sonin.mn
Ардчилсан Намын нэр бүхий гишүүд намынхаа гишүүдийн гарын үсгийг цуглуулж, АН-ын Онц Их Хурал зарлан хуралдуулах санаачилга гаргаж буйгаа өнөөдөр мэдээллээ.
Тэдний нэг, АН-ын гишүүн И.Мөнхжаргал : "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд АН-ын нэр барьж нэр дэвшсэн С.Эрдэнэ нийт сонгогчдын 6 хувийн саналыг авсан. Өөрөөр хэлбэл 1990 оноос хойш АН бүх шатны сонгууль нэр дэвшигчээ өрсөлдүүлж байсан ч ийм бага санал авсан түүхгүй.Энэ үйл явдалд дүгнэлт хийж, хариуцлага хүлээхийн оронд хэн нэгнийг урвагчаар дуудаж, бусдад буруугаа нялзааж буй С.Эрдэнийн үйлдэлд харамсаж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан ах нар хувийн өс хонзон, хэрүүл тэмцэл, эрх баригчдын шантаажинд орсон, шоронгоор барьцаалагдсан амьдралынхаа хариуд АН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг бэлгэнд барилаа. Ах нараа, та нар АН-ын Ерөнхийлөгчийн суудлыг эрх баригчдад зарж, эрх чөлөөгөө олж авсан бол одоо тэтгэвэртээ гар. Тэтгэвэртээ гарснаар АН-д хамгийн том буян болно шүү. 
 
 
 
 
Ах нарын зуудаг нохой болж хэн нэгэн рүү дайрах биш, залуус нэгдэж намаа босгох цаг болсон байна. Нийт АН-ын залуустаа дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна. Мөн АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танд ҮБХ-г яаралтай хуралдуулж, улмаар Ардчилсан Намын онц их хурлыг хуралдуулахыг шаардаж байна."гэв.