sonin.mn
Улаанбаатар хот 1950-аад оны үеэс албан байгууллагуудын нэр дээр зуслангийн газар олгож зуны улиралд ажилчин, албан хаагчдаа агаар салхинд гаргахад анхаардаг болсон.
 
1990-ээд оноос зуслангийн байшингуудыг хот руу хулгайгаар зөөснөөс албан байгууллагын зуслан үгүй болсон. Түүнээс хойш зарим айл их газар эзэмшиж том хаус барьдаг болжээ. Айлуудад 0.07 га газар олгох шийдвэр гарснаас хойш зуслангийн газраа кадастрын зурагт оруулан эзэмших болсон. 
 
Хот дүүргийн захиргаа 2007 оноос зуслангийн газар хувьчилна гэж худал зар тарааснаас хойш арваад жил боллоо. Хот, дүүргийн газрын албад ард түмнээ хуурахаа зогсоох, татвар хураамжийг хуулийн дагуу авдаг болбол зохистой. 2015 онд багтааж зуслангийн газрыг бүрэн хувьчлах ажлыг хийж өгнө үү хэмээн ард олон хоорондоо ярьдаг болж. 
 
Зуслангийн байранд цахилгааныг буруу холбосноос жил бүр гал гарах явдал ихэсч байна. Шатсан байшингаа хайхарч, хавь орчныг цэвэрлэхгүй газар бохирдуулсаар буй үзэгдэл Жигжид, Яргайт, Шаргаморьтод нэлээд үзэгдэх болсон. 
 
Гал хамгаалагчийн ачааллыг тохируулж тавихгүй хуучирсан утсаар монтажлах, кабелийн шугамыг газарт булахгүй ил задгай орхисноос гал гарч байна. Байшингаа хэт ойрхон барьснаас гал гарах үед дэргэдэх байшин хамт шатдаг. Шатсан байшингийн дүгнэлт шинжилгээг мэргэжлийнхэн буруу гаргадаг. 
 
Шуурхай удирдлагын 101,102,109, цахилгаан шугам сүлжээний газрууд хоорондоо холбоогүй ажилладгаас гал гарч айл өрх хохирч байгааг анхаарах хэрэгтэй. Дээрх байгууллагууд харилцан холбоотой ажиллаж буруутай үйлдэлд акт, торгууль тавьдаг болмоор байна. Хүн бүр цахилгаантай зөв харьцаж, галын аюул гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. 
 
Зуслангийн газрыг даруй хувьчлан байшингийн үзэмж, орчны тохижилт буюу мод, зүлэг, цэцгийн мандал, муу усны нүх, жорлон, автомашины зогсоол, хашаа зэргийг засварлаж, тохилог болгох талаар дүүрэг, хороод иргэдийнхээ дунд ажил зохиомоор байна. Манайхны зуслангийн байшингууд будаж засварлаагүй, дусаал гоожсон, хүйтэн тохигүй байдаг. 
 
Хуучин байраа тордож засварлахын тулд бетон цутгаад сайн суурьтай болгох, шалаа ховхлон газрыг бага зэрэг ухаад шилэн эсвэл чулуун хөвөнгөөр дулаалга хийгээд хуучин шалаа эргүүлж тавих эсвэл паркетан зүүмэл шал тавих, модон хана өмхийрөөгүй бол хөөсөн хавтангаар өнгөлөөд гадуур нь сатууркан тор тавьж, 5-10 см өнгөлгөө шавраар шавардах, цонхоо вакум болгож хаалгаа дулаалмаар байна.
 
Дотор талыг нь үртсэн хавтан, панераар доторлоод обой наах, эсвэл хөөсөн хавтангаар доторлоод гипсэн хана хийж болно. Дээврийг хөөс үртсэн ДСП хавтангаар хучиж төмөр дээвэр хийвэл байр үзэмжтэй дулаан болно. Дээд талд нь мансард хийсэн ч болно. Ингэснээр намар орой болтол суух тэр ч бүү хэл өвөлжсөн ч болно. 
 
Гадна талдаа төрөл бүрийн мод тарьж зүлэгжүүлэн сандал, явган хүний зам зэргийг хийвэл илүү тохьтой үзэмж сайтай болно. Өвөл болмогц ургасан өвсөө хадаж байвал бидэнд ч хэрэгтэй. 
 
Зуслангийн зам муудаж цоорсон, нөхөөс ихтэй, донсолгоотой байна. Шарга морьтын замыг 2014 онд засна гээд худлаа хэлж хуурсан. Энэ жил зусланд гарахаас өмнө засах шаардлагатай байв. Хүүхэд залуучуудад зориулж спорт тоглоомын талбайтай болгох, уул модоор аялахад зориулсан замыг буй болгож тордож арчлахад хүн бүр хүч хавсарч хийвэл зуслан маань сайхан болж, бидний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. 
 
Зуслангийн айлууд хоорондоо танилцаж орчноо тохижуулах, цахилгааны шугамаа эмх цэгцэд оруулах, жорлонгоо засварлах, байраа нэгдсэн журмаар хамгаалалттай болгохын тулд хөршийн холбоо тогтоох хэрэгтэй. Үүнийг дүүрэг, нутгийн захиргааны албад хамтарч зохион байгуулмаар байна.
 
Сүхбаатар дүүрэг VI хороо Д.БААТАР