сонин mn
Монгол, Индонезын Гадаад харилцааны яам хоорондын цахим уулзалтыг 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Индонезын талаас тус улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далай, Африкийн бүс нутаг хариуцсан дэд сайд Абдул Кадир Жайлани нар тэргүүлж оролцов.
Талууд цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим ажил, арга хэмжээ хойшлогдоод байгааг энэ оноос сэргээн хэрэгжүүлэхээр ярилцлаа. Тухайлбал, Монгол, Индонезын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит хурал, Монгол, Индонезын бизнес форумыг энэ оны дундуур зохион байгуулахаар ярилцав.
 
Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Индонез Улстай улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Монголын тал нотоллоо.
 
Дэд сайд Абдул Жайлани Индонез, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой саяхан тохиосныг дурдаад харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, монголын талаас санал болгосон иргэдийн эрх зүйн туслалцааны холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах чиглэлээр ажиллахаа тэмдэглэв.
Мөн энэ онд Индонезын талаас Монгол Улсад төлөөлөгчид айлчлуулж, хамтын ажиллагааны асуудлуудаа урагшлуулах чиглэлд хүч чармайлт гаргахаа илэрхийллээ.