sonin.mn
Даваа гарагт болсон сонгуулийн урьдчилсан дүнгээр Филиппиний дарангуйлагч асан Маркосын хүү “Бонгбонг” хочит Фердинанд Маркос хамгийн хүчтэй өрсөлдөгчөөсөө хоёр дахин олон санал авснаар ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь үндсэндээ тодорхой боллоо. Ингэснээр 28 настайдаа гэр бүлийнхний хамт нисдэг тэргэнд сууж эх орноосоо зугатан гарч байсан “Бонгбонг” хүний эрхийг зөрчдөгөөрөө зард гарсан ерөнхийлөгч Родриго Дутерте-гийн халааг авч байна. 36 жилийн өмнө түлхэгдэн унасан Маркосын гэр бүлийнхэн ийнхүү төрийн эрхэнд дахиад гарч ирнэ гэдгийг төсөөлж байгаагүй олон филиппинчүүд, дэлхийн олон нийт алмайралд автав.
 
 
1986 оны 2 дугаар сарын 25. Энэ мөчөөс хэдхэн цагийн дараа Маркосын гэр бүл Хавайн арлууд руу ниснэ. Баруун гар талд "Бонгбонг" Фердинанд Маркос зогсож байгаа нь. 
 
Энд “Маркосын гэр бүлийнхэн” гэж онцолсны учир нь, Бонгбонгийн хүү Сандро Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдох нь тодорхой болсон бол Бонгбонгийн эгч Imee-гийн хүү нь мужийн захирагч, бас нэгэн хамаатан нь мөн мужийн захирагч, ойрын садан болох өөр нэгэн хүн Лаоаг хотын даргаар ажиллахаар болжээ. Улсын сангаас 10 тэрбум долларыг хувьдаа завшиж, сөрөг хүчнийхнийг эрүүдэн шүүж байсан Маркосын удмынхан ямар замаар төрийн эрхэнд буцаад гараад ирэв ээ?
 
Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, Маркосынхан илүү тэгш эрхтэй
 
Дарангуйлагч Маркосын гэр бүлийг клептократууд гэж нэрлэдэг. Клептократ гэдэг нь улсын мөнгийг завшин зувчуулах замаар хувьдаа баяжин хөлжиж, улс төрийн нөлөөгөө тэлж байдаг хэсэг бүлэг улстөрчид, тэдний гэр бүлийнхнийг хэлдэг. Тэргүүн хатагтай асан Имельда эр нөхрийнхөө бий болгосон авлигын сүлжээг ашиглан бусадтай хуйвалдаж улсын сангаас 10 тэрбум долларыг зувчуулсан гэдэг. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас тусламж болгон өгч байсан мөнгө Маркос ба түүний ойрын хүрээллийн хүмүүсийн дансаар дамжин алга болдог байжээ. Гадаадын компаниуд Филиппинд бизнес хийхийн тулд эрх баригчдад хахууль өгөх нь жирийн зүйл болов.
 
 
1986 он гэхэд ард түмний тэсвэр тэвчээр эцэстээ тулж алдарснаар тайван хувьсгал дэгдэж, эхнэр нөхөр хоёр Маркосыг төрийн эрхнээс зайлуулав. Маркосын гэр бүлийнхэн Хавай руу зугтаж, тэндээ суурьшжээ. 
 
Филиппиний шинэ эрх баригчид тэднийг эх оронд нь буцааж авчрахын тулд АНУ-тай хэлэлцээ хийж эхэлсэн ба уг ажиллагаанд олон улсын хууль сахиулах байгууллагууд нэгдэв. Асуудал сунжирсаар 1990 онд Америкийн эрх баригчид дарангуйлагчийн гэр бүлийнхний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг зөвшөөрлөө. Гэтэл 1989 онд Маркос нас барсан тул эхнэрийг нь мөрдөн шалгахаар шийдвэрлэжээ. Филиппиний хуулийн байгууллагууд улс төрийн ба санхүүгийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, сөрөг хүчнийхнийг эрүүдэн шүүж байсан гэх үндэслэлээр дарангуйлагч асныг яллах гэж байсан нь талаар болов. Үүний зэрэгцээ эхнэр Имельдад дээрх бүх хэргийг тохох үндэслэл хангалттай байсангүй, мөнгө хөрөнгө шамшигдуулсан гэдгийг нь батлах ямар ч баримт байсангүй. Учир нь, Швейцарийн банкууд Маркосын гэр бүлийнхний дансуудыг царцаасан боловч ямар ч нэмэлт мэдээллийг хууль шүүхийн байгууллагуудад өгөхгүй гэдгээ мэдэгдсэнээр хэрэг мухардлаа. Ингээд Америкийн шүүх нотлох баримт байхгүй гэх шалтгаанаар мадам Маркосыг цагаатгахаас аргагүйд хүрэв. Мөн Филиппиний эрх баригчид Имельдад үүсгээд байсан эрүүгийн хэргийг хаажээ.
 
 
Зувчуулан завшсан мөнгөөрөө Имельда тансаглан амьдардаг байсан тухай үлгэр домог мэт ярианууд өдийг хүртэл ам дамжсаар байдаг. Жишээ нь, бэлэн мөнгөөр дүүргэсэн чемодануудыг ойр ойрхон ирүүлэхгүй байхыг Швейцарийн нэгэн банкны ажилтнууд Имельдагаас хүссэний учир нь тэд мөнгөн дэвсгэртүүдийг тоолж амжихгүй байсантай холбоотой гэнэ.
 
Тэргүүн хатагтай долоо хоног бүр нисэх онгоц хөлөглөн дэлхий даяарх брэндийн дэлгүүрүүдийг хэсэж, шоппинг хийдэг байсан ба нэг удаа үнэт эдлэлийн дэлгүүрээр ороод гарахдаа 15 сая доллар үрсэн гэх яриа бий.
 
Харин Филиппиний засгийн газар одоогийн байдлаар хулгайлагдсан мөнгөнөөс 3,4 тэрбумыг нь олж аваад бөгөөд үлдсэнийг нь буцааж авахаар идэвхтэй ажиллаж байна. Харин Швейцарийн банкууд дахь Маркосын дансанд яг хэдэн доллар байгааг зөвхөн Имельда ба банкны эзэд л мэдэж байгаа.
 
Шинэ үеийн сонгогчдын тархийг угаасан нь  
 
1991 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Корасон Акино дарангуйлагч асны гэр бүлийнхнийг Филиппинд буцаж ирэхийг зөвшөөрсөн нь төрийн өндөрлөг рүү зүтгэх Маркосынхны тэмүүллийн эхлэл байлаа. Бага Маркос ба түүний эх Имельда нар хуучин улс төрийн хэлхээ холбоогоо сэргээх замаар их улс төрд маш богино хугацаанд эргэн ирэв. Имельда Маркос Конгрессын гишүүнээр 4 бүрэн эрхийн хугацаанд ажилласан бол хүү нь 21 жил төрийн алба хашжээ. Маркосын гэр бүлийнхэн нэр төрөө цэвэрлэхэд чиглэсэн кампанит ажлыг бүхэл бүтэн 30 жилийн туршид явуулж ирсэн ба өнгөрсөн хугацаанд засгийн газрууд ээлж дараалан солигдож байсан нь тэдэнд олз болов. 1990 оны сүүлчээс эхлээд Филиппинд авлигад идэгдсэн, чадамж муутай засгийн газрууд ээлж дараалан солигдсоор, эдийн засгийн байдал өөдлөхгүй байлаа. Иймээс ард иргэд, тэр дундаа залуу хүмүүс хатуу гар, хүчтэй удирдагчийг хүсэмжилж байсан нь “хагас автократ” гэгддэг Дутерте ерөнхийлөгчөөр сонгогдох шалтгаан болсон гэдгийг Нью-Йоркийн Олон улсын харилцааны зөвлөлийн шинжээч Жошуа Курланцик онцолжээ. Энэ удаад дарангуйлагчийн хүүг төрийн тэргүүнээр сонгосон нь ч мөн үүнтэй холбоотой.   
 
Иймээс сонгогчдын тал хувийг эзэлдэг 18-40 насныхан Маркосын дарангуйллын үеийг, түүний дараах үеийг туулаагүй учраас тэдэнтэй нийгмийн сүлжээгээр тулж ажиллан тархийг нь угаах нь зүйтэй гэдгийг Маркосынхан соргогоор мэдэрчээ.  
 
Нэр дэвшигч Бонгбонг эцгийнхээ үйлдсэн нүглүүдийг цайруулж, эерэг талаас нь харуулахын тулд сошиал хуудсуудыг ашиглан өргөн хэмжээний кампанит ажлуудыг зохион байгуулах болов. Тухайлбал, эцэг нь улсыг удирдаж байсан үеийг “Филиппиний алтан эрин үе” байсан гэж байнга сурталчилна. Үнэн хэрэгтээ бол, 1970-аад онд бараг 10 жилийн туршид тус улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байсан боловч 1980-аад оны эхээр гадаад өрийн хэмжээ огцом өссөний улмаас нөхцөл байдал эрс дордож, Маркосын засаг захиргааны сүүлийн 2 жилд эдийн засаг 15 хувиар агшсанаар ядуурал газар авчээ. Түүнээс гадна, Маркос тасралтгүй 21 жилийн турш төрийн эрхийг барих хугацаандаа улс орондоо дайны байдал тогтоож, шүүх цагдаа, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хяналтандаа авсан ба өөрийг нь эсэргүүцсэн 70 мянган хүнийг баривчлан хорьж, 4 мянган хүн аминд хүрсэн гэх баримт бий. Энэ бүх нүглийг зөөлрүүлэн тайлбарлах эсвэл мартагнуулах нь Маркосын гэр бүлийнхний гол зорилго байв.
 
Сонгуулийн тактик
 
Энэ удаагийн сонгуульд “Бонгбонг” Маркос улс төрийн тун зальжин нүүдэл хийж, одоогийн ерөнхийлөгч Р.Дутерте-гийн охин Сара Дутерте-гийн нэрийг дэд ерөнхийлөгчид дэвшүүлэн түүнтэй хамтарснаар нэр хүндийн чансаа нь шууд хоёр дахин өсөж, ерөнхийлөгч болох зам нь шуударчээ. Ерөнхийлөгчийнхөөс тусдаа явагддаг дэд ерөнхийлөгчийн сонгуульд Сара илт давуу ялах нь тодорхой болов. 
 
 
Түүнээс гадна, Бонгбонг сонгуулийн сурталчилгааны бүхий л үеийн туршид шууд мэтгэлцээнд оролцохоос элдэв арга саам хэрэглэн зугатаасаар байгаад санал хураалтын өдөртэй золгожээ. Мөн гол өрсөлдөгч блох Лени Робредо-гийн эсрэг эмэгтэйчүүдийг доромжилсон, үзэн ядсан /мизогини/ үг хэллэгүүдийг ашиглан нийгмийн сүлжээгээр дайрч давшилжээ. Учир нь, Дутертегийн дэглэм хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг хүний эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэгч эмэгтэй Робредо буруушаан тэмцсээр ирсэн юм. Энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй 65,5 сая филиппинчүүдийн ихэнх нь идэвхтэй оролцсон, мөн зарим газарт цар тахлын хөл хорио цуцлагдаагүй байсан зэргээс шалтгаалан санал тоолох ажиллагаа сунжирсан тул хэд хоногийн дараа сонгуулийн дүн эцсийн байдлаар гарна.
 
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: Ройтерс, ВВС