sonin.mn
НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсон байна. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эгүүлэн татахаар боллоо.
 
Ийнхүү нийгмийн сүлжээний нөлөөлөгч гэх Б.Цэцэгийн удирдсан Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгжийн урсгал зардалд төсөвлөсөн 3.1 тэрбум ирэх онд зарцуулагдахгүй болж байна.
 
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар : “2015 онд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая ам доллароор Сэлбэ голыг тохижуулах, мөн урсцыг нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн гурван байршилд томоохон хэмжээний цөөрөм байгуулах нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэхээс гадна ундны усны нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. 60 сая ам.долларын 95 хувийг БНХАУ-аас гаргах бол үлдсэн таван хувийг нийслэлээс гаргах Засгийн газрын шийдвэр гарсан байдаг.
 
Одоогийн байдлаар тус төсөлд улс, нийслэлийн төсвөөс ямар ч мөнгө зарцуулаагүй. Сэлбэ голын төсөл санхүүжилтгүй болж байгаа учраас төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. 
 
Гэхдээ энэ бол Нийслэлийн Засаг дарга дангаараа шийдэх асуудал биш. Сангийн яам татан буулгах эсэхийг эцэслэн шийднэ” гэв.
 
С.Сарнай