sonin.mn
Маргааш Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж, УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэх үндэслэлээр  мэдээлэл гаргасныг хэлэлцэх юм.
 
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр сlubhouse-д "Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцогч Д.Үүрцайхтай ярилцья" нэртэй хэлэлцүүлэг боллоо.
 
Энэ үеэр хуульч Д.Үүрцайх: "Ерөнхийлөгч Х.Баттулга асуудалд бодитой хандах үүднээс, магадгүй эрх ашиг нь хөндөгдөж байгаа институцийн хувьд тайлбар, үндэслэлийг нь сонсохийг хүссэн байх. “Хүндэтгээд” гэж байгаа юм л даа. Хүндэтгээд өөрөө очиж өгсөн гэж. Өмнө нь шүүхийн хуулийн талаар хүсэлт гаргасан. Тэр хүсэлтээ ч мөн биечлэн аваачиж өгсөн. Уг нь энэ чинь хувь хүн биш институци байхгүй юу, Ерөнхийлөгч гэдэг. Халтмаагийн Баттулга гэдэг хувь хүн биш Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг институци. Энэ нь өөрөө ажлын албатай. Төрийн байгууллага хооронд бичиг хэргийн харилцааны журамтай. Тэгэхээр түүгээрээ л явах ёстой. Гэтэл хараат бусаар ажиллах ёстой Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр очоод, уулзалт хийгээд, асуудлыг би ингэж үзэж байна гэдэг тайлбар хийгээд явж байгаа нь нөлөөлж байгаа хэлбэр гэж би харж байгаа. Одоо өрнөж байгаа бүх процессийг дүгнэхэд ЕТГазраас өөрсдөө санаачлаад, 2025 оноос гэдгийг 2021 оноос болгосныг нь харахад Х.Баттулга гэдэг хүн бол өөрөө нэр дэвших сонирхолгүй юм байна.
 
Харин үүгээр улстөрийн тоглолт хийгээд байна. Хуульчид нь өдөр бүр үндэслэлээ өөрчлөөд, олон нийтэд ойлгомжтой зүйлийг ойлгомжгүй болгоод, олон нийтийг турхираад, үүнийгээ эрх баригчид, МАН л маргаангүй газар маргаан үүсгээд, Үндсэн Хуулийн Цэц МАН-ын талд ажиллаад байна гэдэг мэдээллүүдийг түгээгээд, цацаад байна. Тэгэхээр ийм байдлаар МАН, эрх баригчид энэ бүхнийг зохион байгууллаа гэж явж байгаад, мэдээж ҮХЦэцийн шийдвэр бидний мэдээллийг дэмжиж гарна гэж бид итгэлтэй байгаа. Тэгэнгүүт Ардчилсан нам Н.Алтанхуяг гишүүнийг дэвшүүлэх гээд байгаа юм шиг байгаа юм.
 
Х.Баттулга Ерөнхийлөгчийг биш Н.Алтанхуяг гишүүнийг нэр дэвшүүлэх гээд тэр нэр дэвшигчдээ хөрс суурийг нь бэлдэх юмандаа бидний үндсэн хуулийн төлөө явсан үйл ажиллагааг хутгах, одоо тэгээд ҮХЦэц рүү Д.Одбаяр гэж хүнийг ХҮНам эсэргүүцээд өндөг шидээд, цагдаад хөөгдөөд, байцаагдаад явж байхад гарч ирээгүй нөхдүүд өнөөдөр гэнэтхэн бүр цаанаасаа тэр нөхрийн ёсзүйгүй байдал нь бодогдоод байгаа юм шиг гарч ирээд, би эх хүний хувьд гээд уйлан дуугараад, телевизээр яриад байж байна лээ.
 
Тэгэхээр иймэрхүү байдлууд бол цаад агуулгаараа угаасаа Х.Баттулга нэр дэвшихгүй, ингэж бужигнуулах л сонирхол яваад байгаа юм биш үү? Нэр дэвших сонирхолгүй байсан юм биш үү? гэж хардахад хүргээд байгаа.” гэв.
 
М.Чойжал