сонин mn
Нэг АН-ынхан нь даргаараа Х.Баттулгыг бүртгүүлэх гэж өнгөрсөн өдрүүдэд Дээд шүүхийг нэлээд шахлаа. Чухамдаа улс төрийн шахалт гэвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хэдэн өдөр Дээд шүүх рүү хандсан АН-ынхны үйлдлийг л хэлэх биз ээ.
 
Гэвч АН-ынхан тэгтлээ шахсан ч Дээд шүүх гүрийхийг үзүүлэв. Тэгж тэгж долоо хоногийн сүүлийн өдөр Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ татлаа. Өөрсдөө, өрөөл бусдын зүгээс янз бүрийн л тайлбар хэлж байна.
 
Гэхдээ нэг магадлал өндөртэй мэдээлэл “тэнэж” явааг дуулгая. Х.Баттулга цаашид АН-ыг тойрч улс төр хийхээ больж буй бололтой. Тэрбээр Тусгаар тогтнолын төлөөх нам байгуулахаар болжээ. Одоогоос бараг хоёр сарын өмнө ийм мэдээлэл бас яригдаж л байсан. Энэ удаад гарч буй мэдээллээр Х.Баттулгатай хамт Ж.Батзандан, Г.Уянга, С.Ганбаатар нар тэр шинэ намд нь хүчин зүтгэхээр болсон гэж байна. Тэгвэл нөгөө АН нь ротацийн сонгууль зарлачихаад байна. ҮБХ-ны гишүүдээ шинэчилнэ. Энэ сарын 29-нд ротацийн сонгууль нь болох юм байна. Тэгэхээр ирэх өдрүүдэд АН-ын ҮБХ-ны гишүүнд горилогчид “тойрог”-ууддаа ажиллана.
 
Ийнхүү ротацийн сонгууль зарласан нам нь “Эрдэнийн АН” гэдэг нь юм. Энэ сонгуульд АН-ын хуучин ҮБХ-ны гишүүдийн 80 орчим хувь нь бүртгүүлсэн гэх мэдээлэл бий.
 
Ямартай ч энэ намын хууччуул, 1970-аад оныхон, 1980-аад оныхны гол төлөөлөл болсон гишүүд нэр дэвшиж бүртгүүлсэн. Тэгэхээр “...АН-ын хүчний төвлөрөл ийшээ ханарлаа” гэсэн дүгнэлтийг тал бүрээс хийж эхэллээ. Мөн энэ АН-ын ротацийн сонгуульд Ц.Элбэгдорж бүртгүүлсэн. Тэрбээр ингэж орж ирсэн нь нэлээд анхаарал татаж байгаа юм. ҮБХ-ны гишүүн болохоор бүртгүүлэхдээ л “хэл ам” татлаад эхэлжээ. “...2024 онд Ховдоо бараадна” гэсэнд нь Б.Пүрэвдоржоос эхлээд бухимдаад сүйд болж байна гэх яриа улс төрийн хүрээнд тарсан байна. Гол нь Ц.Элбэгдоржийг “...АН-ын дарга болох гэж байна” гэсэн яриа хөөрөө нэвт явж байна. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж АН-д ирж, Х.Баттулга АН-аас явж магадгүй нь гэсэн үг.
 
 
 
Б.дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин