sonin.mn
ХҮН буюу Хөдөлмөрийн Үндэсний Намын анхны дарга, үүсгэн байгуулагч С.Зоригтбаатар, ХҮНамын Чингэлтэй дүүргийн хорооны дарга С.Эрдэнэцогт нар  Сүхбаатар Дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст 12 цагаас өргөдөл гаргаж буй бөгөөд өргөдлөө өгөхийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
 
 
Энэ үеэр ХҮН буюу Хөдөлмөрийн Үндэсний Намын анхны дарга, үүсгэн байгуулагч С.Зоригтбаатар : "ХҮНам үүсгэн байгуулагдаад энэ жил 10 жилийн ой тохиож байгаа. С.Зоригтбаатар миний бие ХҮНамын даргаар ажиллаж байгаад албан ёсны хурлаа хийгээд С.Боргил гэдэг хүнд даргын үүрэгт ажил, тамга тэмдгээ хүлээлгэж өгсөн байдаг. Түүнээс хойш 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох үед Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга гэдэг хүмүүс ХҮНамын гишүүнчлэлээс татгалзаад, бие даан нэр дэвшсэн байдаг.
 
Ингээд бие дааж нэр дэвшиж, сонгуульд ялагдсаныхаа дараа 2017 оны 06 сарын 07-ны өдөр дээд шүүх дээр Б.Найдалаа гэдэг хүн ХҮНамын даргаар бүртгүүлсэн байдаг. Бүртгүүлэх явцдаа хууль бус, хуурамч бичиг баримт бүрдүүлж, Улсын Дээд Шүүхийг хууран мэхлэх замаар дарга болсон байна гэдэг нь тодорхой болж байна.
 
 
2020 оны орон нутгийн сонгуульд жинхэнэ ХҮНамынхан оролцох гээд оролцож чадаагүй. Ингээд Захиргааны хэргийн шүүх дээр шүүхдсэн. Шүүхдэх явцдаа  Улсын Дээд Шүүхийн архивт байгаа ХҮНамын материалтай танилцсан. Ингэхэд ХҮНамыг төлөөлөх эрхгүй, нэр бүхий 22 хүн хуралд сууж, төлөөлөх эрхтэй 2 хүний гарын үсгийг хуурамчаар зурж, Б.Найдалааг ХҮНамын даргаар сонгосон байсан. Тиймээс энэ хууль бус үйл ажиллагааг шалгаж, Т.Доржханд, Б.Найдалаа нарын бүртгэлийг хүчингүй болгож өгөөч ээ гэж хандсан. Энэ асуудлыг прокурорын газар хяналтандаа авч, хэрэг бүртгэлийн хэрэг нээж, би өнөөдөр гэрчийн мэдүүлэг өглөө. 2020 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд хуурамч, хулхи ХҮНам оролцсон байна.  Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны  сонгуулиас өмнө энэ бүртгэлийн асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөөч ээ гэдэг хүсэлт гаргалаа. Мөн Б.Найдалааг ХҮНамын дарга болж байх үед Т.Доржханд гэдэг хүн гадаад улсад байсан мөртлөө тогтоолд гарын үсэг нь зурагдсан байдаг. Энэ асуудалтай холбоотойгоор хилийн лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөөч ээ гэж өргөдөл гаргалаа." гэв.
 
Мөн ХҮНамын Чингэлтэй дүүргийн хорооны дарга С.Эрдэнэцогт: 
"ХҮНам нийтдээ 50 гаруй төв хорооны гишүүдтэй. 2017 оны 05 сарын 24-ний өдөр Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга гэх хүмүүс хурал хийсэн байгаа юм. Тухайн үед ямар томилгоогоор дарга болсон нь ойлгомжгүй хүмүүс байсан нь ХҮНамын дэд даргаар Б.Мөнхсоёл, Нийслэлийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр Н.Энхжаргал нар. Тухайн үед энэ хүмүүс ийм албан тушаал дээр байгаагүй ээ. Эдгээр хүмүүсийг хаанаас, хэн томилсон бэ гэдэг ямар ч тогтоол шийдвэр байхгүй. Гол асуудал нь юу вэ гэхээр төв хорооны хуралд суух дүүргийн намын хорооны дарга нар болон миний бие өөрөө, Баянгол дүүргийн намын хорооны дарга н.Бат-Амгалан, Налайх дүүргийн намын хорооны дарга нарын гарын үсгийг хуурамчаар зурчихсан. Эдгээр хүмүүс нь миний гарын үсэг биш байна гэдгээ хэлсэн. Эдгээр гарын үсгийг мөн бишийг тайлдаг хүрээлэнд нь шинжлүүлэх бичгээ өгчихсөн байгаа. Төв хорооны, хуралд суугаагүй хүмүүсээс мэдүүлэг аваач ээ, энэ хүмүүс ямар байдлаар гарын үсэг зурсан юм бэ? Яаж ирц бүрдүүлж, 2017 лны 05 сарын 27-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөр болгосон юм бэ? Үүн дээр тайлбар өгөөч ээ гэсэн хүсэлтүүдээ өглөө." хэмээсэн юм.
 
 
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар ХҮНамын албан ёсны дарга асан С.Боргилын гарын үсгийг мөн Т.Доржханд, Б.Найдалаа нар хуурамчаар зурсан бололтой.
 
М.Чойжал