sonin.mn
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ,Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар мэдээлэл хийж, Ц.Туваан даргатай Ардчилсан Нам АНУ-ын лобби фирмтэй  гэрээ байгуулсан асуудлаар байр сууриа илэрхийллээ.
 
 
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: "Өчигдөр твиттер дээр нэг мэдээ гарсан. Энэ мэдээнд би хувь хүнийхээ хувьд нилээн цочирдсон. Яагаад цочирдсон бэ гэхээр энэ мэдээнд  Монголын АН, АНУ-ын лобби групптэй Ерөнхийлөгчийн сонгуулиар ажиллах 2 сарын гэрээ байгууллаа. 50,000 долларын гэрээ байгууллаа гэсэн мэдээ тавигдсан байсан.
 
 
 
Яагаад  цочирдсон юм бэ гэхээр 2008 оны 07 сарын 01-ний үйл явдлын дараа Монголын улс төрийн гол гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй хууль болсон аман тохиролцоо явж ирсэн юм. Тэр нь юу вэ гэхээр сонгуулийн үеэр гадна дотны хөрөнгө мөнгө, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө авахаа больё. Сонгуулиа өөрсдөө хийж байя. Сонгуулиас бусад үед зөвлөгөө авч болно. Харин ямар ч тохиолдолд сонгуулиа бол Монголчуудынхаа хүчээр хийгээд, Монголчуудынхаа хувь заяаг Монголчуудаараа шийдүүлээд явж байя гэдэг тохиролцоо улс төрийн гол гол хүчнүүдийн хооронд байсан юм аа.
 
 
 
Энэ тохиролцоо энэ гэрээгээр эвдэгдээд, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр буюу 2021 оны 04 сарын 12-ноос 06 сарын 15-ны өдрүүдэд ийм гэрээ байгуулагджээ. 2 сарын хугацаатай, 50,000 долларын гэрээ. Бид бол аймшигтай бөгөөд аюултай 20-р зууны түүхийг давж гарч ирсэн ард түмэн шүү дээ. Монголчууд бид улстөрийн эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлддэг. Муудалцахаараа гадны хүч дэмжлэг, туслалцаанд дулдуйддаг. Татаж оролцуулдаг. Түүнээсээ болж улс эх орныхоо тусгаар тогтнолыг алддаг. Түүнээсээ болж ахан дүү Монголчуудаа алж хяддаг. Ийм аймшигтай 20-р зууныг даваад ирсэн учраас улстөрийн намуудын хооронд аман тохиролцоо, бичигдээгүй хууль байсан юм. Энэ зөрчигдөж байх шиг. Үүнд маш их харамсаж байна. Энэ гэрээ хаанаас, яагаад ил болоод гараад ирэв гэхээр “Foreignlobby.com” гэдэг веб сайттай лобби групп байдаг.  АНУ-ын гадаадын лобби бүртгэлийн тухай хууль гээд 1938 оны хуулиар АНУ-д гадаадын аль нэг байгууллага, улстөрийн хүчний өмнөөс лобби хийхээр бол бүртгүүлдэг. Тэнд бүртгүүлэхдээ гэрээгээ хавсаргадаг, АНУ-ын Хууль Зүйн Яаман дээр бүртгэгддэг.
 
Хуульзүйн Яаман дээр бүртгэхдээ АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Газрын Сөрөг Тагнуулын хэлтсийн хөтөлдөг веб сайт дээр энэ гэрээ гарч ирж байгаа юм.
 
 
Хамгийн ойлгомжгүй зүйл нь би өчигдөр Ц.Туваан гишүүнээс асуугаад хариулт авч чадаагүй. Ц.Туваан гишүүн бол би ийм гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй, би мэдэхгүй, манай намд ийм гэрээ байхгүй гэж буйд нь би үнэмшиж байна. Ц.Туваан гишүүн худлаа хэлээгүй байх. Итгэж байна. Гэтэл Ц.Туваан гишүүний нэрийн өмнөөс хэн гарын үсэг зурчихав аа? АНУлс АН-ын нэрийн өмнөөс өөрөө өөртөө 50,000 доллар төлөөд гэрээ байгуулчихаагүй нь ойлгомжтой байх. Хоёрдугаарт гэрээний зорилго нь их ойлгомжгүй байгаа юм. Гэрээний зорилго нь юу вэ гэхээр Монголын АН-ын нэрийн өмнөөс Монголын ардчилал, тусгаар тогтнолыг дэмжих гэдэг зорилготой. Яг юу хэлээд байгаа нь ойлгомжгүй ийм гэрээ байгуулчихаад байгаа юм. Ийм гэрээ байгуулсан байгуулаагүй гэдэг асуудлууд яригдаад байгаа дээр мэдээлэл өгч байна. Хоёрдугаарт үүний учрыг олоход туслаарай гэж та бүхнээс тусламж дэмжлэг хүсэж байгаа юм." хэмээв.
 
 
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
"АНУ-ын хуулийн дагуу бүх лобби компаниудтай хийсэн гэрээг ил болгодог. Энэ гэрээг ил болгосон Foreignlobby report гэдэг байгууллага бол маш олон удаа хууль бус болон ямар нэгэн байдлаар лобби хийсэн АНУ-ын Засгийн Газрын байгууллагууд, хувь иргэд, хувийн компаниудтай холбоотой лоббиг илчилдэг байгууллага байгаа юм. Эрхлэгч нь 2017 оны онлайн сэтгүүл зүйн шагнал, 2019 оны бизнесийн хамгийн шилдэг гэсэн шагналын эзэн Жулиан Пикет гэж сэтгүүлч хүний үүсгэсэн байгууллага байгаа. Энэ байгууллагын веб сайт руу ороод харахаар ази болон маш олон орны, дэлхий даяархи лобби, ялангуяа авлигын сүлжээтэй холбогдсон улстөрийн албан хаагчид АНУ-ын лобби бүлгүүдийг хөлсөлж хуульзүйн болон бусад дэмжлэг авах тухай маш олон үйл ажиллагаануудыг гаргаж тавьсан байдаг юм байна.
 
 
 
Тухайлбал 2021 оны 02 сарын 01-нд Монголын улстөрч уул уурхайтай холбоотой авлигын хэрэг дээрээ лобби хөлсөллөө гээд Ч.Сайханбилэг гишүүний хөлсөлсөн лобби гэрээг веб сайт дээрээ тавьсан байгаа юм.
 
 
 
Ингээд зогсохгүй азийн бусад улстөрчдийн дотроос, тухайлбал Мьянмарт төрийн эргэлт хийгээд байгаа Мьянмарын цэргийнхэн 2 сая долларын лобби гэрээ хийсэн тухай мэдээллийг 2021 оны 03 сарын 09-нд тавьсан байна. Гэх мэтээр бүх лобби, зарим нэг хууль бус үйл ажиллагааг илчилдэг ийм байгууллага юм байна. АН 50,000 долларын гэрээ хийсэн байгаа юм. Уг гэрээ нь улстөрийн зорилготой гэдгээ гэрээний 8-р зүйлд тавьсан. Гэрээг бүтнээр нь үзэх юм бол 50,000 доллараар зогсохгүй тухайн гэрээнд хэвлэл мэдээллийн салбарт хийсэн үйлчилгээний төлөө 100,000 доллараас доошгүй хэмжээний төлбөр орж ирэх юм бол нэхэмжлэл хүлээж авснаас хойш ажлын 3 хоногын дотор шилжүүлэх ёстой гэх мэтээр заасан байна. Мөн энэ гэрээний заалтуудыг харах юм бол маш их мөнгөн дүн байна. Монголын улстөрийн намуудын сонгуулийн тухай хуульд ОУБ-тай ямар нэгэн гэрээ хийх, үйлчилгээ авахыг хориглосон байдаг. Мөн намын тухай хуулиар намын үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх ёстой. Гэтэл уг гэрээний дүнг харахаар зөвхөн 50,000 доллар нь 142,750,000 төгрөг байгаа юм. Дахиад хэвлэлд төлөх үйлчилгээ нь зуу зуун мянган доллараар яригдах юм бол 280,000,000 гэх мэт дахиад нэмэгдээд маш их мөнгөн дүн гарах нь ээ. Өөрөөр хэлбэл АН Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж асар их мөнгөн дүн бүхий гэрээг гадаадын лобби фирмтэй байгуулсан байна. Тэр нь үндсэндээ хэвлэл мэдээлэл буюу Монголын ард түмний тархи угаах үйл ажиллагаанд зориулагдах нь ээ. Тийм учраас энэ нь улстөрийн хувьд ч, тусгаар улсын хувьд ч Монгол улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг учраас МАН-ын зүгээс маш их санаа зовж, уг мэдээллийг ил болгоод, энэ тал дээр АН албан ёсны байр сууриа хэлээчээ гэдэг утгаар уг мэдээллийг хийж байна." гэсэн юм.
 
 
 
М.Чойжал