sonin.mn
Нэгдсэн Үндэстний Байгууллагад Монгол Улс элсэхийн тулд анхлан байгуулагдсан 1946 оноос эхлэн нийт 5 удаа өргөдөл гаргаж, Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар дор хаяж 13 удаа хэлэлцүүлэг хийгджээ.
БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд маршал Х.Чойбалсан 1946 он болон 1948 онд, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал 1955 он болон 1956 онд, ГЯЯ-ны сайд С. Аварзэд 1957 онд тус тус НҮБ-д элсэн орох өргөдлөө сэргээн өгч байв. 1961 оны 10-р сарын 25-нд Аюулгүйн Зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжиж, Монголыг НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгснөөр 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон юм.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-нд элссэнээр үе үеийн эрх орончдын хүсэл мөрөөдөл, Монголоо гэх үе үеийн төрийн зүтгэлтнүүд, дипломатууд, шашны хутагтууд, жирийн иргэдийн зүтгэл тэмцэл биелэлээ олсон билээ.
 
Нью-Йорк хот. 1946 оны 8 дугаар сар
 
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж эхлэхээс өмнө болж байсан урьдчилсан хэлэлцүүлгийн үед Гоминьданы Хятадын төлөөлөгч "Шинэ гишүүн элсүүлэх Комисст БНМАУ-ын өргөдлийг хэлэлцэх үед Хятадын төлөөлөгчөөс мэдэгдэл хийсэн билээ. Энэ нь манай Засгийн газар уг өргөдлийг дэмжихгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн байж магадгүй. Энэ нь тийм биш ээ. Ганц хүссэн зүйл бол шинэ гишүүд элсүүлэхэд хэрэглэх хэд хэдэн нөхцөлийг Комисст хэлэлцүүлэхээр оруулсан хэрэг юм. ...Одоо бидэнд байгаа аливаа эргэлзээг арилгах хариуг Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас авахад баяртай байна" гээд Хятадын төлөөлөгчийн хувьд бид Монголын өргөдлийг дэмжихэд бэлэн байна гэж мэдэгдэж байжээ.
ЗХУ-ын төлөөлөгч А.А.Громыко хэлэхдээ: ”НҮБ-д элсэх тухай БНМАУ-ын өргөдлийг Зөвлөлт Засгийн газар дэмжиж байна. БНМАУ бол бат энх тайван, аюулгүй байдлын төлөө энх тайвныг эрхэмлэгч улс түмний нийтийн тэмцлийн үйлст чадлын хирээр хувь нэмрээ оруулж чадах энх тайвныг эрхэмлэгч улс мөн гэж Зөвлөлт Засгийн газар үзэж байна... Монголын ард түмэн фашизм ба түрэмгийллийн эсрэг тэмцэлд Зөвлөлтийн ард түмэн, улаан армид идэвхитэй дэмжлэг үзүүлэв... БНМАУ-ын зүгээс Нэгдсэн үндэстнүүдэд үзүүлсэн бас нэг тусламж бол Манжуур дахь Японы Квантуны армийн эсрэг тулалдаанд Улаан армийн хамт Монголын 80 мянган цэрэг байлдсан явдал мөн. Энэ байлдаанд БНМАУ-ын цэргүүд Японы булаан эзлэгчидтэй эрэлхэгээр тулалдаж, Японы дайчдыг бут ниргэхэд холбоотон улсуудад үнэт тусламж үзүүлжээ... Японы цэргүүдтэй хийсэн байлдаануудад БНМАУ-ын цэргийн ангиуд нилээд хохирол амсчээ. Алагдсан, шархадсан ба сураггүй алга болсон хүний тоо 2039-д хүрчээ. Зөвхөн Монголын армийн эд материалын хохирол нь 50 сая доллар болжээ” гэж БНМАУ-ын өргөдлийг тууштай дэмжсэн байна. ЗХУ-ын төлөөлөгч А.Громыкогийн үгэнд Японы түрэмгийллээс болж Монголын армид учирсан хүн хүчний болон эд материалын тусламжийг анх удаа тоон хэлбэрээр илэрхийлсэн байна.
 
Мөн өдрийн Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд Их Британийн А.Кадоган, АНУ-ын төлөөлөгч Хершел Жонсон нар БНМАУ-ын гишүүнчлэлийн асуудлаар үг хэлжээ.  АНУ-ын төлөөлөгч Хершел Жонсон (Herschel V. Johnson) НҮБ-д гишүүн элсүүлэх явдал дээр универсализм хэмээх багцаар нь элсүүлэх түгээмэл зарчмыг хэрэглэхийн чухал учрыг илтгэсэн дэлгэрэнгүй үг хэлж байжээ. Америк, Английн төлөөлөгчид өргөдлөө өгсөн Албани, Афганистан, Монгол, Ирланд, Португал, Трансиордан, Швед зэрэг 8 улсыг бүгдийг нь нэгэн зэрэг бөөнөөр нь хэлэлцүүлэх гэж их чармайж оролдсон байна. Үүнийг ЗХУ-ын төлөөлөгч А.Громыко эрс тэс эсэргүүцэж байсан байна. Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдээс Бразил, Мексик, Египетын төлөөлөгчид, НҮБ-ын ЕНБД Трюгве Ли нар дээр дурдсан АНУ-ын төлөөлөгчийн саналыг дэмжжээ. Ийнхүү БНМАУ өргөдөл өгсөн бусад 7 улсын хамт нэгэн зэрэг багцаар НҮБ-д элсэх бодит боломж гарч ирсэн байна. Гэтэл ЗХУ-ын төлөөлөгч А.Громыко “Би бодоход орнуудыг эд хогшилд ханддаг шиг хандлагаар авч үзэж болохгүй. Бүх орнуудыг түгээмлээр нэг маягаар үзэж, тийм журмаар НҮБ-д оруулж болохгүй. Уг хэрэгт хамаарагдах нөхцөл, баримтуудтай холбож, бид өргөдөл нэг бүрийг тусад нь авч үзвэл зохино” гэж зүтгэсэн байна.
 
 
 
1946 оны 8 дугаар сард Аюулгүйн Зөвлөлийн хурлаар өргөдөл гаргасан улс тус бүрээр хэлэлцэн санал хураахад Байнгын гишүүн 5 орноос АНУ, Их Британи Монголын хувьд татгалзсан байна. Харин байнгын гишүүдээс ЗХУ, Гоминьданы Хятад, Франц гурван улс дэмжиж саналаа өгчээ. Байнгын бус гишүүдээс Голланд татгалзаж, Египет, Австрали хоёр түдгэлзэж, Бразил, Мексик, Польш гурав дэмжиж саналаа өгсөн байна.
 
 
 
Их Британийн төлөөлөгч татгалзах болсон шалтгаанаа "БНМАУ-ын тухай мэдээлэл хомс, зөвхөн хоёрхон улстай дипломат харилцаатай" байгаагаар тайлбарласан байна.
 
Чунцин хот: 1946 оны 2 дугаар сар
 
1945 оны 10 дугаар сарын 20-нд Монгол даяар улс орон цаашид хэрхэн орших асуудлаар санал асуулга явуулж, монголын ард түмэн тусгаар тогтнолоо илэрхийлсэн хэвээр хадгалан хөгжих хүслээ 100 хувь илэрхийлсэн юм. Санал асуулгын дүнг ЗХУ, Хятад улсад албан ёсоор мэдэгдсэний дараа 1946 оны 1 дүгээр сарын 5-нд Чан Кайши-гийн засгийн газар БНМАУ-ыг хүлээн зөвшөөрч, мөн оны 2 дугаар сарын 13-нд БНМАУ, Дундад Иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтоох болон дипломат төлөөлөгч харилцан суулгах тухай ноот бичгийг солилцжээ.
Энэ зорилгоор БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгч Ерөнхий сайдын орлогч Ч. Сүрэнжав тэргүүтэй, ГЯЯ-ны орлогч сайд Н.Лхамсүрэн нарын Монголын дипломатууд ДИУ-ын нийслэл Чунцинд 1946 оны 2 дугаар сард очсон байна. ДИУ-ын Ерөнхийлөгч Чан Кайши 2 дугаар сарын 10-нд Ч. Сүрэнжав нарыг хүлээн авч уулзан : "Хятад, Монгол хоёр улс бол үүний урьд /манж чин улсын захиргаанд хоёулаа ноёрхогдож байсан үед/ нэг гэр бүлд, нэг захиргаанд захирагдаж байсан юм. Японы империализмыг эсэргүүцсэн чөлөөлөх дайны үед бид хамтран байлдаж байлаа. Одоо БНМАУ өрх гэр, өмч хөрөнгөө авч үндэсний бүрэн эрхт тусгаар тогтносон улс болж байна" гэжээ. 
 
Энэ үйл явдлаас 4 сарын дараа  БНМАУ 1946 оны 6 дугаар сарын 21-нд НҮБ-ын гишүүн болох өргөдлөө өгч олон улсын түгээмэл үйл явцад оролцоход чиглэсэн анхны алхмаа хийжээ. Өргөдөлдөө 25 жилийн туршид тусгаар тогтносон улсын бүх чанарыг бүрэлдүүлэн бататгаж, улмаар дэлхийн хоёрдугаар дайны үед нэгдсэн үндэстнүүдийн үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан Монгол улс НҮБ-ын гишүүн болох эрхтэйг нотлон тайлбарлаж байв. Энэ нь нэг ёсны Монголын ардын арми милитарист Японыг дарах холбоотон гүрнүүдийн тэмцэлд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсны илэрхийлэл байлаа.
 
Улаанбаатар хот. 1946 оны 6 дугаар сар
 
БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд Маршал Х.Чойбалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д хандан НҮБ-д элсэхээр гаргасан БНМАУ-ын анхны өргөдлийг 1946 оны 6 дугаар сарын 21-ний өдөр илгээж байв.
Тэрхүү өргөдөлд: "Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний гишүүнд элсүүлэн авах тухай хүслээ Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий Их Хуралд илэрхийлэхийн хамт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмэн нь өөрийн их хөрш Зөвлөлт Холбоот Улсад эд материалын тус нэмрийг үзүүлэн, нэгдсэн үндэстэний талд орж фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсоныг Аюулгүйн Зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их Хурлын анхааралд толилуулах нь зүйтэй хэмээн тус улсын Засгийн газраас үзмой. Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь 1945 оны 8 сарын 10-ны өдөр Японд дайн зарлаад, энэхүү улсыг эсэргүүцсэн дайны явдалд оролцсон юм аа. Нэгдсэн Үндэстэний нийтийн хэрэгт Монголын ард түмнээс үзүүлсэн энэхүү тус нэмрийн тухай Аюулгүйн Зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их Хурал мартахгүй бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний гишүүнд элсүүлэн авах тухай хүсэлтийг зөвшөөрөн авч үзэх болов уу хэмээн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар үнэхээр итгэж баймой” хэмээсэн байна.
 
1946 оны 7 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс байгуулсан шинэ гишүүн элсүүлэх хороогоор өргөдлийг урьдчилан хэлэлцэхэд АНУ, Австрали, Египет, Нидерланд, Их Британи зэрэг улсын төлөөлөгчдийн гаргасан саналын үндсэн дээр БНМАУын талаарх мэдээлэл хангалттай бус байгаа тул нэмэгдэл мэдээллийг доорхи асуудлаар авахыг хүсч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас \ЕНБД\ БНМАУ-ын ГЯЯ-ны сайдад асуулга ирүүлж байжээ.
 
Үүнд:
Эдүгээ улс төр, эдийн засаг, нийгэм ба соёл боловсролын харилцааг оролцуулан Монголын гадаад харилцаа ямар байгаа болох,
Гадаад харилцаагаа хөгжүүлэх, ялангуяа дипломатын ба консулын төлөөлөгчдийг солилцох талаар Монголын Засгийн газар ямар бодлоготой байна вэ?
Үүнээс урьд Хятад, СССР хоёроос гадна дипломат ба консулын төлөөлөгчдийг солилцох тухай өөр ямар улсуудаас санал тавьсан ба  ямар хариуг өгч байсан,
Тус Хорооны зүгээс а/ БНМАУ-ын Үндсэн хууль, засгийн хэлбэр ба гадаад харилцаанд хамаарагдах бусад баримт сэлт, б/ улсын төсөв, ялангуяа гадаад харилцааг санхүүжүүлэх талаар тодорхой мэдээлэл авахыг хүссэн байна.  
УБ-Парис-Нью-Йорк: Ю.Цэдэнбал нар 1946 онд Нью-Йорк явсан нь
МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ю.Цэдэнбал, ГЯЯ-ны орлогч сайд Н.Лхамсүрэн, хэлтсийн дарга Б.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 1946 оны 8 дугаар сард НҮБ-ын төв байр байрлах Нью-Йоркт очиж, гишүүн элсүүлэх Хорооноос тавьсан асуулгын дагуу БНМАУ-ын талаар нэмэгдэл мэдээлэл хийж, манай өргөдлийг Аюулгүйн Зөвлөлд хэлэлцэхэд ажиглагчаар оролцжээ. 
 
Уг төлөөлөгчид Нью-Йорк орох замдаа Парисаар дайран Ю.Цэдэнбал ЗХУ-ын Гадаад хэргийн сайд В.М.Молотовтой Парист 8 дугаар сарын 24-нд уулзжээ. Эл уулзалт дээр Ю.Цэдэнбал БНМАУ-ын төлөөлөгчдийн Нью Йорк руу авч яваа баримт бичиг буюу дээр дурьдсан 4 асуултад хариу өгсөн эх бичгийг түүнд үзүүлэн засвар хийлгэж авчээ. Манай төлөөлөгчид Нью-Йоркод очоод 4 асуултын хариултыг шинээр гишүүн элсүүлэх НҮБ-ын Комисст бичгээр гардуулж өгсөн байна.
Ю.Цэдэнбал нар АНУ-аас буцаж ирээд 1946 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын намын идэвхтэний хурал дээр “БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд аваагүйн шалтгаан” гэсэн илтгэлийг тавьсан юм. Уг илтгэлд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс тавьсан асуултуудад БНМАУ-ын Засгийн Газрын төлөөлөгчөөс бичгээр өгсөн хариултууд, Аюулгүйн Зөвлөлд гишүүн элсүүлэх асуудлыг хэлэлцсэн явц, АНУ ба Англи нь БНМАУ-ыг Нэгдсэн Үндэстний гишүүнд элсүүлэх явдлыг саатуулсан нь, санал хураасан дүн, Англи, Америк хоёр улсын татгалзсан бодит шалтгаан зэргээр тухайн үеийн ангич, намч байр сууринаас танилцуулсан байна.
Ю.Цэдэнбал “Америк ба Англи нь Монгол Ард Улсыг НҮБ-д элсүүлэхийг татгалзахдаа ноцтой баримтыг гаргасангүй, түүгээр ч үл барахгүй тэдгээрийн татгалзал нь ямар ч үндэсгүй билээ. Английн төлөөлөгчийн гаргаж хэлсэн ганц баримт гэвэл: “Монгол Ард Улс бол зөвхөн хоёрхон улстай дипломат харилцаатай бөгөөд энэ учраас олон улсын харилцаан дээр Монгол Улсад дадлага, туршлага хүрэлцэхгүй байна” гэв. Түүнчлэн Комиссын хурал дээр Америкийн төлөөлөгчөөс Монгол улсын тухай эргэлзэх зүйл бий гэж л зөвхөн дурьдан хэлснээс биш, чухам юун дээр эргэлзэж байгаагаа тодорхой хэлээгүй бөгөөд үүнд Америкийн төлөөлөгч жинхэнэ шалтагаа “эргэлзээтэй зүйл бий” гэсэн нэг л үгээр бүрхэгдүүлсэн гэжээ.
 
Нью-Йорк хот: 1947 оны 7 дугаар сар
 
1947 оны 7 дугаар сарын 18-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Монголын өргөдлийг хоёрдахь удаагаа хэлэлцэхэд Монгол-Шинжааны хил дээр гарсан Байтаг Богдын зэвсэгт мөргөлдөөний хэрэг явдлаас шалтгаалан Гоминьданы Хятад, АНУ, Их Британи татгалзсан байна. Тухайлбал, Английн төлөөлөгч Гоминьданы Хятадын тайлбарыг үнэмшилтэйд тооцож, хилийн мөргөлдөөний баримтаас үзэхэд БНМАУ нь НҮБ-ын гишүүн байх шаардлагыг хангаагүй байна гэж мэдэгдсэн байна. Аюулгүй Зөвлөлөөр санал хураалт явагдахад ЗХУ, Польш, Сири гэсэн 3 улс зөвшөөрсөн санал өгч, Гоминьданы Хятад, АНУ, Англи татгалзаж, Австрали, Бельги, Бразил, Колумби, Франц гэсэн 5 улс түдгэлзсэн санал өгчээ. Ийнхүү Байтаг Богдын мөргөлдөөнөөс үүдэн Монгол-Гоминьданы Хятадын харилцаа эрс хурцдаж, Чан Кайши, түүний дэглэм НҮБ-д Монголын хувьд ихээхэн хатуу байр суурь баримтлах болсон билээ.
1948 оны 4 дүгээр сарын 7-ны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүдийн зөвлөлгөөн дээр ЗСБНХУ-ын төлөөлөгч мэдэгдэхдээ бусад гүрнүүд Албани, БНМАУ-ыг элсүүлэхийг зөвшөөрвөл Трансиорданийг элсүүлэхэд татгалзахгүй гэсэн наймаалцах шинжтэй санал тавьжээ. Гэвч АНУ, Англи, Франц, Гоминьданы Хятадын төлөөлөгч ЗХУ-ын энэхүү саналыг хүлээж аваагүй байна.
 
Гэсэн ч Монголын Засгийн газар Ерөнхий сайд, ГЯЯ-ны сайд маршал Х.Чойбалсангийн нэрээр 1948 оны 10 дугаар сарын 11-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр илгээлт бичиг явуулж, урьд тавьсан хүсэлтээ шинээр илэрхийлжээ. Уг илгээлт бичигт “БНМАУ-ын Засгийн газрын даалгавараар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий Ассамблейн III бага хуралд НҮБ-ын гишүүнд элсэх тухай БНМАУ-ын хүсэлтийг дахин тавьж хэлэлцүүлэхийг Танаас хүсэх завшаан надад тохиолдов. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ бага хурал дээр манай хүсэлтийг хангах биз хэмээн БНМАУ-ын Засгийн газар, бүх Монголын ард түмэн ба миний бие итгэж байна” гэжээ. Ийнхүү Байтаг Богдын хилийн будлианаас үүдэн улс төрийн байдал хурцадсан үед ч БНМАУ-ын Засгийн газар НҮБ-д элсэн орох өргөдлөө хоёрдахь удаагаа өгч, НҮБ-д элсэн орох эрмэлзлээ илэрхийлсээр байжээ.
БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхгүй, 1946-1948 онд өгсөн анхны хоёр өргөдлийг няцаасан учрыг дараах хүчин зүйлээр тайлбарлаж болно.
Нэгд:  НҮБ-д зонхилогч Их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагаа нь тус байгууллагыг анх байгуулахад тунхагласан гол зарчим, энх тайвныг эрхэмлэгч аливаа улсын өмнө түүний үүд хаалгыг нээлттэй байлгах зарчимтай зөрчилдөж иржээ. Хүйтэн дайны нөхцөлд НҮБ-ын үйл ажиллагаанд тэдгээр гүрнүүдийн сөргөлдөөн давамгайлж байснаас шинэ гишүүн элсүүлэх асуудлын нийтлэг зарчим алдагдах буюу шууд мухардалд орж байлаа. Тухайлбал, өргөдлөө өгсөн улсыг багцаар нь элсүүлэх түгээмэл буюу “универсализмын “ зарчмыг тойрсон Зөвлөлтийн блок, Өрнөдийн блок хоорондын сөргөлдөөн үе үе хурцдаж, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн анхдугаар чуулганы үеэр БНМАУ-ыг гишүүнээр элсүүлэн авах явдал тийм сөргөлдөөний золиос болсон байна.
Хоёрт: БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсэхэд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн байсан Гоминьданы төлөөлөгчид 1947 оноос эхлэн хориг тавих замаар шууд саатуулж байлаа. Тэд БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 онд хүлээн зөвшөөрснөөсөө няцаж, тус орныг “Дундад Иргэн улсын хэсэг” гэж үздэг явуургүй байр сууриндаа буцаж ороод, Монголын эсрэг гүтгэлгийн кампани дэгдээх зэрэг бүхий л аргыг хэрэглэсэн юм. Тэд “чөлөөт ертөнцийн” эрх ашиг, коммунизмын эсрэг тэмцэл хэмээх нэрээр “БНМАУ нь ЗХУ-ын тоглоомын улс, бүрэн бие даасан шинж чанар агуулаагүй”, “Шинжааны хил дээр Гоминьданы Хятадын эсрэг түрэмгийлэл үйлдсэн”  зэрэг элдэв шалтаг гаргаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд, ялангуяа АНУ, Их Британид хүчтэй нөлөөлж, Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцэх бүрт манай орныг няцаах вето аргаа хэрэглэж байв.
 
 
Академич, Элчин сайд Цэдэндамбын Батбаяр