sonin.mn
Сонгуулийн эрх зүйн асуудал нь Үндсэн хуулийн эрх зүйн гол институтийн нэг бөгөөд сонгууль өөрөө төрийн ардчилсан тогтолцоог бүрдүүлэх зөвшөөрөгдсөн гол арга билээ. Миний бие хуульч хүний хувьд амьдралынхаа нэлээд хэсгийг бүр тодруулбал, ухамсарт амьдралаа энд зориулсан гэж үзэж болох юм. М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн хуулийн факультетэд таван жил, сүүлийн хоёр жилд үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшин суралцаж төгсөөд мөн сургуульдаа "Монгол Улсын сонгуулийн тогтолцоо, Үүсэл, хөгжил, боловсронгуй болгох арга зам" сэдвээр докторын зэрэг хамгаалж, хорь шахам жил дээд сургуульд багшилжээ.
 
Сонгуулийн тогтолцооны талаар олон ойлголт, тодорхойлолт байдаг боловч өргөн утгаараа бүтэц, бүрэлдэхүүн хэсэг, институтийн цэгцтэй нийлэмж бүрдэж, өөртөө эрх зүйн хэм хэмжээ, нийгмийн харилцаа, сонгуулийн үр дүнг тодорхойлох арга, сонгууль зохион явуулах журам зэргийг багтаасан ойлголт юм.
Тэгвэл Монгол Улсын сонгуулийн тогтолцоо гэж өргөн утгаараа тус улсын сонгуулийн эрх зүй, суудал хуваарилах арга, иргэдээс шууд сонгогддог Улсын Их Хурал, Еренхийлөгч, Аймаг, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг зохион явуулах журам зэргийг хэлдэг байна.
 
Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо шаардлагын хэмжээнд хүртэл боловсронгуй болж чадаагүйгээс Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг нийслэл, сум, дүүргийн удирдлагын зохион байгуулалт, үйл ажиллагаа Үндсэн хуулийн үзэл  санаанд, олон улсын нийтлэг жишигт бүрэн, дүүрэн нийцэхгүй байна. 
 
Товчхондоо "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн Үндсэн хуулийн заалтыг биелүүлэх боломжийг алдагдуулсан сонгуулийн тогтолцоо Монголд үйлчилж байна. Дээр дурдсан гажуудлыг арилгах гол арга зам бол сонгуулийн тогтолцоог зоригтой шинэчлэх явдал гэж үзэж байна. Миний бие 2003 оноос эхлэн улстөрчдөд хувь тэнцүүлэх (пропорциональ), олонхын саналаар (мажоратор) суудал хуваарилдаг аргын холимог хэлбэрийг санал болгосоор ирсэн боловч олон удаа яригдаад л өнгөрч байв. Улсаа нэг тойрог болгон зохион байгуулж, сонгогч зөвхөн нэг нэр дэвшигчийн төлөө ганц л санал өгдөг сонгуулийн тогтолцоотой болгож өөрчилсөн тохиолдолд бид зөв голдиролдоо орох болно. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны эрх хэмжээ, үүрэг роль, ачаалал нэмэгдэх боловч сонгуулийн автоматжуулсан системд шилжсэн өнөө үед хүндрэл үүсэхгүй байх бүрэн боломжтой. 
 
1.Сонгуульд нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналыг тоолж гаргана. 
 
2.Сонгуулийн метрийг (шаардлагатай дундаж санал) гаргана. Сонгуулийн метрийг гаргахдаа сонгуульд оролцож саналаа өгсөн нийт сонгогчдын тоог УИХ-ын 76 гишүүний суудлын тоонд хувааж гаргана. УИХ-ын 2020 оны сонгуульд 1475780 сонгогч саналаа өгсөн байна. Энэ сонгуулийн метр 19418 болж байна.  
 
3. Намуудаас нэр дэвшигчдийн авсан саналын үр дүнгээр намуудад Улсын Их Хурлын суудал хуваарилна. 
 
4. Сонгогчдын өгсөн саналын тоогоор намын нэр дэвшигчдийн дарааллыг тогтоож өгнө. Мэдээж санал хураахаас өмнө нам нэр дэвшигчдийнхээ дарааллыг тогтоож Монгол Улсын Сонгуулийн Еренхий Хороонд ирүүлнэ. Тухайн намд оногдсон суудалд тэр намаас нэр дэвшигчдийн дараалал ямар байх вэ гэдгийг тогтоохын тулд нэр дэвшигчийн төлөө сонгогчоор санал өгүүлж байгаа билээ. Сонгуулийн пропорциональ тогтолцоотой улсад намын төв байгууллагын монополь эрх их гэсэн шүүмжлэл байдаг. Ийм учраас тухайн намын нэр дэвшигчдийн сонгогдох дарааллыг нам нь биш сонгогч шийдвэрлэж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, сонгогч шийдвэрлэж, Сонгуулийн Ерөнхий Хороо баталгаажуулж байгаа юм. 
 
5. Бие даан нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүнийг Сонгуулийн Ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдоход шаардлагатай дундаж саналаас дээш тооны санал авсан бол сонгогдсонд тооцож шийдвэр гаргана.
 
Пропорциональ тогтолцоог сонгож авсан нөхцөлд бие даасан нэр дэвшигч сонгогдох магадлал багатай хэмээн эмзэглэдэг хүмүүс бий. УИХ- ын гишүүнээр сонгогдоход шаардлагатай дундаж санал 2020 онд 19418 байгаа юм. Хэрэв бие даан нэр дэвшигч үнэхээр нэр хүндтэй улстөрч мөн бол энэ саналыг зовлонгүй авах нь ойлгомжтой.  
 
6. Сонгуулийн босго даваагүй намын нэр дэвшигчийн авсан саналыг суудал авсан намуудад хувь тэнцүүлэн хуваарилна. Пропорциональ тогтолцоотой орнууд парламентад олон жижиг нам оруулах сонирхолгүйн (шаардлага ч үгүй) улмаас тодорхой хувийн босго тавьдаг. Сонгогчдын 3-9 хувийн санал авч байж суудал хуваарилалтад оролцох эрхтэй болох ба түүнийгээ босго гэж нэрлэдэг. Энэ босгыг манай оронд 4-5-аар тогтооход болохоор харагддаг. 
 
7. Тухайн өдрийн байдлаар Улсын Их Хурлын гишүүн болсон 76 гишүүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. 
 
Сонгуулийн тогтолцоог ингэж өөрчилснөөр ямар нааштай үр дүнд хүрч болох вэ?
 
1. Сонгогч бүрийн санал бараг бүгдээрээ УИХ-д орж ирнэ гэсэн үг. Ингэснээрээ УИХ маань сонгогчдын төлөөлөл сайтай болно. Өнөөдөр олон сонгогчийн санал ялагдсан нэр дэвшигчидтэйгээ орхигдож байгаа. Нэг сонгогч нэг санал өгсөн, тэр өгсөн саналыг тухайн нэр дэвшигчийн намд нь өгсөн санал гэж хувь тэнцүүлэн бодож үзвэл санал, гарсан үр дүн хоёр маш хол зөрүүтэй байдаг юм. 
 
2. Санал ойролцоо буюу аль нэг нам нь 39 суудал авч олонх боллоо гэж бодоход нөхөн сонгууль ямар ч хувь заяаг авч ирж, эрх баригч нам хэд дахин солигдож, Засгийн газар төдий хэмжээгээр өөрчлөгдөх магадлал нэн их. Тэгвэл нөхөн сонгууль явагдахгүй. Аль нэгэн улс төрийн хүчин 39 суудал авсан байхад тухайн дөрвөн жилдээ олонх хэвээрээ байх боломж бүрдэнэ. Цаана нь 37 хүн тангараг өргөөд л шууд УИХ-ын гишүүн болох боломжтой. 
 
3. Намын үүрэг роль дээшилж, ингэснээрээ төрийн албан тушаалтны хууль бус болон ёс зүйн алдаа гаргах явдал багасна. Өөрөөр хэлбэл, намын нэр хүндийг унагаж, төрийн албыг цалгардуулж байгаа гишүүдтэйгээ нам хариуцлага тооцох механизм бүрдэнэ гэсэн үг. Намуудын төлөвшил зөв болж сонгогчдынхоо өмнө жинхнээрээ хариуцлага хүлээдэг болно. Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах асуудал түвэггүй шийлаглана шийдэгдэнэ. 
 
4. Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний албыг давхар хашдаг "давхар дээлний" хэл амнаас бүрэн сална. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдсон тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөж жагсаалтын дараагийн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөөд л болчихно. 
 
5. Тойрог тойглосон жалганы үзэл арилж, улсын нийтлэг эрх ашиг яригддаг болно. Ганц хүний хоосон амлалт, популист тоглолт багасч, "эрвэйхээний нүүдэл" арилж, гадаад оронд амьдарч байгаа иргэд сонгуульд саналаа өгөх боломж нэмэгдэнэ.
 
 6.Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд гадаад оронд амьдарч байгаагаас үл хамаарч сонгуульд оролцох боломж бүрдэхээс гадна засаг захиргааны нэгж хооронд шилжих асуудалгүй болно. Асуудалд явцуу эрх ашиг, хувийн сонирхлын үүднээс хандалгүй оновчтой шийдэлд зөвшилцөж хүрэхийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнээс хүсч байна. 
 
Хууль зүйн доктор, профессор Ж.Бямбадорж