sonin.mn

Өнөөгийи Монгол Улсын Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга байгуулагдсан цагаас эхлэн бүжгийн анги, бүжиг дэглээчийн ажлыг Ц.Сэвжид түүний хүү С.Сүхбаатар нар нэр төртэйгөөр авч явж өнөөдөртэй золгуулжээ.

 

Бүжгийн урлагийн 50 жилд бүжигчдийг сонгож, шалган авч хүн төрөлхтний "амьд баримал" гэгддэг балет-сонгодог бүжгийн дасгалыг өдөр бүр удирдан хийлгэж, монгол ардын болон олон үндэстний бүжгийн дасгалыг дэг донж манертай нь хослуулан сургуулилдаг мэргэжлийн бүжигчдийн хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлжээ.

 

Үүн дээрээ суурилж Ц.Сэвжид, Г.Цэрэндорж "Монгол бүжгийн чуулбар", "Ээрүүлт", Ц.Сэвжид, Д.Лувсаншарав "Саальчин", Ц.Сэвжид, А.Шагдарсүрэн "Халхын уянга", Ц.Сэвжид Г.Цэрэндорж "Хөдөө нутгийн залуус", Ц.Сэвжид, Э.Чойдог "Жалам хар", "Хатад", "Охидын уянга", Ц.Сэвжид, Ц.Намсрайжав "Адуучин залуус", Ц.Сэвжид, С.Сүхбаатар Г.Дарамзагд "Дамарт дударын ай", С.Сүхбаатар, Д.Лувсаншарав "Чичиргэнэ", С.Сүхбаатар, Б.Бадам "Шигшрэгт", С.Сүхбаатар. Л.Идэрбат "Цоглог залуус", С.Сүхбаатар, Ж.Мэнд-Амар, "Аргалын гал", "Чацуутан", "Монгол угсаатны уламжлал", С.Сүхбаатар, Х.Билэгжаргал "Торгууд бүжгийн чуулбар", С.Сүхбаатар, С.Сүндэд "Халх жонон" зэрэг дэлхийн төвшний гайхамшигт монгол бүжгийн соёлыг цогцлоон бүрдүүлж, бүтээн босгожээ.

 

"Жалам хар"-ын гоцлооч С.Сүхбаатар бүжиг дэглээчийн нүсэр хүнд ачааг өвлөн 1976 оноос өнөөг хүртэл хот хөдөөгийн чуулга, театр, клуб, соёлын ордон, хамтлаг, концертын хамт ард түмэнд олон зуун бүжиг дэглэсний гадна төрийн концертууд, үүний дотор дөрвөн удаа Улсын их баяр наадмын нээлтийн тоглолтыг найруулсан байх юм,

 

Анхны бүрэн хэмжээний том бүтээлүүд болох "Нарны домог", "Монгол бөхийн дуулал", "Сур харвааны дууль", "Хүлгийн дууль", "Алтан ураг" үндэсний бүжгэн жүжгийг дэглэн найруулсан байна. Бүжиглэнэ, бүжиг дэглэнэ гэдэг бол бэлэн үг, аятай дуу дуулах, сууж байгаад нот хараад хөгжим тоглохтой адил амар хялбар ажил биш.

 

Сэтгэлгээний логик, хөдөлгөөн ба хөгжмийн философи, уран мэдрэмж, биеийн гоо сайхан, хурд, хүч. үсрэлт, дүүлэлт, нумралт зэрэг маш хүнд бүхий л бие эрхтэний 240 хөдөлгөөн, авхаалж самбаа шаардсан ажил юм.

 

Аль ч урлагийн байгууллагад нүүрлэсэн хэцүү нь даргын ая эвийг олж ажлаасаа хөөгдчихгүй байх, атаархал, хов живийг даван туулаад тэсч үлдээд уран бүтээл туурвина, олон жил ажиллана гэдэг хэн хүний давах даваа биш.

 

Монголын урлагийн түүхэнд А.Загдсүрэн, П.Адарсүрэн, Н.Норовбанзад зэрэг хүнийг ид дуулж байхад нь тайзнаас буулгасан гашуун түүх цагаан цаасан дээр хараар бичээстэй бий. Үүнээс гадна 1990-ээд онд Б.Жамьяндагвыг "харгис хэрцгий" гэхчлэн элдвээр гоочилж ДБЭТ-аас хөөсөн ч тус театрын ажил унаад арга буюу буцааж ажилд нь авсан гэдэг.

 

Ер нь урлагт хатуу чанга гар "хагас цэргийн зохион байгуулалт", жинхэнэ авьяас, хөдөлмөр хэрэгтэй байдаг юм. Б.Жамьяндагва гуай 80 настай ч ДБЭТ-ын уран сайхны удирдагчаа хийгээд л явж байна. С.Сүхбаатарыг "гарын үсэг зуруулах" гэдэг аргаар ҮДБЭЧ-аас холдуулжээ.

 

Тэгээд бүжиг дэглээч маань ганц ч бүжигчингүй Улсын филармонид ажилд орсон байх юм. ҮДБЭЧ-ын эрдмийн гэдэг утга агуулгын ихэнхийг нь "Биет бус өв тээгч" С.Сүхбаатар нь чуулгадаа төдийгүй Монголын үндэсний бүжгийн урлагийн тулгуур багана, дэлхийн бүжгийн соёлд хэрэгтэй нэгэн мөнөөс мөн, Монголын болон дэлхийн үзэгчид эцэг, хүү хоёрын бүтээл голлосон "Монгол бүжгийн гайхамшиг"-аас уйдаагүйг 2013 оны хоёрдугаар сарын 4, 5-нд тоглосон дан бүжгийн концертоос харж болохоор байв.

 

Тухайн хоёр өдрийн тоглолтын үзэгчдийн суудал дүүрэн байсныг концерт үзсэн хүмүүс гэрчлэх буй заа. Ямар ч бүтээлгүй, чадваргүй нэг дарга шийдээд дэлхийд монголоо төлөөлж чадах бүтээлч авьяастнаа байх ёстой газраас нь хөөж зайлуулж байдаг нь уламжлал болсныг ССАЖ-ын сайд хийгээд тус яамны харьяа газрын дарга нар өөрчилж чадах болов уу.

 

"С.Сүхбаатарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх нь зүйтэй" гэж ҮДБЭЧ-ын захирал, ерөнхий бүжиг дэглээч, бүжгийн багш нар, бүжигчид, найруулагчид, Улсын филорманы дарга, үзэгчдийн төлөөлөл олон хүн санал нэгдэн алга ташиж байсныг би тод санаж байна. Энэ яриа чуулгын захирлын өрөөнд тоглолтын дараа буюу 2013 оны хоёрдугаар сарын 4-ний үдэш болсон үйл явдал билээ.

 

С.Сүхбаатар хийсэн бүтээснээрээ урлагийн салбарын Хөдөлмөрийн баатрууд дотроо илүү жин дарж цагийн шалгуур даах бүтээлтэй хүн гэдэг үнэнийг бичихэд сэтгэлд таатай мэдрэмж сэрдхийнэ.

Урлаг судлаач Ц.Мөнхдалай