сонин mn
УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим Хүчний Сайд Г.Тавинбэх нар шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 
Энэ үеэр Г.Ёндон: "Манай улс шатахууны хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас импортоор авдаг. Сард 38-40 мянган тонн АИ-92  бензин хэрэглэдэг. 
2018 онд ОХУ-ын Роснефть компанитай байгуулсан гэрээний хүрээнд заавал зарах болон авах ёстой хамгийн бага хэмжээг 28 мянган тонн гэж тогтоосон. 2021 оны 8-р сарын сүүлээр тус компани засварын ажилтай холбоотойгоор 17 мянган тонн АИ-92 бензин л өгөх боломжтой гэсэн. Тиймээс шатахуун импортлогч компаниуд БНХАУ-ын Чайна Ойл компаниас шатахуун авах гэрээ байгуулсан. 
 
Гэтэл ОХУ-аас 7,500 тонн шатахуун нийлүүлснийхээ дараа үлдсэн 10 мянган тонн шатахуун 10-р сарын 1-н хүртэл нийлүүлэх боломжгүй гэдгээ гэнэт хэлсэн. Үүнтэй зэрэгцээд БНХАУ-аас шатахуун ачуулах боломгүйгээ мэдэгдсэн. Тиймээс ААН-үүд хязгаарлалт тогтоогоод байна. Хязгаарлалт хийж байж шатахууныг 7-8 хоног илүү олон хүнд хүргэх нөхцөл бүрдэнэ
 
Өчигдөр бид БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан. Өнөөдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд уулзалтууд товлож байна. УУХҮЯ Хөх хотын боловсруулах үйлдвэртэй холбогдож байгаа. 
ӨМӨЗО-ы Хөх хотоос Улаанбаатар руу ердийн үед вагон тавигдахад 10-14 хоногийн дараа ирдэг. Бид энэ хугацааг 5-7 хоног болгох төлөвлөгөөтэй байгаа. Замдаа 2-3 цэг дээр зогсож хугацаа алддаг байдлыг арилгана.
Ер нь гэнэтийн мэдэгдлээс болоод ийм нөхцөл байдал үүссэн. Гэхдээ үүгээр далимдуулаад суухгүй, хариуцаж байгаа хүмүүст хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд өглөө. Бүх шатанд шалгаж, нягталж үзнэ.Мөн Засгийн газрын хуралдаан дээр Казахстанаас шатахуун авах асуудал бас яригдлаа" гэв.
 
Харин Эрчим Хүчний Сайд Г.Тавинбэх: " Баруун бүсийн хэрэглэгчид  эрчим хүчний хэрэглээнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас 110 кВт-ын хүчдэлийн шугамаар эрчим хүчээ дамжуулан авдаг.
Уг шугамд ОХУ засвар хийх шаардлагатай болсон учраас гурван өдөр буюу 9-р сарын 20-22-ны өдрүүдэд 06:00-22:00 цагийн хугацаанд засвар хийж, цахилгааныг хязгаарлаж байгаа. Өнөөдөр  22:00 цагт засвар дуусаж хэвийн системдээ шилжинэ" гэсэн юм.
 
С.Сарнай