sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены нэр хүнд тангараг өргөснөөс нь хойш хамгийн доод түвшинд хүрч унасныг “The Washington Post” сонин болон “ABC” телевизээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 41 хувь нь Ж.Байдены төрийн тэргүүний хувиар явуулж буй үйл ажиллагааг сайшаасан байна. Харин 53 хувь нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол үлдсэн нь хариулт өгөөгүй байна.
 
Энэ нь Ж.Байдены нэр хүнд өнгөрөгч нэгдүгээр сард тангараг өргөснөөс нь хойш хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болохыг судлаачид онцолжээ. Америкийн одоогийн удирдагчийн нэр хүнд сүүлийн хэдэн сарын турш тасралтгүй унасан байна. Үүний гол шалтгаан нь АНУ-ын эдийн засгийн байдал, тэр дундаа үнэ өсөж байгаад сонгогчдын сэтгэл дундуур байгаатай холбоотой юм.
 
Есдүгээр сард Ж.Байдены төрийн тэргүүний хувиар явуулж буй үйл ажиллагааг санал асуулгад оролцогчдын 44 хувь нь сайшааж байсан бол 51 хувь нь сэтгэл дундуур байсан байна. Зургаадугаар сард энэ үзүүлэлтүүд 50 хувь ба 42 хувь, дөрөвдүгээр сард 52 хувь ба 42 хувь байжээ.
“The Washington Post” сонин болон “ABC” телевиз 11 дүгээр сарын 7-10-ны хооронд Америкийн 1000 орчим насанд хүрсэн иргэний дунд утсаар санал асуулга явуулсан байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг