Өвлийн улирал хаяанд иржээ. Өглөө босоход нэвсийтэл цас орсон байв. Эргэн тойрноо хартал нүд гялбам цав цагаан харагдана. Нийслэлд өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн тулгамдсан асуудал ар араасаа ундардаг. Үүний нэг нь автозамын хальтиргаа гулгаа, түүнээс үүдэн гарах осол юм. Жилийн жилд л анхны цаснаар автозамын хальтиргаа эхэллээ, осол аваар нэмэгдлээ хэмээн шуугидаг. Уржигдар мөн л тийм байдал үүсэв.
III, IV хорооллын эцсээс эхлээд л шүргэлцсэн автомашинууд энд тэндгүй зогсчээ. Дөнгөж орсон цас аль хэдийнэ хальтиргаа үүсгэж, зуны дугуйтай автомашинууд шарван хажуудахаа шүргэн байж зогсох юм. Микроавтобусууд өгсүүр замд бүр явж чадахгүй, автомашины урдуур хамраа чихчихээд түгжрэл үүсгэх нь энүүхэнд.
Түгжрэл үүсгэж буй бас нэг зүйл нь шинэ жолооч нар. Тэд “Уучлаарай, шинэ жолооч” гэсэн хаяг тавьчихаад заавал удаан, бас түгжрэл үүсгэж явах ёстой юм шиг аашилна. Цасаар шуурсны маргааш еглөе буюу өчигдөр ажилдаа явахаар автобусанд суулаа. Зүгээр ч нэг суугаагүй ээ.
Автобусаа цаг гаруй хүлээсэн.
Гэтэл Гандангийн орчимд ирээд таг түгжирчихэв. Арга нь барагдсан жолооч нар шарваад явахгүй байгаа нэгнийхээ автомашиныг түрж, өөрсдөө зохицуулж байж түгжрээнээс арайхийн гарч харагдлаа. Зарим нь бүр ажлаасаа хоцорлоо гээд Тасганы овоо уруудаад алхана. Алхаад явсан нь бараг илүү хурдан ажилдаа очих магадлалтай юм шиг. Ингээд суусан автобус маань явахгүй болохоор буугаад такси барилаа.
Өнөөх автобус таг зогссоор. Урд нь хөх өнгийн Рпиз маркийн автомашин зогсоно. Жолооч нь бололтой нэг хүүхэн яах учраа олохгүй, хий дэмий л ийш тийш харж бүлтэгнэнэ. Ийм л байдалтай өглөөний зам “таг" байлаа.Тэр өдөр ч нэлээд хүн ажил, хичээлээсээ хоцорсон байх. Уг нь цас орохоор хальтиргаа гулгаанаас сэргийлж, жил бүр хайлуулах бодис, элс, давс цацдаг.
Гэтэл иргэдийн дунд нийслэлийн төв зам, Засгийн газрын ордныг тойруулаад бодисоо цацчихдаг гэх яриа ч бий. Ингээд хоёр хоногийн өмнө орсон цасан шуурганаар хэчнээн тонн бодис цацсан, онцгой байдал болон цагдаагийн байгууллагад хэчнээн дуудлага ирсэн талаар албаныхнаас авсан мэдээллээ хүргэе.
Энэ жил 550 тонн бодис нөөцөлнө
Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн ерөнхий инженер, Шуурхай удирдлагын төвийн дарга С.Баяр-Өлзий:
-Өвөл цацах бодисын нөөцийг оруулж ирэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тендер зарлаад хоёр компани сонгосон. Энэ жил 550 тонн бодис нөөцөлнө. Үүний 40 орчим тонныг тендерт ялсан нэг байгууллага нийлүүлчихсэн. Нөгөө нь одоо оруулж ирж байна. Өнгөрсөн жилийн үлдэгдэл 20 гаруй тонн бодис байсан. Хоёр хоногийн өмнө орсон цаснаар нөөцөнд байсан 61 тонн бодисын 45-ыг нь цацсан. Уг нь нэг удаагийн цаснаар 25 орчим тонныг цацдаг.
Сая орсон цас нойтон, дээрээс нь мөстсөн учраас нэмж бодис цацсан. Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төвд автозамын бүх уулзварыг хянаж байдаг.
Тиймээс энэ төвийн зааврын дагуу бодисыг цацдаг. Замын бодисын хөрөнгө мөнгө Захирагчийн ажлын албаны жил бүрийн урсгал зардлаас гардаг. Өчигдөр /уржигдар/ 18.00 цагаас бодисоо цацаж, шөнөжингөө ажилласан.
Мөн өгсүүр даваа гүвээтэй газарт дуудлагаар очсон. Сүүлийн жилүүдэд орсон цасны дунджаар тооцоход энэ жил 550 тонн бодис нөөцлөх нь хангалттай гэж үзэж байна. Өнгөрсөн жил 14 удаа цас орсон. Энэ жил 20 удаа орно гэсэн урьдчилсан мэдээлэл бий. Улаанбаатар хотын төв зам түүнтэй холбосон туслах гээд нийтдээ 315 км зам манайд хамаарна. Гэр хорооллын доторх замууд тухайн дүүрэгтээ харьяалагддаг.
Тэгэхээр зургаан дүүрэг тус бүр өөрийн нөөц, замын бодисоо цацна гэсэн үг. Жил болгон дүүрэг бүр 100 гаруй тонн бсдис нөөцөлдөг. Тиймээс хотын хэмжээнд 1000 гаруй бодисын нөөц бий болно.Бодис нь нар туссан үед мөсийг хайлуулдаг үйлчилгээтэй .
Шөнө болон шуургатай үед нөлөөлөх нь бага.Явган замын хувьд нэг хүнд 600-800 метр талбай ногддог. 380 орчим хүн зөвхөн замын цэвэрлэгээнд гарсан. Цас ихээр шуурвал далан суваг цэвэрлэдэг, замын арчлалт, нөхөөс хийдэг, цэцэрлэгчдийг дайчилдаг. Ингэхээр нэг ээлжид 700 орчим хүн ажиллах боломжтой.
100 гаруй тээврийн хэрэгсэл цасанд суусан
ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч. Туяа:
-Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд энэ сарын 25-нд их хэмжээний цас орж, шуурснаас замын нөхцөл байдал хүндэрсэн. Ялангуяа Төв аймгийн Баянчандмань болон нийслэлийн хэмжээнд өдөртөө бороо, нойтон цас орж, оройдоо хүйтэрснээс автозамын нөхцөл байдал нэлээд хүндэрсэн.
Нийслэлд 100 гаруй тээврийн хэрэгсэл 200 орчим зорчигчтой цасанд суусан, замын хажуу руу автомашинтайгаа унасан, шаварт зогслоо гэсэн дуудлага хүлээн авсан. Булган аймгаас цасанд суусан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан гэх дуудлага хоёр, гурав ирсэн. Харин манайд зам тээврийн осолтой холбоотой дуудлага ирээгүй. Дуудлагын дагуу Онцгой байдлын газар иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Ер нь цас орж, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд хамтарч ажилласан. Зам тээврийн сайдын тушаалаар энэ сарын 25-ны -20.00 цагаас Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, өчигдөр өглөөний 09.00 цагт нээсэн. Тээврийн хэрэгслийн жолооч нар зам хаахаар хулгайн замаар явж шавар, цасанд суусан дуудлага өмнөх жилүүдэд ч гарч байсан.
Сая орсон цаснаар ч мөн давтагдлаа. Уг нь иргэд цасаар шуурсан үед ажлаа зохицуулж, хөдөлгөөнөө зогсоовол заавал зам хаахгүйгээр зохицуулах боломж бий. Цаг агаарын байгууллагатай хамтарч энэ сарын 21-нээс “Багц мессеж” төхөөрөмжөөр иргэдийн гар утсанд сэрэмжлүүлэг явуулсан. Тиймээс малчдаас ямар нэгэн дуудлага ирээгүй. Сэрэмжлүүлэг мэдээг олон хоногийн өмнөөс өгсөн болохоор малчид, иргэд сэрэмжтэй ажилласан байх.
Энэ жилийн хувьд цаг уурын байгууллагаас арваннэг, арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах ус дулаан хангамжийн талаар ' бүх аймагт төлөвлөгөө гаргуулан ажиллаж байна. 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цаашдаа өвөлжилтийн нөхцөл байдлын үед ямар ажил хэрэгжүүлж зохион байгуулах зэрэг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн албад ангиудын бэлэн байдлыг хангах, хүндрэл учирсан үед зөвхөн онцгой байдал бус бусад байгууллага хамтарч ажиллаж байна.
Элс, давс, бордоогүй хоосон машин явуулсан
ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, ахмад Я. Соронзонболд:
-Өнгөрсөн амралтын өдрөөр орсон цаснаар автозамын нөхцөл байдал ямар байв. Ослын хэчнээн дуудлага ирсэн бэ?
-Өнгөрсөн амралтын өдөр энэ өвлийн эхний цас орж, шуурлаа. Нийслэл төдийгүй хөдөө орон нутагт ч цас орж хальтиргаа, гулгаа үүссэнээс зам тээврийн осол цөөнгүй бүртгэсэн. Замын цагдаагийн газар амралтын өдрүүдэд 200 орчим авто ослын дуудлага хүлээн авдаг байсан бол цас орсонтой холбоотой энэ тоо эрс өсч 449 осол хэргийн дуудлага хүлээн авсан.
Улаанбаатар хотод их хэмжээний цас орж хальтиргаа үүссэний улмаас Сонгинохайрхан дүүргийн нутагболох Баянхошууны замыг өнгөрсөн ням гаригийн 19.00 цагийн үед хаасан. Хальтиргаа гулгаатай тухайн газрын өгсүүр зам руу автомашин гарахгүй байснаас Улаанбаатар нэгтгэл компаниас замын хальтиргаа, гулгааг багасгахаар дуудлага өгч элс, давс цацуулсан боловч хангалтгүй ажилласан.
Маш бага хэмжээний элс, давстай ирсэн. Хүрэхгүй болохоор нь дараагийн автомашиныг дуудсан боловч элс, давс, бодисгүй хоосон машин явуулсан байлаа. Үүний улмаас Сонгинохайрхан дүүргийг хариуцсан замын цагдаагийн алба хаагчид дараагийн шатны байгууллагуудад мэдэгдсэний үндсэнд хоёр тонн давс цацаж, хальтиргааг багасгаж, хөдөлгөөнд оруулсан.
-Дийлэнх нь ямар дуудлага байв.Энэ үеэр хүний амь нас хохирсон бэртэж гэмтсэн тохиолдол гарав уу
-Дийлэнх нь эд, материалын хохиролтой хэргүүд байв. Үүний шалтгаан нь хальтиргаатай замд хурдаа тохируулаагүй, ихэнх жолооч өвөлдөе бэлэн биш явж байгаагаас өгсүүр замд зуны дугуйтай автомашинууд гарахгүй бусад жолооч нарын хөдөлгөөнд саад учруулсан байсан. Мөн хөдөө орон нутгийн зам буюу Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол хэргийн улмаас явган зорчигч дайруулж амь насаа алдлаа.
Мөн Дарханаас Сэлэнгийн чиглэлийн замд Магс1а маркийн автомашин осолдож, нэг хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг гарсан. Тиймээс цаг агаарын нөхцөл байдлыг бүх л мэдээллийн хэрэгслээс урьдчилан мэддэг болсон тул хотоос гадагшаа, хөдөө орон нутгаас нийслэлийг чиглэж байгаа иргэд цаг агаарт анхаарч замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Мөн орон нутгийн замд хурдаа тааруулж явах хэрэгтэйг анхааруулмаар байна.
-Жолооч нар машиндаа өвлийн дугуйг тавих талд хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд өвлийн дугуйтай байна гэсэн зүйл байхгүй. Ер нь тээврийн хэрэгслийн дугуйны хээний гүнийг л тогтоосон байдаг. Есдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн мөрдөж эхэлсэн. Энэ хуулиар олон төрлийн дүрэмд өөрчлөлт оруулж байгаа. Өвлийн улиралд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдаж болзошгүй учир зөвхөн дугуйны хээний гүн дээр биш өвлийн дугуйг зайлшгүй хэрэглэх шаардлагатайг анхааруулмаар байна.
-Таны дээр дурдсан Баянхошууны замд нэлээд осол аваар гарч автомашинууд түгжрээд зогсдог. Тэр тусмаа гэр хорооллын автозамын хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх талд ямар арга хэмжээ авдаг вэ?
–Урьдчилан сэргийлэх байдлаар харьяа дүүргийн Тохижилт үйлчилгээний, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” компанийн элс, давс, бодисын нөөцийг шалгадаг. Мөн гарч болзошгүй хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхэд бэлэн байна уу, өнгөрсөн амралтын өдөр болсон шиг нөхцөл байдал үүссэн үед шөнө оройн хэдэн ч цагийн үед бэлэн байж элс, давс цацаач гэсэн мэдэгдэл шаардлагыг байнга хүргэдэг. Өнгөрсөн амралтын өдрийн нөхцөл байдалд “Улаанбаатар нэгтгэл” компани хангалтгүй ажилласан.
Ажлын цаг эхлэхээс өмнө бодисоо цацмаар байна
Иргэн Д.Эрдэнэбулган:
-Өнгөрсөн амралтын өдөр цас орсноос тээврийн хэрэгслүүдэд их хүндрэл учирлаа.Уг нь цацдаг давс, бодисоо өглөө 07.00 цагаас өмнө юм уу хүмүүс ажилдаа явж эхлэхээс урьтаж цацвал зүгээр юм. Ажиглаад байхад 10.00- 11.00 цагийн үед л цацаж байгаа харагддаг.Тэгсэн ч төв замаар цацахаас биш бусад туслах замыг орхигдуулдаг. Энэ хугацаанд хальтиргаанаас болж автомашины олон осол гарч болзошгүй болоод байна.
Бодисоо гэр хорооллын замаар цацах хэрэгтэй
Иргэн Ц.Бэхбат:
-Өглөөний 06.00 цагаас хойш Их наран, Чулуун овоо, автовокзал зэрэг газраар халтуур хийлээ. Хотын төв замаар бол хальтиргаа байхгүи. Харин гэр хорооллын замд гулгаа их байна. Сая Их нарангаас хотын төв рүү явж байхдаа золтой л осол гаргачихсангүй. Жинхэнэ уран жолоодлого хийлээ. Мөн явган зорчигчид ч гарцаараа гарахгүй гэнэт л гүйгээд гараад ирэх юм.
Цас хайлуулах тусгай бодисыг хотын төв биш захын дүүрэг болон гэр хорооллын туслах замаар цацах хэрэгтэй байна. Өгсүүр, уруу замд хальтиргаа гулгаа бий болж, зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн бөгөөд зарим зам хальтиргаатай учраас хөдөлгөөн удаашралтай байна.
Энэ үеэр замын хөдөлгөөнд оролцож цас, мөсийг нь арилгаагүй замд осолд орсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд хохирлоо замын арчлалтыг хийгээгүй байгууллагаас нэхэмжлэх боломжтойг цагдаагийн байгууллагаас хэллээ.
Цас мөсөө цэвэрлээгүй байгууллагууд иргэдэд нөхөн төлбөр олгоно
54.16. Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын .хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан атхжглдопд холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн төв зам дагуу гудамж талбай, автозамын арчлалтыг нийтийн үйлчилгээний “Улаан- баатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг бөгөөд та осолд орсон тохиолдолд тухайн газрынхаа зам талбайн арчилгааг хийх ёстой газраас хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм байна.
М.Энхцэцэг
Ц.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
.png)
Сэтгэгдэл0
Улаанбаатар нэгтгэл уначихав уу батүүл тэргүүтэй АН-н гамингууд уначихав уу.Бондын мөнгөнөөс авч их бүтээн байгуулалт хийж байгаа л гээд байсан хүү,охин хоёртоо тендер авч өгөхөөс өөр юу хийж явдаг нь ингээд илэрч байгаа юм биш үү.
ан -с бүтэлтэй юм гарахгүй....байшин барих засвар хийж л мөнгө угааж бна.
neg ajil oligtoixon xiichixgui zaaval xymyysiig uurluulj buximduulj baij genet uxaan otson met tusvuus baaxan mungu shaadag yum bishy
ЭНЭ ИНЭЭСЭН НӨХӨР ХОТЫН ХҮҮХЭД МӨН ҮҮ. БИШ БОЛ ЯАЖ ХОТЫГ БЭЛТГЭЖ МЭДЭХ ВЭ ДЭЭ