sonin.mn
Хөдөлмөрийн Үндэсний Намын удирдлагууд мэдээлэл хийлээ.
 
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд: "Өчигдөр 2-р тойрог дээр УИХ-ын нөхөн сонгууль боллоо. Нөхөн сонгуулийн үр дүнд бид харамсаж байна. Нийт сонгогчдын ердөө 40 хүрэхгүй хувь нь саналаа өгчээ. Ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүсээд байна.
Ийм байдлаар цаашаа явах юм бол ардчилсан сонгууль устах нь ээ.
Монголын ардчилал мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна. Иймээс бид Монголын ардчиллыг аврахын тулд дараах арга хэмжээг авахыг Монголын улс төрийн бүх намуудад уриалж байна.
 
Үүнд:
 
1-т Сонгуулийн холимог системийг Үндсэн хуулинд оруулж, дор хаяж 50 хувийг нь намын жагсаалтаар сонгогддог болгох
2-т намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгох
3-т Сум, дүүргийн удирдлагыг улс төрийн намгүй, иргэдээс шууд сонгогддог болгох
4-т Дангаараа ноёрхох бодлогоо орхихыг МАН-аас шаардаж байна." гэв.
 
Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ : "АН-ынхан ХҮНам гарч ирж, АН-ын саналыг хуваагаад байна. Үр дүнд нь МАН гарч ирж байна гэх болсон. Биш ээ, АН-ынхан. Та нар ардчиллаа хамгаалахын тулд өөрсдөө улс төрийн нам шиг байгаач ээ. Өчигдрийн УИХ-ын нөхөн сонгуулийн үр дүнд 2-р байранд ХҮНам, Б.Найдалаа, 3-р байранд АН, Э.Бат-Үүл орлоо. Мөн Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар ХҮНамаас нэр дэвшигч 20 хувийн санал авсан бол АН-ын нэр дэвшигч 6 хувийн санал авсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр иргэдийн дэмжиж байгаа хоёр дахь нам нь ХҮНам боллоо гэдгийг баримт харуулж байна" гэсэн юм.
 
Х.Цэцэнноров