sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. Иранд өгсөн цохилтуудад АНУ-ын цэргүүд оролцоогүй гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдер мэдэгджээ.  Тэрбээр Ираны Исфахан хот дахь зэвсгийн үйлдвэр лүү нисгэгчгүй нисэх онгоцууд халдсантай холбогдуулан ийм мэдэгдэл хийсэн байна. 
 
“Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, П.Райдер өөр дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байна. Исфаханд болсон уг үйл явдалд АНУ оролцоогүй гэж нэрээ нууцалсан, Америкийн өөр хэд хэдэн албан тушаалтан мөн мэдэгдсэн тус агегтлаг мэдээлжээ. 
 
Ираны төвийн нутагт оршдог Исфахан хотод хүчтэй дэлбэрэлт болсон тухай "IRNA" агентлаг ням гарагт шилжих шөнө мэдээлсэн байна. Энэ талаар Ираны Батлан хамгаалахын яам мэдэгдэхдээ, өнгөрсөн бямба гарагт тус яамны төвүүдийн нэг рүү нисгэгчгүй нисэх онгоцууд ашиглан халдлага үйлдсэн бөгөөд халдлага амжилтгүй болсон гэжээ. Халдлагын улмаас хүний амь эрсдээгүй байна. Дронуудын нэгийг агаарын довтолгооноос хамгаалах систем амдан устгасан бол, хоёр нь “хамгаалалтын занганд” орж унаж, дэлбэрчээ. Уг мэдэгдэлд халдлагад хэн оролцсон гэж үзэж байгаа талаар тодорхой дурдаагүй байна. 
 
 
Халдлагын ард АНУ байж магадгүй тухай “Al Arabiya”, “Al Hadath” телевизийн сувгууд эх сурвалжуудаасаа эш татан мэдээлсэн байна. Уг халдлагыг АНУ-ын Агаарын цэргийн хүчин болон “өөр нэг улс” үйлдсэн гэж “Al Arabiya” суваг мэдээлсэн бол “Al Hadath” телевизээр халдлагын зорилго нь "баллистик пуужингийн үйлдвэрлэл, экспортод” АНУ саад хийхэд бэлэн байгааг “Иран, Орост харуулах" явдал байсан гэж америк эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ. 
 
 
Харин “The Wall Street Journal” сонин Исфахан дахь халдлагын ард Израил байгаа гэж Америкийн албаны хүмүүс болон нэрээ нууцалсан бусад албан тушаалтныг эх сурвалжаа болгон мэдээлсэн байна. Иран улс Оростой батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зэргээр "байдлыг тогтворгүйжүүлэх" алхам хийж байгааг сөрөн зогсох асуудлыг Израил, Америкийн төлөөлөгчид хэлэлцэж байгаа үед дээрх халдлага болсон юм. Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян уг халдлагыг хулчгар үйлдэл гэж мэдэгдээд цэргийн байгууламжууд руу нь халдсан нь энхийн зорилгоор ашиглах цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхэд саад болохгүй гэжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг