сонин mn

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хараат байдлыг багасгаж, улмаар 2020 он гэхэд дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангана” гэж заасан. Мөн Засгийн газрын 2016-2020, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлсэн. Ингэснээр Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар олон давуу тал бий болно. Иймд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж, энэ оны нэгдүгээр сарын 29-нд УИХ-аар баталсан. Ингэснээр тухайн бүтээн байгуулалтад ямар ахиц дэвшил гарах тухайд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Амласан ёсоороо 2025 оны эхний улиралд багтааж газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлагатай. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор хил гааль хааж, төслийн үйл ажиллагаа саатах, барилга бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн. Энэ үүднээс цар тахлаас үүсэх хүндрэл бэрхшээлийг бууруулахын тулд төр засгийн байгууллага түргэвчилсэн горимоор ажиллаж, ажлыг саадгүй явуулах нь чухал. Түүнчлэн энэ хуулиар олгосон давуу эрхийн хүрээнд Засгийн газар “Монгол газрын тос” компанид газрын тосны эрэл хайгуул хийх боломжийг олгохоор болсон.

 

 

 

Хамгийн гол нь бид түүхий эдийн тогтвортой байдал, хямд өртөгтэй түүхий эдийг бий болгох хэрэгтэй. Нэг сая тонн газрын тос үйлдвэрлэх, боловсруулах хүчин чадлаар нь авч үзвэл бидэнд түүхий эдийн хангамж хангалттай бий. Гэсэн ч түүхий эдийн найдвартай хангамжийг нэмэгдүүлэхийн тулд олборлолтын хэмжээ, эрэл хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг нэмэх шаардлага зайлшгүй бий.

 

 

Энэ үүднээс ирэх дөрвөн жилийн хугацаанд бид Монгол Улсын газрын тосны салбарт эрэл хайгуул хийж буй үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хаврын чуулганаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх, хайгуул хийж буй үндэсний аж ахуйн нэгжийг дэмжих тодорхой хөнгөлөлт чөлөөлөлт, дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж тавих болно” хэмээв.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин