sonin.mn
Өнөөдөр /2022.11.03/ Ардчилсан намын ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийв.
 
Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Монгол шиг импортын эдийн засагтай улсад төсвийн алдагдал өндөр байна гэдэг нь шууд тусгаар тогтнолоо эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. МАН-ын Засгийн газар, УИХ 2020 оноос хойш 10 их наяд төгрөгийн төсвийн алдагдлыг бөөгнүүлээд байна.  Монгол Улс 2020 онд 4,5 их наяд төгрөгийн алдагдалтай, 2021 онд 3 их наяд төгрөгийн алдагдалтай, 2022 онд 2,4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байсан. Харин 2023 онд 1,5 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн төсөл боловсруулсан байна. Хэрэв нэг хонь 200.000 төгрөгийн үнэтэй гэж үзвэл 10 их наяд төгрөг гэдэг 50 сая хоньтой тэнцэнэ. 2023 оны 1.5 их наяд төгрөгийн алдагдал нь 7.5 сая хонь.
 
Төсвийн алдагдал авлигал, Дарханы замын хулгай, төсөвт суулгасан олон хөшөө баримал, дарга нарын гадаадад ажиллах томилолт, эрх мэдлээ урвуулан ашиглах, төрийн албыг худалдах, гадаад өр зээл рүү явна гэх мэт зүйлс рүү явна. 
 
Энгийн хүний нүдээр харахад жирийн айл олсон орлогынхоо түвшинд тохируулж амьдарна. Гэтэл бидний орлого ямар байна вэ? Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2020 онд 4,4 хувиар буурсан, 2021 онд 1,6 хувь өссөн, 2022 оны хоёрдугаар улиралд 1,9 хувиар өссөн. Гэвч 2021 оны 1,6 хувийн өсөлт, 2022 оны 1,9 хувийн өсөлт нийлээд өмнөх бууралтыг нөхөхгүй. Тиймээс 2023 оны эдийн засгийн өсөлт бууралттай байна. Монгол Улсад орж ирж буй орлогын 10 төгрөг тутмын найм нь нүүрс, зэсээс бүрддэг. Орлогоо худал нэмж төсөөлөөд алдагдлаа улам нэмэгдүүлж байна. Гэтэл МАН-ын Засгийн газар эдийн засаг ковидоор л зогссон болохоос үүнээс өмнө 3-4 хувиар өсөж байсан гэж худлаа хэлсээр байна. 
 
Урсгал зардлын гол ачаа нь ХАЛАМЖ. Хөрөнгө оруулалтын “хорт хавдар” нь ХУЛГАЙ  болоод байна. Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээ 2022 оны хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам доллар буюу манай улсын ДНБ-ний 200 хувиас хол давсан. 
 
Өнөөдөр Монголын 3.5 сая хүний 2.4 сая нь ямар нэгэн хэмжээгээр халамж авч байна” гэлээ. Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ:  " Ерөнхий Сайд хүн улс орны өмнө хүлээдэг дөрөв, таван үүрэг байдаг. Түүгээр л хэмжинэ. Түүнээс биш телевизийн нэвтрүүлэг сайн хийх, ямар нэг мафи олоод тэмцэх чухал биш. Эдийн засгийн өсөлтийг хамгийн өндөр байлгах ёстой. Ажилгүйдлийг хамгийн бага байлгах ёстой, төсвийг алдалдалгүй байлгах ёстой, төгрөгөө өрсөлдөх чадвартай байлгах ёстой. Яг энэ хүчин зүйлүүдээр л тухайн Ерөнхий Сайд, Засгийн Газрыг хэрхэн ажиллаж буйг дүгнэх учиртай  " гэв.
 
М.Чой