sonin.mn
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, ханхүү Файсал бин Фархан Аль Сауд нар 5 дугаар сарын 24-нд Давос хотноо уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс Саудын Арабын Хаант Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд харилцан ашигтай салбарт саудын арабын хөрөнгө оруулалт хийх, түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой буйгаа нотолж, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан Аль Сауд-ыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.
 
Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан Аль Сауд урилгыг талархан хүлээн авч, Монгол Улстай хамтын ажиллагаа, нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ хамтран ажиллах бусад салбаруудыг тодорхойлох, хэрэгжүүлэх төслүүдийн талаар үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцов.