sonin.mn
Сүүлийн үед манайд маш олон үйл явдал, чингэхдээ дандаа таагүй бөгөөд ноцтой үйл явдал  жирэлзэн гарч байна. Түрүүчийг нь харааж амжаагүй байхад дараагийн хараал идсэн адал явдал ундрах болов. Сайн мууг нь ч ялгахаа болив. “Дундаж” монгол баагийн толгой эргэж гүйцэв. Үйл явдлыг дагаж, нэг нэгээр нь “дүгнэх” боломжгүй болов. Одоо яахав ?! Системийн анализын аргаар сайн мууг нь ялгахаас өөр аргагүй. Гэхдээ системийн анализ бол “судлаач Ганаа” биш юм. Та ч гэсэн жаахан хичээвэл анализ хийж болно л доо. Ингээд манай нийгэмд болж буй үйл явц, хандлагыг хамтдаа шинжлээд үзье…
 
Үйл явдал бие биенээсээ урган гардаг
 
Үйл явдал бие биенээсээ урган гардаг гэвэл хэн бүхэнд ойлгомжтой. Гэхдээ энд нэг том зовлон гарч ирнэ. Ерөөсөө хүн гэдэг амьтан, ялангуяа монголчууд “их эртний” том том үйл явдлыг хачин сайн санадаг хэрнээ дөнгөж өчигдрийн үйл явдлыг “мартчихдаг” гажиг зантай. Иймээс “өчигдөр” болсон үйл явдлыг эргэн сануулъя. Өмнө нь системийн хямрал олон жил бугшран хуримтлагдаж ирсэн нь хэн бүхэнд ойлгомжтой. Харин системийн нуралт хаанаас, хэзээ эхэлсэн бэ ? гэсэн суурь асуултад хариу өгөх нь тун чухал.
 
2021.01.18. Сү туучий өгүүлэл гарав. Үүнийг одоогоор 41.000 хүн уншаад байна.
2021.01.19. Төрсөн эхийг хүүхэдтэй нь нүцгэн шахам эмнэлгээс гаргав.
2021.01.21. МАН-ын Удирдах Зөвлөл ЗГ-ыг огцруулах шийдвэр гаргав
2021.01.21. У.Хүрэлсүх ЕС-аас зугтав. Тэрээр: “Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар илэрхийлсэн жагсаалыг улстөржүүлсэн. Түүнтэй хариуцлага тооцох ёстой” гэв.  
2021.01.21. Ерөнхийлөгч Х.Баттулга: “Энэ бол төрийн эргэлт” гэв. Үнэхээр төрийн эргэлт байсан нь одоо мэдэгдэж байна.
2021.01.25. С.Ганбаатар өлсгөлөн зарлав. “Шинээр томилогдох гэж байгаа ЕС Л.Оюун-Эрдэнэ олон улсын шүүхэд ОТ-н асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэдгээ мэдэгдэх хүртэл өлсгөлөн зарлах болно” гэв.
2021.01.29. С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоов. Манай хэд хэдэн баагийгаас С.Ганбаатар юунаас болж өлсгөлөн зарласан бэ ? гээд асуухад “мартчихсан” байгаа юм чинь…  
2021.01.27. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болов.
2021.01.30. Л.Оюун-Эрдэнийн ЗГ бүрэлдэн ажиллаж эхлэв.
2021.02-04 сард ҮХЦ-ийн сунжирсан заваан будлиан болов.
2021.04.19. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргав.
2021.04.19. МАН хариу шаардлага гаргав.
2021.04.21. Дээд Шүүх нам тараах асуудал хэлэлцэхээс татгалзав.
2021.04.29. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 7 минутад эцэслэн батлав.
2021.05.06. СЕХ С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэв.
2021.05.07. СБ талбай дээр УИХ дахь АН-ын гишүүд өлсгөлөн зарлав…  
Үүнийг манайхан сайн мэддэг хэрнээ дэс дарааллыг нь “мартчихдаг” гэмтэй. Дээрээс нь олон үйл явдал зэрэг болж байгаагаас шалтгаацлын (детеминизм) хэлхээг алдчихдаг гэмтэй. Ингэвэл ямар ч дүгнэлт хийх боломжгүй. Харин ингээд эрэмбэлээд өгөхөөр чинь манай баагийнууд “санах” л ёстой доо. Энэ дунд болсон олон “жижиг” үйл явдал, суртал нэвтрүүлгийн дайныг бол ярих юм биш…
 
 
 
Гаднаас нь харахад МАН-ын тал, Ерөнхийлөгчийн тал гэж хоёр хуваагдсан дажин мэт харагдавч үнэндээ бол Сү туучийн хэргээс болж МАН болон түүний эсрэг гэсэн 2 талд хуваагдаж системийн нуралт эхэлсэн нь тов тодорхой байна.   
 
 
 
Эр зориг
 
Өмнө нь Монголчууд МАН, МАНАН-г хараан зүхэж байсан юм шүү. Үүнийг надаар хэлүүлэх юун… Улс төрийн учир начрыг гадарладаг дээд түвшний баагийнууд энэхүү “аалзны тор”, “чөтгөрийн тойргийг” Ц.Элбэгдоржоос эхлээд бүгдээрээ мэддэг байсан боловч дийлэхгүйгээ мэдээд “зохицон амьдардаг” байлаа. Ингээд арга тасраад байтал…
Х.Баттулга Сү-гийн гэмт хэргийг илчилж, оффшорын асуудлыг сөхөн тавьж, олон улсын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахыг шахаж шаардан МАН руу шууд дайралт хийж, асуудлыг МАН тарах хүртэл тулгаад тавьчих нь тэр.
 
 
 
Хэрэв Х.Баттулгаас өөр хүн байсан бол заяа нь ингэж зориглохгүй гэдгийг би баттай хэлнэ. Өөрөө ч “үхэж мэдэх” аюул заналын өөдөөс гав ганцаараа сөрөн зогсож, чингэхдээ бүр нармай дунд нь буулгаж амжина гэдэг бол асар их эрсдэл юм. Гэвч тэр эрсдэлээс айсангүй. Чухам үүнийг л улс төрийн эр зориг гэдэг юм.
 
 
 
Х.Баттулга ялагдсан уу ? Үгүй шүү. Тэр МАН буюу улс төрийн системийн нуралтыг эхлүүлэв. Зөвхөн энэ гэхэд л түүний түүхэн гавъяа мөнөөсөө мөн.
Одоо бүх төрлийн судалгаагаар Х.Баттулгын рейтинг хамгийн өндөр байна. Тэр ард түмний дийлэнхи олонхийн дэмжлэгийг хүлээж байна.         
 
УИХ юу хийв ?
 
Сү туучийн хэрэг мандсанаас эхлээд МАН тарах хэрэг мандах хүртэл бүхий л хугацаанд УИХ гөлгөр, үхээнц байдалд оров. Үхчихсэн юм уу гэтэл Сү туучийг өмөөрч, хаацайлан хамгаалах бүх асуудлыг 80-90 хувийн саналаар “түргэн шуурхай” шийддэг болов. Сүүлдээ бүр санаа амар, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд ердөө л 7 минутад багтаан өөрчлөлт оруулав. Үндсэн Хууль мууль бол хуцваа л байна. Г.Занданшатар “Зөвлөлдөх ардчиллын онол”-оо ор тас мартаж, хэлгүй болсон мэт таг дуугай болов. Ярих гэхээр ярих юм байхгүй, хэлэх гэхээр хэлэх юм олдохгүй. Иймээс зүгээр л “чимээгүй хүчиндэх” гэсэн “сайхан” ажилтай болж авав. Өөрөөр хэлбэл, УИХ  хүчингийн хэргээс өөр юу ч хийгээгүй, юу ч хийх чадваргүй болов. Сү туучийг өмөөрч л байвал юу ч хийсэн хамаагүй…
Сүүлдээ МАН-ыг өмөөрч дуугардаг 4-хөн баагий үлдэв. Эд бол Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар бөгөөд бүгдээрээ Сү туучийн “итгэмжлэгдсэн төлөөлөгчид” юм. Бусад нь бүгдээрээ амьгүй, сүнсгүй болжээ…
 
Л.Оюун-Эрдэнэ сонголтоо хийв             
 
ЗГ: 1. Цар тахлын үед, 2. Эдийн засгийн хямралын үед, 3. Системийн хямрал, нуралтын үед ажиллаж байгаа болохоор манай нэн шинэ түүхийн хамгийн хүнд нөхцөлд байгаа ЗГ гэж дүгнэж болно.  
 
 
 
Засгийн Газрын бүтэлгүй алдааг бүгдээрээ мэдэж байгаа болохоор би нэмж хэлэх хэрэг юун. 1-ийг нь засах гэхээр 2 нь нурж, 2-ыг засах гэхээр 4 нэмж эвдэрч байна. Энэ бол системийн нуралт, ЗГ-аас үл хамаарах нөхцөл юм.
 
 
 
Энэ хүнд нөхцөлд Л.Оюун-Эрдэнэ хоёр том бөгөөд “сайн зүйл” хийснийг олон хүн анзаарахгүй байна. Тэр “муу пацаан” юу хийсийм ? Энэ муу “хөлсний бичээч” МАН-ын талд орчихож…
1. Вакцинжуулалт, 2. Олон улсын Шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. 
Өө, ердөө л энэ үү ? гэж орилох гэж байгааг чинь би сайн мэдэж байна. Тогтож хайрла. Иймээс би энэ 2 том ажлыг арай дэлгэрүүлж ярина.  
 
Вакцинжуулалт бол амжилт
 
Манайхан биологи, генетикийн “мэдлэг”-ээр дэлхийд толгой цохидог болохоор би олон юм яримааргүй байна. Нөхцөл байдал туйлын хүнд байгаа нөхцөлд хулгай хийсэн үү, худал хэлсэн үү бүү мэд, ямар ч гэсэн хэд хэдэн төрлийн вакцинтай болж авав. Мөн нэмээд ирэх нь ч тодорхой байна.
Гэтэл нөгөө ард түмэн нь вакцин хийлгэдэггүй ээ. Үүнийг нотлох шаардлагагүй. Нетээр дүүрэн вакцин тарих хоосон газруудын фото зураг бий. Мөн вакцин хийлгээч гэж өдөр бүр орилж байна.  
Үүнд ЗГ буруутай юу ? Үгүй шүү. Мэдэмхий, даварсан, цатгалдсан, томрох дуртай, их зантай ард түмэн буруутай. Шуудхан хэлэхэд монголчууд шиг олон вакцин дунд тарвалзсан, цатгалдсан, томорсон, голж шилсэн ард түмэн дэлхийд байхгүй.
Саяхан 5-р сарын 1-нд “Economist” сэтгүүл: “МУ-д вакцинжуулалт хурдтай явж байна. Өнгөрсөн 7 хоногт насанд хүрэгчдийнхээ 20.4 хувийг вакцинжуулсан байна” гэж дүгнэв. Улмаар “МУ вакцинжуулалтын хурдаараа дэлхийн 200 улсаас 18-д явж байна. Одоогийн байдлаар дэлхийн насанд хүрэгчдийн 15.2 хувь  нь Ковид-19 вакцины эхний тун хийлгэсэн байгаа бол МУ-д насанд хүрэгчдийн 39.8 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн байна” гэж өгүүлжээ.
Монголд авчирсан нийт вакцины 83%-ийг ЗГ өөрийн мөнгөөр төлсөн байна. Овоо ш дээ. Би гуйлга гуйгаад, царай алдаад сууж байгаа гэж хардаж байсан юм…   
У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар хоёр улсын төсөв вакцины мөнгө түй ч тусгаагүй гэмт хэрэг үйлдчихсэн байхад Л.Оюун-Эрдэнэ хангалттай вакцин олж ирээд нийтэд нь вакцинжуулж байгааг би амжилт л гэнэ. Өөр юу гэхийм ?!
ЗГ-ийг шүүмжилж болно, гэхдээ наанатай цаанатай харж нулимах хэрэгтэй л дээ…
 
Эр хүн   
 
Саяхан 4-р сарын 30-нд Монголын ЗГ Лондонгийн олон улсын Арбитражийн Шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргав. Сөрөг нэхэмжлэл гаргах хугацаа дуусах эцсийн өдөр…
 
 
 
Манайхан энэ “том юмыг” огт тоохгүй, анзаарахгүй байгаа юм. Энэ бол маш их ач холбогдол, ихээхэн эерэг үр дагавартай, асар их зориг шаардсан том үйл явдал мөн. Ингэснээр Лондонгийн Шүүх дээр гацчихаад байсан Сү туучийн болон Рио Тинтогийн асуудал хөдөлж эхэлнэ. Мөн Сү туучийн хэргийг шүүх үргэлжлэн хэлэлцэнэ. Үүнээс илүү том, чухал ажил гэж байхгүй…
 
 
 
 
Л.Оюун-Эрдэнийг ЕС болмогц би ганцхан зүйл хүлээж байлаа. Сөрөг нэхэмжлэл. Үүнийг гаргахгүй бол Сү туучий толгойлогчтой гэмт бүлэглэлийн офшорын асуудал лөөлөө болж замхрах байлаа. Л.Оюун-Эрдэнэд итгэхэд туйлын хүнд байв. Хэрэв сөрөг нэхэмжлэл гаргахгүй бол чамайг огцруулна юу байдгийг үзүүлээд өгнө гэж “араа шүдээ хавиран” занаж суулаа. Үнэхээр байдаггүй шүү, таг чиг, хөгийн муу пацаан чинь. “Ална даа” чамайг…
Гэтэл 4-р сарын 30-нд манай ЗГ Лондонгийн арбитрын Шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргажээ. Сая нэг санаа амрав. Гол асуудал сөрөг нэхэмжлэлдээ байгаа юм биш, харин Сү туучий хэргээс мултарч, монголчууд Рио Тинтотой тулж ярих юмгүй болох гээд байсан юм. Офшорын хэргийг бол ярих ч юм биш…
Хүмүүс мэдээгүй болохоос Сү туучий олон улсын түвшинд яаж балиартсан гэж санана. Аль хэдийн  үхчихсэн СоцИнтерний албан бичиг хүртэл хийж, хийлгэж чадаж байна. Олон улсын шүүхэд нөлөөлөх гэсэн Сү туучийн заваан үйлдлийг жич ярьж болно. ЗГ-ийг бүр багалзуурдаж байв…
Одоо бол би олон улсын Шүүхийн шийдвэр нааштай гарах магадлал тун өндөр, иймээс Сү туучийн мөхөл эхэлсэн гэдгийг баттай хэлж чадна. Иймээс би Л.Оюун-Эрдэнийг эр хүн гэж хэлнэ. Тэр зөв сонголт хийжээ.
 
Хүнд сонголт
 
Л.Оюун-Эрдэнэ бол У.Хүрэлсүхийн далбаанд дор улс төрд орж, Баруунд боловсрол эзэмшин, улмаар Сү туучийн ивээлээр улс төрд орж, дээд өндөрлөгт хүрсэн залуу гэдгийг ганц би биш, хүн бүр мэднэ.
Л.Оюун-Эрдэнийн өмнө маш хүнд сонголт тулгарав. Эсвэл сөрөг нэхэмжлэлийг гацаах замаар Сү туучийг өмөөрч, түүний бүрэн мэдэлд буй МАН-ыг хамгаалах, эсвэл ард түмний талд орж, МАН дахь Сү туучийн бүлгээс ангижрах оролдлогыг эхлүүлэх. Их хүнд сонголт шүү…      
Тэр сүүлчийн өдөр хүртэл хөзрөө нууж чадав. Хамаг уур, тэвчээр бараад хаячихаж байгаа юм чинь !!! Хэвийн нөхцөлд буй ЗГ-ын хувьд бол сөрөг нэхэмжлэл гаргана гэдэг бол зүгээр л нэг хийх ёстой ажил, жирийн нэг явдал юм, харин МАН, УИХ, төр засаг бүхэлдээ Сү туучийн мэдэлд, тэр ч байтугай ЗГ-ын кабинетийн хэд хэдэн сайд байгаа өнөөгийн нөхцөлд туйлын хүнд сонголт, үнэхээрийн гавъяа мөн.
Үүнийг ЗГ-т өөрт нь “үхлийн аюултай” гээд хэлчихэд нэг их хэтрүүлсэн болохгүй л юмдаг. ЗГ-ын сөрөг нэхэмжлэл бол У.Хүрэлсүхийн “шалгаж байна” гэсэн хоосон аман яриа биш, харин жинхэнэ биетэй, бодитой үйлдэл юм.  
 
МАН одоо яахав ?
 
Сү туучийн хэрэг мандмагц МАН хагас үхлийн байдалд оров. Гэвч маш олон хүн урьдын адил МАН хүчтэй байна, хүчиндэж чадаж байна. Гэвч хамаг арга нь тасарч байна.
Одоо МАН бол Сү туучийн бүлгийг хамгаалан тулалдаж буй “Берлиний гарнизоны фашистууд” юм. Тэднийг нэг их ухаантай гэж бодох ч хэрэг байхгүй. Тэдэнд ердөө л улангасал үлдсэн байна. Энэ бол гарцаагүй мөхлийн цондон…
Л.Оюун-Эрдэнэ Лондонгийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаснаараа Сү туучий болон түүнийг бүлгийг өмөөрөхгүй, дэмжихгүй гэж ямар ч хоёрдмол утгагүй хэлчихлээ. Тэжээсэн бяруу тэрэг эвдэв.
Энэ нөхцөлд  Сү туучийн бүлэглэл “өөрийн” ЗГ-ыг унагах гол хүч болон хувирч байна. Сүүлийн хэд хоног ЗГ руу дайрах дайралтыг МАН-ын зүгээс голлон хийж, далд хуйвалдаан зохиох болов. 2-3 Ерөнхий сайд “тодорчихсон” ч байх шиг. Ядахдаа намын даргаа өгөхгүй заваарч байгааг нь харчих л даа…
ЗГ-ыг огцруулах шалтгаан ямар ч байж болно, өөр аль ч нам бүлгийн зүгээс үүнийг тавьж болно. Харин МАН-ын зүгээс буюу Сү туучийн зүгээс бол яагаад ч байж болохгүй. Энэ тохиолдолд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ийг МАН-аас өмгөөлөн хамгаалах нь зүйд нийцнэ.        
 
 
 
Сү туучийг олон хүн “ганцаараа” гэж боддог ч тийм биш юм. Сү туучий бол МАН-ын хуучинсаг, офшорчин, авилгач нарын толгойлогч, эх аалз юм. Энэ муу ёрын бүлэг, “чөтгөрийн тойрог”, “аалзны тор”-оос салчихвал МАН-ыг аврах нэг боломж нээгдэх ч юм уу, хэн мэдлээ…
 
 
 
Одоо Л.Оюун-Эрдэнэ Сү туучийн бүлгээс салах ажлаа үргэлжлүүлбэл баатар болно, хэрэв зогсвол юу болох нь хэнд бүхэнд ойлгомжтой. Ямар ч гэсэн эхлэл нь тавигдсан…
 
Дүгнэлт
 
Энэ бүхэн бол асар том өөрчлөлт шинэчлэлийн эргэлт буцалтгүй эхлэл мөн. Монголд “зэрлэг капитализм”, “капиталын анхдагч хуримтлал”, “өмч хувьчлал”, “нийгмийн баялгийн дахин хуваарилалт” хэмээн янз бүрээр нэрлэдэг дүрэмгүй, бүдүүлэг, зэрлэг үе дуусч байна. Өөрөөр хэлбэл дураараа идэж уудаг, дээрэмддэг, авилгаддаг үе түүх болон хоцорч байна.
Энэ зэрлэг, бүдүүлэг үеийн сүүлчийн ганц цайз нь МАН болон торойж үлдэв. МАН-ын аварга том мөнгөний сүлжээ бүхий л заадас углуургаараа задран нурж байна. МАН тарвал бусад бүх намууд тарах ба үүгээр улс төрийн системийн реформийн үе эргэлт буцалтгүй эхэллээ. МУ-д системийн нуралт нэгэнт эхэлсэн ба энэ нь улс төрийн бүрэн реформ хийх хүртэл зогсохгүй, нам бүлэг, хувь хүний хүсэл зоригоос хамаарахгүй үргэлжилдэг жамтай.
МАН-ыг өмөөрсөн баагийнууд реформын эсрэг үхэн хатан зүтгэж байна. Яахав, хүүхдийн дуунд оруулбал “ойлгож” магадгүй л юм: 
…Шинэчлэл реформ эхэлбэл
Сайн уу муу юу аль вэ хө…
…Сайн сайн тэр чинь сайн
Сааталгүй эхэлбэл бүр ч сайн…      
 
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?