sonin.mn
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон хяналт шалгалтын ажлын талаар ярилцлаа.
 
-Хөл хорио тогтоох сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тухайлбал, махны үнэ кг тутамдаа 1000-2000 төгрөгөөр огцом нэмэгдсэн нь иргэдийн шүүмжлэлд өртсөн. Гомдол мэдээллийн дагуу танайхаас хяналт шалгалтын ажлыг шуурхай зохион байгуулсан. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?
 
-Энэ сарын 9-нөөс хойш 11 хоногийн хугацаанд хяналт шалгалтын ажлыг хийж байна. Махны худалдааны бөөний төв болох “Хүчит шонхор” захад шалгалт хийж хоёр ч торгуулийн арга хэмжээг авсан. Иргэн бүрт 300 мянган төгрөг олгох Засгийн газрын тогтоол гарсан. Дөрөвдүгээр сарын 8-ны орой 14800-16000 төгрөг байсан махны үнэ маргааш өглөө нь 18000 болтлоо өссөн. Нэг өдрийн дотор үндэслэлгүй өссөн учраас шуурхай ажиллаж, зохицуулалт хийж, цаг алдалгүй арга хэмжээ авсан.
Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага гэж бий. Тухайн байгууллагаас үнийн хөөрөгдлийг тодорхойлохдоо эрэлт нийлүүлэлтийн тасалдалтад огцом үнийн өсөлт орж ирснийг тодорхойлдог. Энэ дагуу бид тодорхой арга хэмжээг авч байна. Махны бөөний төв нэг газар байрлах нь эрүүл ахуй, үнэ, халдвар хамгааллын их хэмжээний эрсдэлийг дагуулдаг. Тиймээс Улаанбаатар хотын дөрвөн захад бөөний төв байгуулах ажлыг санаачлаад хийж байна. Одоогоор үнийн хөөрөгдөл тодорхой хэмжээнд байхгүй болсон. ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай ярьж нөөцийн махны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Нэг үеэ бодвол нөөцийн мах харьцангуй хүртээмжтэй болсон. Хонины махыг 6700, үхрийн махыг 7700, ямааны махыг 6200 төгрөгөөр худалдаалж байна.
 
-Нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүнсний захад нэгдсэн журмаар хяналт шалгалтыг зохион байгуулсан. Нарийн ногооны үнэ харьцангуй өссөн үзүүлэлттэй байна. Үүнд хэрхэн зохицуулалт хийсэн бэ?
 
-Нарийн ногооны хувьд БНХАУ-ын хил хаасантай холбоотой асуудал байна. Энэ сарын 10-ны өдөр 20 машин нэвтэрч байсан бол 15-наас энэ тоог нэмж 30, 50 болгосон. Өрх бүрийн хэрэгцээг хангахуйц хангалттай орж ирэхгүй байна. Тээврийн үнийн хөөрөгдөлтэй холбоотойгоор нарийн ногооны үнэ нэмэгдэж байна. Шадар сайдын 157 дугаар тушаалаар байгуулсан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх хүсэлт тавьсан. Тээвэртэй холбоотой асуудлыг Замын-Үүдийн шуурхай штаб, Авто тээврийн үндэсний төв, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар зэрэг холбогдох байгууллагатай ярьж, зохион байгуулалтыг хийсэн.
 
-Иргэдээс ихэвчлэн ямар төрлийн санал гомдол ирж байна. Хэдий хугацаанд хэрхэн шийдвэрлэдэг юм бол?
 
-Хуулийн хугацаа 30 хоног. Тухайн хугацаанд хяналт шалгалтын ажлыг хийж шийдвэрлэхээс гадна шаардлагатай тохиолдолд сунгадаг. Харьяаллын чиг үүргийн ажил биш бол хамаарал бүхий холбогдох байгууллагад нь албан тоот илгээдэг.
 
 
 
Тухайлбал, тог цахилгаан, контор, МҮОНРТ-ийн төлбөртэй холбоотой гомдол ирж байна. Зохицуулах хороо нь тусдаа ажилладаг. Албан тоот илгээж, бичиг авч харилцан хамтарч ажилладаг. Тухайн хүний гомдол шийдэгдэхгүй бол дахин авч хэлэлцэж, шийдвэрлүүлэхийн төлөө ажилладаг. 
 
 
 
-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухайд?
 
-Монгол Улсад тулгамдаж байгаа 76 асуудлыг гаргаж тавьсан. Дийлэнх нь хэрэглэгчийн асуудал. Хэрэглэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг сууриар нь шийдвэрлэнэ. Одоогоор хүнсний мах, эрүүл ахуйтай холбоотойг нь шийдвэрлэхээр ажиллаж байна.
 
-Иргэдээс “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө” гэсэн эзэн биегүй, баримтгүй мэдээлэл их ирүүлдэг гэсэн. Энэ талаар?
 
-Иргэд гомдлоо баримтжуулж илгээх хэрэгтэй. ШӨХТГ-ын пэйж хуудаст гомдол хүлээж авах цэс байгаа. Ихэвчлэн ерөнхий мэдээлэл явуулдаг. “Үнэ нэмэгдчихлээ” гэх мэт. Яг ямар бүтээгдэхүүний үнэ вэ гэхээр “Ер нь хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихээд байна” гэдэг. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн баримттай мэдээллээ явуулаач гэхээр “Та нар өөрсдөө шалга” гэнэ. Тиймээс иргэд хаана бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байгааг баримтуулж илгээх хэрэгтэй. Манайхаас шуурхай баг цаг алдалгүй очиж, хяналт шалгалтын ажлыг хийнэ.
 
 
С.Ичинхорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин