sonin.mn
Монголын ятгын урлагийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсэн СТА Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. 
 
-Та ятга хөгжимтэй хэдий үеэс нөхөрлөсөн бэ? 
 
-Намайг хүүхэд байхад ерөнхий боловс ролын сургуульд төрөл бүрийн хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг байсан. Тухайн үед эгч маань ятгын дугуйланд суралцдаг байсан нь хөгжимчин болоход нөлөөлсөн гэж боддог юм.
 
Нэг удаа гэртээ ирсэн чинь эгч ятгаа авчраад тавьчихсан байсан. Тэгээд хүүхэд зангаар түүнийг оролдож байгаад дуугаргаснаас хойш энэ хөгжимтэй амьдралаа холбосон доо. 
 
-Өөр хөгжмийн зэмсгээр хичээллэж байв уу? 
 
-Хөгжим бүжгийн коллежид бидэнд заавал төгөлдөр хуур заадаг байсныг эс тооцвол өөр хөгжмийн зэмсгээр хөгжимдөж суръя гэж бодож байгаагүй. Ер нь ятгандаа үнэнч шүү /инээв/. 
 
 
-Таныг хүүхдүүдэд хичээл заадаг гэж сонссон. Энэ талаар сонирхуулаач? 
 
-Хөгжим бүжгийн коллежид багшилж байна. Өөрийнхөө сонссон, сурсан, үзсэн харснаа бусдад заах нь миний үүрэг. Сүүлийн үед хүмүүс үндэсний хөгжим сурах сонирхолтой болжээ. Тиймээс надад хандсан хүмүүсээс сонгон шалгаруулж хичээл зааж байгаа. 
 
 
-Хүүхдүүд хөгжмөө хэр хурдан тоглож сурч байна вэ? 
 
-Ахуйгаасаа хамаараад амархан сурдаг. Монголчууд шагайг нясалж тоглодог нь ятга тоглож сурах техникийн бас нэгэн хэлбэр юм. Манай сургалтад Австрали, Японоос хүмүүс хамрагдахаар ирдэг. Тэд няслах техникийг сурахад хугацаа их зарцуулдаг. Ер нь хөгжимчин хүний хуруу чухал.
 
Хурууны өндөг нь зузаан хүний өнгө нь гоё дуугардаг. Нарийхан хуруутай том өндөгтэй хүн бас тоглож болно. Харин хурууны өндөг нь жижигхэн хүний хөгжмийн өнгө тааруухан дуугараад байгаа юм шиг санагддаг. Мөн хэт жижиг эсвэл урт хуруутай байж болдоггүй. Тэгэхлээр дунд зэргийн хэрнээ зузаан хурууны өндөгтэй хүн ятга тоглодог.
 
 
-Ятгын гарал үүслийн талаар судлаачид олон таамаг дэвшүүлдэг. Харин та ямар бодолтой явдаг вэ? 
 
-Ятга манай үндэстний хөгжим гэдэг нь батлагдсан. Манай хаад Солонгосын хаантай ураг барилдуулж байсан түүх бий. Тэр үеийн хатад нь ятгыг мундаг тоглодог байсан гэдэг. Тэдэнтэй хамт Солонгост ятга хэмээх хөгжмийн зэмсэг дэлгэрсэн гэж үздэг.
 
Тийм болохоор монгол үндэсний хөгжим гэдэг нь илүү ойр очно гэж боддог. Одоогоос 2500 жилийн өмнө байсан хоёр утастай ятга Ленинградын музейд хадгалагдаж байгаа. 
 
 
-Үе үеийн шилдэг ятгачдын хэнээс нь үлгэр дууриал авдаг вэ? 
 
-Ахмад ятгачдыгаа их хүндэлдэг. Тэд өөрсдөө хөгжмөө бичиж найруулдаг байсан. Тухайлбал, Ц.Цэрэнхорлоо гээд гоё бүтээлүүд хийгээд түүнийгээ найруулдаг сайхан уран бүтээлч байсан. Мөн миний багш Нарантуяа заах арга зүйн хувьд хэнтэй ч зүйрлэшгүй тийм сайн заавар зөвлөгөө өгдөг байсан. Одоо эргээд харахад ямар мундаг багштай байсныг цаг хугацаа мэдрүүлдэг юм. 
 
 
-“Бөртэ” хамтлаг АНУ-д зохиогдсон кино наадмын шагнал хүртэхээс гадна гадаадын том арга хэмжээний үеэр уран бүтээлээ толилуулсан туршлагатай. Гадаадад Монгол хамтлаг гэхээр хэрхэн хүлээн авдаг вэ? 
 
-Үндэстэн болгоны ардын урлаг хэзээ ч хуучирч үнэ цэнээ алддаггүй. Гэтэл сонгодог хөгжмийг хаана хэн ч тоглох боломжтой. Морин хуур, хөөмэй, хархирааны гайхамшгийг монгол хүнээс өөр хэн ч таниулж чадахгүй.
 
Тийм болохоор хөгжлийн өндөр төвшинд хүрсэн хүмүүс эргээд нүүдэлчин эртний үедээ очиход өөр мэдрэмжийг авдаг. Энэ утгаараа манай урлаг гадаадынхны гайхлыг төрүүлж чаддаг. Би Европын дөрвөн том оркестртой нэг тайзан дээр гарч байсан. Тоглолтыг маань гадаадын мундаг доктор, профессорууд үздэг.
 
Тэр болгонд манай зохиолчдын бүтээлүүд хэзээ ч гологдож байгаагүй. Харин ч “Ямар сайхан бүтээл вэ” гэж өндрөөр үнэлдэг. Одоо хэр нь монгол дуучин, уран бүтээлчийг нот мэдэхгүй гэж төсөөлдөг хүн байдаг. Гэхдээ бидний уран бүтээлтэй танилцсаныхаа дараа тэдний Монгол гэсэн төсөөлөл өөрчлөгддөг.
 
 
-Тайзан дээрээс хүн өөр өөр аргаар үзэгчидтэйгээ холбогдож уран бүтээлээ толилуулдаг. Таны тоглолтыг харахад биеийн хэлээр үзэгчидтэйгээ харьцдаг юм шиг харагддаг? 
 
-Тоглох гэж байгаа ая, хөгжмөө чин сэтгэлээсээ мэдэрч, өөрийнхөө энергээр хүмүүст уран бүтээлээ хүргэхийг хичээдэг. Тоглолтын дараа үзэгчдээс янз бүрийн сэтгэгдэл ирдэг. Тэр болгонд миний уран бүтээл хүмүүст танигдаж байна гэж ойлгодог.
 
Тийм учраас хөгжмийг зүгээр нэг тоглох бус дотроосоо мэдэрч тоглох нь чухал юм шиг санагддаг. Европод тоглолтоор явж байхад миний гарын хөдөлгөөнийг бүжигчинтэй зүйрлэж байсан. Би өөрийгөө хөгжим тоглохдоо ямар хөдөлгөөн хийдгээ мэдэхгүй. 
 
 
-Уран бүтээлч хүний хувьд ар гэрийн амьдрал хаягдчих гээд байдаг. Таны хэрхэн зохицуулдаг вэ? 
 
-Миний хань “Бөртэ” хамтлагийн ахлагч, их хуурч. Хархираа хөөмэй хийдэг хүн бий. Хэрвээ би өөр мэргэжилтэй хүнтэй ханилсан бол амжилтад хүрэх байсан уу гэж эргэлздэг юм. Манай хүн өөрөө урлагийн хүн, хамтдаа жаргал зовлонгоо хуваалцсан болохоор бие биенээ сайн мэдэрдэг.
 
Сэтгэл санаагаар унасан үедээ нэгнийгээ тайвшруулж аргаддаг. Би уран бүтээл хийхдээ нөхрөөсөө үргэлж зөвлөгөө авахаас гадна хоёр хүүхдэдээ анхаарал хандуулж чаддаггүй орхигдуулах тохиолдолд надад үргэлж тусалж дэмжиж өмөг түшиг минь болдог доо.
 
 
 
 
 
Б.Сэлэнгэ
 
Эх сурвалж: