт 2.3 хувиар өсөж, 81.49 ам.долларт хүрсэн байна.
Д. Амартуяа Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(1)
Трампын үед америкийн эдийн засаг өсч ажлын байр нэмэгдэж ажилгүйдэл буурч байсан. Харин ардчилсан намын засгийн үед америкийн олон компаниуд ээлж ээлжээр ажилчдаа цомхотгож, олон зуун мянган хүмүүсийг ажилгүй орлогогүй болгож байна. Америкийн хуурамч ардчилалд нүдээ сохолсон харанхуй хүмүүс яана даа.