сонин mn
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Буанган-ыг шинээр томилогдсонтой нь холбогдуулан өчигдөр (2022.12.07) хүлээн авч уулзлаа.
 
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар томилогдоод удаагүй байгаа ноён Элчин сайдад баяр хүргээд Монгол Улс, АНУ хоорондын харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцаа болохыг тэмдэглэж, энэхүү харилцаа нь стратегийн түншлэлийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл, хууль дээдлэх ёс болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.
 
Ноён Элчин сайд Р.Буанган Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс ардчиллын төлөөх амлалт, ардчилсан институци, ялангуяа үг хэлэх эрх чөлөөг хангасан иргэний үндсэн эрх чөлөөг эрхэмлэдэг улс болохыг онцлов.
 
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд харилцан сонирхсон асуудал, тэр дундаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх  сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн 2020, 2021 онуудад Монгол-Америкийн Стратегийн түншлэлийг бэхжүүлэх тогтоолд АНУ-ын Конгрессын хоёр танхим дэмжиж, баталсанд талархал илэрхийлэв. Тэрбээр  Монгол Улс гуравдагч хөрш АНУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.
 
Элчин сайд Р.Буанган ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.