sonin.mn
Кыргызстанд төрийн эргэлт гаргах оролдлого хийсэн хуйвалдагчдын бүлгийг илрүүлэн баривчилгаа явуулж байгаа талаар тус улсын аюулгүй байдлын албаныхан мэдээлж байна.  Тодруулбал, Кыргызстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны ажилтнууд зургаадугаар сарын 5-нд төрийн эргэлт хийхийг завдсан байж болзошгүй 30 гаруй хүнийг саатуулсан бөгөөд “Мөрдөн шалгалтын явцад тэднээс гэмт хэргийн санааг нотолсон эд мөрийн баримтыг хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Баривчлагдсан хүмүүс бүгд хэргээ хүлээж, одоогоор түр саатуулах байранд байгаа” хэмээн тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооноос мэдээлж байна.
 
Кыргызстаны Үндэсний аюулгүй байдлын хороо “хуйвалдагчдын толгойлогч, гэмт хэргийн удирдагч”-аар Элдик Кенеш улс төрийн намын дарга Роза Нурматоваг гэж нэрлэж, мөн хэрэг явдалд парламентын гишүүн Адахан Мадумаровыг буруутгаж байна. Тэд нийгэмд дургүйцэл төрүүлэх зорилгоор иргэдийг элсүүлж, уулзалтуудыг зохион байгуулж, гаднаас санхүүжилт хүлээн төрийн эргэлт хийхээр завдаж байсан хэмээн Кыргызстаны эрх баригчид үзэж байна.
 
Кыргызстанд хүчирхийллийн аргаар засгийн эрх солигдох явдал нэлээд түгээмэл бөгөөд тухайлбал, 2005 онд жагсагчид Ерөнхийлөгч Аскар Акаевыг, 2010 онд Курманбек Бакиевыг, 2017 онд Алмазбек Атамбаевыг, 2020 онд Сооронбай Жээнбековыг засгийн эрхээс түлхэн унагааж байсан.
 
Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв