сонин mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Ардчиллын төлөөх II дээд хэмжээний уулзалтыг 2023 оны гуравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд хамтран зохион байгуулна гэж Юн Сок Ёлын ажлын албанаас өнөөдөр мэдээлжээ.
 
Цахим хэлбэрээр болох дээд хэмжээний уулзалтад Нидерланд /Европ/, Замби /Африк/, Коста-Рика /Латин Америк/ зэрэг тив тивийн гурван төлөөлөл оролцоно гэж уг мэдэгдэлд дурдсан байна.
 
“Ирэх онд болох дээд хэмжээний уулзалт нь ардчиллын туршлага, авлигатай тэмцэх хүчин чармайлтаа олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцах замаар улс орны үнэт зүйлд суурилсан дипломат ажиллагааны хүрээг байнга өргөжүүлэн тэлэх боломжийг олгоно хэмээн үзэж байна” гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ. Энэхүү уулзалтаар дэлхий даяар ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах талаар хэлэлцэх ажээ. 2021 оны 12 дугаар сард болсон Ардчиллын төлөөх анхны дээд хэмжээний уулзалтад 110 орчим улс орны удирдагчид оролцсон юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг