sonin.mn
Евгений Трифонов:  “Хэдий тийм ч гэсэн..." гэх увайгүй мөчөөрхөл
 
(МАХН-ын Х их хуралд Чойбалсангийн тавьсан илтгэлд зориулсан шүүмж)
 
1940 он гэхэд бүх эрх мэдлийг албан ёсоор өөртөө төвлөрүүлсэн Чойбалсан социализмын үндэс Монгол оронд тавигдлаа гэж зарлав. Энэ бол уламжлалт нийгмийг устгасан, феодлын “бузар булай” болон шашины “мунхруулах сурталаас” салж “цэвэршсэн” хүн ам нь марксист туршилт эхлэхэд бүрэн дайчлагдсан гэсэн үг байсан юм. Улс орон нь ийм цар далайцтай өөрчлөлтийг даван туулсан хорин жилийн үе шатны үр дүнг нэгтгэн дүгнэсэн хэрэг.
 
Аллага хядлага хэлмэгдүүлэлт, соёлын сүйтгэл, огт гэм буруугүй хүмүүсийн зовлон зүдгүүр, оюуны үнэт зүйлсийн устгал зэргийг яриад эхэлмэц Зөвлөлт засгийг (бас Монголын Ардын засгийг) өмөөрөгчид “Хэдий тийм ч гэсэн…” хэмээн сөргүүлэн тайлбарлах дуртай. “Хэдий тийм ч гэсэн бид сансарт пуужин хөөргөсөн, Енисэй мөрнийг боож станц барьсан…”. Сталин зандалчин, алуурчин байсан шүү дээ… “Хэдий тийм ч гэсэн дайнд ялсан…”
 
Хүмүүсийг, соёлын, оюуны өвийг хүнлэг бусаар егүүтгэн сүйтгэснийг тайлбарлаж болох ч (юутай ч гэсэн зөвтгөх боломжгүй!) ямар гээчийн “хэдий тийм ч гэсэн…” Монголд байсан бэ? Монголд нийгэм тэр аяараа өөрчлөгдсөн, мөн ард түмний нийгмийн бүтцийг зөвлөлт маягаар шинэчлэн давхаргаажуулсан. Урьдын нийгмийн давхаргын (феодал - лам – түшмэд - ардууд) оронд хүчээр цөөлөн хялбаршуулсан бүтэцтэй (түшмэд - ардууд) болгожээ.
 
Монголд орчин үеийн аж үйлдвэрийн газрууд бий болсон нь : Улаанбаатарын аж үйлдвэрийн комбинат (нэхмэл, гутал, суран тоног, арьс ширний гэх мэт үйлдвэр), цахилгаан станц, ноос угаах фабрик, төмрийн завод. Цаашилбал нүүрсний уурхай, алтны уурхай нь үйлдвэрлэлээ өргөтгөсөн, анхны нарийн төмөр зам (Налайхын уурхайгаас Улаанбаатар хүртэл) бий болсон. Хээрийн замаар машинууд давхих боллоо, цөөн трактор Монголын онгон хөрсийг хагалж эхэллээ. Мэдээж энэ бол эдийн засгийн өсөлт. Гэвч үүнийг жам ёсны капиталист хөгжлөөс илүү ирээдүйтэй дэвшил байсан хэмээн мэтгэж болох уу?
 
Нийслэлд театр кино, хөдөөд клуб, нүүдлийн киноажиллаж эхэлсэн. 1939 онд 93 бага сургууль, 12 дунд сургуультай болжээ. Анхны техник мэргэжлийн сургууль байгуулагдсан, бичиг үсэгт тайлагсад 20% болж өссөн (өөрсдийнх нь үгээр 700 мянган хүн амынх нь 100 мянга нь лам байсан энэ оронд 1921 онд бичиг үсэг тайлагдсан хүн ердөө 3-4% байсан гэх). Хүн ам нь орчин үеийн маягийн эмнэлэгийн тусламж бага ч гэсэн авах болжээ. Анхны эмнэлэг, амбалутор бий болсон гэсэн үг. Мэдээж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний цар хүрээ тун хангалтгүй, аль алиных нь чанар туйлын ядмаг. Магадгүй, цорын ганц бодит амжилт нь Монгол ардын хувьсгалт армийг бүрдүүлсэн явдал. Орчин үеийн цэргийн техниктэй, боловсрол бүхий офицерийн бие бүрэлдхүүнтэй. Гэхдээ Монгол ардын хувьсгалт цэрэг нь СССР-ийн улаан армийн туслах хүч маягаар байгуулагдан бий болсон юм.
 
Үндэсний соёлын суурин дээр уламжлалыг орчин үетэй дүйлгэн зохицуулж үр нөлөөтэй дэвшин хөгжихийн үлгэр жишээг тэр үед Япон, Солонгос, Хятад харуулж байсан цаг. Монголчууд бол орчин үеийн үзэл санаа, шинжлэх ухаан, техникийн шинэчлэлийг тусган авах чадвартай ард түмэн. Гэтэл 1920-1940 оны хооронд монгол ахуйг устгасан “ардын” гэх засаг энэ ард түмэнд зөвлөлтийн эдийн засаг, соёл, ахуйн бараг шог зураг гэмээр даржин, хялбарчилсан дуураймал зүйлийг тулган хүлээлгэжээ. Энэ тухайд Зөвлөлтийн өөрийнх нь үлгэр жишээ ч тун дульхан эд байсныг яана!
 
Социализм тус орныг гагнуурын дөлөөр тургих мэт хуйхалжээ. Өнгө алагласан хийдийн оронд газар нутгийг нь балгас туурь бүрхсэн, тэдгээрийн дэргэдүүр битүү хашсан муусайн барак, пин байшин энд тэнд шавааралдуулан босгосон ухаантай. Тэдгээрийн дээгүүр засгийн байгууллагын мөн тийм царай муутай барилга байшин үүрэглэн дүнхийж, хуаран шорон болон социализмын үүрдийн шинжийг илтгэх есөн шидийн агуулах, үйлдвэрийн бүс, зах хязгааргүй хогийн овоолго энэ тэр нэвсийнэ. Монголчуудын дийлэнх нь урьдын адил гэрт амьдрана, гагцхүү эртэн цагт тэдгээрийн дунд чинээлэг, том гэрүүд байдаг байсан бол, 1930-аад оны эцэс гэхэд үндсэндээ навсайж нооройсон жижигхэн гэрүүд үлдсэн. Тал нутагт, урьдын адил мал сүрэг билчинэ, гагцхүү тэдгээрийн тоо эрс цөөрсөн, малын бие жижигрэн давжаарсан. Монголчуудыг үй олноороо өлбөрч үхэх аюулаас зөвхөн 1932 оны Хөвсгөлийн баатарлаг бослого л аварсан. Засгийнхан болон тэдний зөвлөлтийн ивээгчид хамтралжуулалтыг арга буюу зогсооход хүрсэн дээ. Тэгээгүй бол ийм аюулд нэрвэгдсэн өөр нэг нүүдэлчдийн гунигт хувь заяаг монголчууд давтах байсан, - хүн амынхаа тэн хагасыг алдсан хөөрхий хасагуудын хувь заяа!
 
Энэ бүхнийг дэвшил, иргэншил түрэн ирсэн хэрэг гэж үзэж болох уу? Соёл, шашныг сүйтгэсэн, гэмгүй маш олон хүн, хүн амын бүхэл бүтэн бүлгийг устгасны үр дагаварыг эдийн засгийн ямар нэг ололттой харьцуулан үзэхдээ “Хэдий тийм боловч…” гэх увайгүй үг хэрэглэх нь тохирч байна уу?
 
Орчуулсан Баабар