sonin.mn
КИЕВ. /TASS/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинд мөргөлдөөн болж буй Донбасст уулзах санал тавьжээ. Энэ тухай тэрбээр мягмар гарагт дүрс бичлэгээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
“Өчигдөр болон өнөөдөр “Нормандын дөрвөл”-ийн /Герман, ОХУ, Украин, Франц/ зөвлөхүүдийн уулзалт болон Донбассын мөргөлдөөний зохицуулах асуудлаар холбоо тогтоох бүлгийн Аюулгүй байдлын дэд бүлгийн хурлын үеэр гал бүрэн зогсоох дэглэмийг сэргээх асуудлыг хэлэлцлээ. Үүний зэрэгцээ нөхцөл байдлыг аль болох үнэн зөв харж, ойлгохын тулд тусгаарлах шугам дээр уулзах саналыг гаргасан. Би юу ойлгох ёстой вэ? Би сар бүр тэнд очдог. Ноён Путин! Би бүр цаашаа явж, дайн болж буй Украины Донбассын аль ч хэсэгт тантай уулзахад бэлэн байна” гэж тэрбээр хэлжээ.
 
 
 
 
Украины удирдагч Орост хандан үг хэлэхдээ мөн хоёр улсын өнгөрсөн болон ирээдүйн талаарх янз бүрийн үзэл бодлыг асуудал биш харин боломж гэж харж болохыг онцлон тэмдэглээд үүнийг "ирээдүйн дайны хохирлуудыг зогсооход" ашиглах боломжтой гэж нэмж хэлсэн байна.
 
 
 
Тэрбээр мөн Украин улс барууны орнууд болон НАТО-гийн дэмжлэгийг авч байгаа бөгөөд тэд тус улсад санхүүгийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа төдийгүй Оросын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авахад бэлэн байна гэж мэдэгджээ.
В.Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахад бэлэн байгаагаа өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдэж байсан юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг