sonin.mn
Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд Садыр Жапаров ялалт байгуулж байна. Байгалийн баялаг ихтэй, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлын төвд байдаг Киргизстанд үндэсний үзэлтэн Ерөнхийлөгчийн сонгуулийг хошуучилсан нь олон улсын анхаарлыг татлаа. Түүнчлэн тус улсын ард түмний саналаар Ерөнхийлөгчийн их эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Жапаров “Орос бол манай стратегийн түнш, бид холбоотнууд. ЗХУ задарсны дараа бид 30 жилийн турш стратегийн түнш байсан. Орос улс гол холбоотон хэвээр байна” гэж Бишкект ялалт байгуулсныхаа дараа мэдэгдлээ. ШХАБ болон Тусгаар улсын хамтын нийгэмлэгийн ажиглагч нар “Санал хураалт ил тод, шударга болсон” гэжээ. Шинжээчид түүнийг ялалт байгуулна гэж сонгуулиас өмнө таамаглаж байсан. Аравдугаар сарын жагсаалын дараа Жапаров Киргизийн үндэсний баатар болсон бөгөөд ойрын хамтрагчид нь Засгийн газрын гол албан тушаалд томилогджээ. Вашингтоны шинжээч Эрика Марат “Энэ удаагийн сонгуулийг ердөө хоёр сарын дотор зарлан явуулсан. Өөрөөр хэлбэл, Жапаров болон түүний тойрон хүрээлэгчдийн эрх мэдлийг хууль ёсны болгох гэсэн оролдлого” гэжээ. С.Жапаров өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайдаар сонгогдож, төрийн тэргүүн асан Сооронбай Жээнбековыг огцорсны дараа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. Парламентын сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх Бишкекийн эсэргүүцлийн жагсаал Москваг түгшээж байсан. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Беларусьт эсэргүүцлийн хөдөлгөөн байнга өрнөж, Өмнөд Кавказ дахь Туркийн нөлөө улам бүр нэмэгдэж байгаа нь Кремлийг багагүй сандаргажээ.
 
КИРГИЗИЙН ТРАМП
 
С.Жапаров шоронгоос суллагдаад тав хоногийн дараа Ерөнхий сайд болж, багийнхандаа гэнэтийн бэлэг барьсан. Тэрбээр “Кумтор” алтны ордыг улсын мэдэлд шилжүүлэхийг шаардсаныхаа төлөө улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдэг. Гурван жил ял эдэлж байх хугацаандаа эцэг эх, хүүгээ алдсан байна. Жапаров шоронд хоригдож байсан ч Засгийн газрыг илт шүүмжилсэн видео бичлэгээ цахим сүлжээнд нийтэлж байв. Улс төрийн тоймч Азим Азимов бусад шинжээчийн адил Жапаровын амжилтыг “Эрх баригчдад сэтгэл дундуур байсан ард түмний сонголт” гэж тодорхойлжээ. Азимов “Ерөнхийлөгч болох тийм ч хэцүү биш. Хошин урлагийн жүжигчин, ток шоу хөтлөгч тэр ч байтугай хоригдол байсан хүн Ерөнхийлөгч болдог” гэсэн байна. Дэвшилтэт хүрээнд Жапаровыг АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамптай харьцуулдаг. Ялангуяа түүнийг дэмжигчид өнгөрсөн долоо хоногт Капитолид үймээн дэгдээсний дараа илүү харьцуулах болсон. Профессор Эрика Марат Бишкекийн жагсаал, Капитолийн үймээнийг харьцуулаад “Популистууд ба автократууд боловсрол муу, ядуу дэмжигчдээ ашиглан ямар ч аргаар хамаагүй эрх мэдлээ хадгалж үлдэхийг оролдож байгаагийн тод жишээ. АНУ-д тэднийг баривчилж, хуулийн дагуу шийтгэсэн. Харин Киргизэд бол огт өөр хувилбар өрнөсөн. Үүний зэрэгцээ энэ төрлийн улстөрчид Засгийн эрхэнд гарах нь өндөр албан тушаал хашиж, авлигын аргаар баяжихын тулд өчигдрийн дайсны талд ордог. Киргизэд хэдхэн хоногийн дотор Жээнбековын талынхан Жапаровыг дэмжиж түүний төлөө саналаа өгсөн” гэжээ. Жапаров улс төрд шинэ хүн биш. Тэрбээр карьераа 2005 онд улсынхаа хойд нутгийн Тюп мужийн орлогч даргаар эхэлж, Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын зөвлөх болж, Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон юм. 2010 онд болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр Жапаров энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, иргэдийн дунд нэр хүндтэй болжээ. Сонгуулийн сурталчилгаандаа Жапаров уламжлалт үнэт зүйлийг ашигласан. Мөн Ерөнхийлөгч, парламентад хяналт тавих шинэ эрх мэдэл бүхий Ардын их хурлыг байгуулж, Үндсэн хуулиа шинэчлэн найруулах санал дэвшүүлжээ. Түүний “Мекенчил” буюу “Эх оронч” нам нь Киргизийн орон нутгуудад нэр хүндтэй байсан учир дэмжигчид нь Жапаровыг “жинхэнэ эх оронч” гэж нэрлэж, уулзалтад үндэсний хувцастай ирдэг байв. Тухайлбал, 34 настай Мирбек “Тэр бол итгэж болох цорын ганц улстөрч. Бусад нь зөвхөн өөрсдийнхөө халаасыг л боддог. Жапаров хайртай хүмүүсээ алдсан, мөнгөний төлөө ажиллах шаардлагагүй. Ард түмэндээ үргэлж санаа санаа тавьдаг. Би ОХУ-д барилгын талбайд ажилладаг байсан. Улс орныг дээрэмдсэн депутатууд, муу Ерөнхийлөгчөөс болж киргизүүд зовсон” гэжээ. Жапаровыг дэмжигчдийн нэг хэсэг нь ОХУ болон гадаадад хөдөлмөр эрхэлсэн залуус байв. Эх сурвалжаас үзвэл, Киргизийн 850 мянган иргэн ОХУ-д хөдөлмөр эрхэлдэг. Мөн Турк, Казахстан, Өмнөд Солонгос, АНУ зэрэг улсад гэрээгээр ажилладаг. Жапаровыг дэмжигчдийн гол цөм нь хаан болох хүртэл нь тэмцэхээ амласан ямар ч бодлогогүй залуучууд юм. Тэд ардчилсан оронд амьдрах, авлигатай тэмцэх, хүрээлэн буй орчноо хамгаалах хүсэлтэйгээ тунхагласан. Сүүлийн 10 долоо хоногт тэд Үндсэн хуулийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал хийжээ. Тус улсын парламентын гишүүдийг намын жагсаалтаар сонгодог нь хариуцлагагүй улс төрийн тогтолцоог бий болгосон. Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийн дагуу хариуцлагыг нэг хүн үүрэх нь зүйтэй гэж киргизүүд үзжээ. Иргэний нийгмийн идэвхтэн Элдар Шабданов “Парламент нам, фракцын лидерүүдийн бизнес болон хувирч, намын жагсаалтын эхэнд орохын тулд хэдэн зуун мянган ам.доллар төлдөг” гэжээ. Жапаровыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хоорондох хамгийн ширүүн тэмцэл нийгмийн сүлжээнд өрнөж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар нийгмийн сүлжээн дэх Жапаровыг дэмжигчдийн дунд төлбөртэй захиалгын бичигч олон байдаг. Жишээлбэл, фэйсбүүк дэх Жапаровыг дэмждэг бүлгүүдийн нэг нь 166 мянган гишүүнтэй, Киргизийн улс төрийн хамгийн том цахим хуудас болсон юм. Харин түүний эсрэг санал асуулгын бүлэгт 11 мянган хүн нэгджээ. Төв Ази судлаач Александра Филатовагийн үзэж байгаагаар дэмжигчид болон эсэргүүцэгчид нэг л зорилготой. Энэ нь шударга ёс. Одоогийн тогтолцоо энэ шаардлагад нийцэхгүй байгаад асуудлын гол нь оршино.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин