sonin.mn
ЛОНДОН. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хийн үнийн өсөлтийг тогтворжуулахад туслахаа мэдэгдсэний дараа лхагва гарагт дэлхийн зах зээл дээр хийн үнэ илэрхий буурч эхэлснийг Их Британийн “Financial Times” сонин онцолжээ.
Лхагва гарагт В.Путиний мэдэгдлүүдийн дараа оны эхэн үеийнхээс арав дахин өссөн хийн үнэ огцом буурсан гэж тус сонин мэдээлсэн байна.
 
“ICE” биржийн арилжаа хаагдах үед хийн үнэ мянган шоо метр нь 1250 ам.доллароос доошилж буужээ. Энэ нь лхагва гаргийн түүхэнд дээд үзүүлэлтээс 1.5 дахин буурсан үзүүлэлт юм. Лхагва гарагт хийн үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрч мянган шоо метр нь 1920 ам.доллар болжээ. 
 
“ICIS” зөвлөх компанийн төлөөлөгч Том Марсек-Мансер өнгөрсөн лхагва гаргийг зах зээлийн тоглогчдын харж байсан "хамгийн тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй өдөр" гэж нэрлэснийг “Financial Times” сонинд мөн онцолжээ.
 
Их Британид тулгарч буй бэрхшээлүүд
 
“Financial Times” сонин Их Британийг байгалийн хийн үнийн өсөлтөд хамгийн их хохирч буй орнуудын нэгээр нэрлэжээ. Салхигүй цаг агаарын улмаас тус улсын эрчим хүчний тэнцэлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн эзлэх хувь буурч байгаа үед цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг хий эзэлж магадгүй байгааг тус сонинынхон тэмдэглэсэн байна. 
Хийн үнэ огцом буурсныг мөн В.Путиний мэдэгдэлтэй холбож буй “The Telegraph” сонин Их Британийн хувьд хийн үнэ ердийн үнийн түвшингээс 7 дахин өндөр хэвээр байгааг онцлон тэмдэглэжээ. Энэ нь салбарын хувьд асар том дүн болж, улс орны хэрэглэгчдийг сүйрлийн ирмэгт авчирна гэж тус хэвлэлийнхэн үзэж байна.
 
В.Путин юу хэлсэн бэ
 
Лхагва гарагт В.Путин эрчим хүчний асуудлаар уулзалт хийжээ. Уулзалтын үеэр тэрбээр Европт хийн үнэ өсөж буйтай холбоотойгоор хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх санаачилгыг дэмжсэн байна. Гэхдээ тэрбээр Европын Холбооны спот захаар бус Санкт-Петербургийн биржээр дамжуулан нийлүүлэх ёстой гэж үзэж байна.
Ингэхдээ зах зээлийн эрэлт хэрэгцээг өөртөө хохирол учруулахгүйгээр хангах шаардлагатай байгааг В.Путин цохон тэмдэглэжээ. Тэрбээр хийг биржээр арилжаалах талаарх саналыг дахин хэлэлцэх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг