сонин mn
Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 2022 онд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 380 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.
 
Хэдийгээр энэ зээлийг арилжааны банкны эх үүсвэрээс олгож байгаа ч 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай байх, Засгийн газраас нийт 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хөнгөлөлттэй нөхцөлтэй.
 
Зээлийг арилжааны “Хаан”, “Хас”, “Голомт”, “Худалдаа хөгжил”, “Ариг”, “Тээвэр хөгжил”, “Капитрон”, “Төрийн банк”-аар олгож буй.
 
“Хөдөө аж ахуйг дэмжих зээл”-ийг эрчимжүүлэх, Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд олгох эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хэлбэр, эх үүсвэрийн талаар санал солилцох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк хамтран арилжааны банкны төлөөлөлд сургалт зохион байгуулж, зөвлөлдлөө. Хөдөө аж ахуйн салбарын онцлог, цаг хугацаанаас хамаардаг технологит ажлуудын талаар арилжааны банкуудад ойлголт өгөх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, зээл олгох ажиллагааг  эрчимжүүлэх нь энэхүү уулзалт сургалтын гол зорилго байв.
 
Салбар яам, мэргэжлийн холбоод, арилжааны банк зэрэг олон талын төлөөлөл хамтран зөвлөлдсөнөөр зээл олголттой холбоотой тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, харилцан ойлголцол, бүх талын оролцоог хангасан хяналт бий болох сайн талтайг оролцогчид онцоллоо.