сонин mn
(Хөрөг найруулал)
 
Нэг: МИНИЙ МЭДЭХ “БАТАЛЬОН” БАВУУ 
 
Яагаад ч юм бэ, “Батальон” Бавуу гэдэг нэр ихэд дотно, бараг аав шиг минь л сонсогддог юм. Бодоод байхад арга ч үгүй юм даа. 1976 онд бид ЦЕДС-д элсэн, Улиастайн эхэнд байх тус сургуулийн Сургалтын төвд цэргийн анхан шатны бэлтгэл сургуулилтад, мөн сургуулийн Үйлчилгээ ротын шинэ дайчидтай хамтдаа гарсан билээ. Даргаар нь Б.Бавуудорж дэд хурандаа томилогдсон байв.
 
 
Тухайн он жилүүдэд тэр бээр ахмад цолтой байсан санагдана. Жагсаалынх нь даргаар Танкийн механик жолооч ахлагч Цэрэнчимэд гэж даруухан нэгэн бээр ажиллаж байсан даа. Бидний сургалт, бэлтгэл тусдаа л даа. Гэхдээ л Б.Бавуудорж дарга маань зарчимч өндөр шаардлагатай ч, цэрэг дайчдадаа нэг их хатуурхаад байдаггүй, эцэг хүний ёсоор эелдэг дөлгөөн ханддаг зэрэг олон сайхан чанарыг нь тэр он жилүүдэд олж харсан сан. 
 
 
Харин энэ сайхан гэр бүлийн амьдралын тухайд хоёронтоо бичих хувь тохиосонд олзуурхаж буйгаа ташрамд дурдъюу. Бидний өвөг дээдэс “Аливаа хүн уулзах ёстой хүнтэйгээ л уулздаг” гэж сургамжилж ирсэн. Нэлээд хэдэн жилийн өмнө Б.Бавуудорж даргынхаа нэгэн насны хань Л.Өнөрдөө гуайн тухай “Соёмбо” сониндоо сурвалжлан бичиж байв. Харин өнөөдөр өөрийнх нь тухай бэсрэг хөргийг чадан ядан эмхлүүлж буй нь “Уулзах ёстой хүнтэйгээ л уулздаг” гэсэн үгийн баталгаа буюу. Нөгөө талаар энэхүү хүндтэй үүрэг даалгаврыг цэргийн сургуулийн анд, бэлтгэлд байгаа дэд хурандаа Д.Будсүрэн маань надад оногдуулсан юм.
 
 
Б.Бавуудорж дэд хурандаагийн командад манай улсын нэр хүндтэй олон сайхан залуу жинхэнэ эр хүн болон төлөвшиж, цэрэг арми, Зэвсэгт хүчин, эх орны бүтээн байгуулалт, урлаг соёл, спортын салбарт цахиур хагалан явааг тэмдэглэхэд таатай байна.
 
 
Бидний үед л гэхэд, хожмоо Монгол Улсын гавьяат жүжигчин болсон дуучин С.Бархас, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч И.Болоож, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, телевизийн нэрт хөтлөгч, сэтгүүлч Ш.Ёолк, сонин хэвлэлийн нэрт сэтгүүлч Б.Цогзаяабаатар, Улсын заан Д.Баяраа, Улсын начин С.Дамдинбазар нар ЦЕДС-ийн Үйлчилгээ ротод цэргийн алба хааж, Б.Бавуудорж даргын гараар орсон жинхэнэ унаган цэргүүд нь байлаа. Өөрийн бага сага мэдэх ийм нэг бэсрэг бичвэрийг оршил болгоод Б.Бавуудорж даргын ажил, амьдралын харгуйтай танилцуулъя.
 
Хоёр: НУТАГ УС, ЭР ЦЭРГИЙН АЛБА
 
Бавуу овогтой Бямбын Бавуудорж 1942 онд Архангай аймгийн Өндөр-Улаан  сумын нутаг “Номгон” гэдэг газар айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. 1960 онд эр цэргийн албанд нас бие тэнцэж, “Бага дарга нарыг бэлтгэх сургууль”-д хуваарилагдсанаар байлдагчаас дэд хурандаа хүртэл Монголын Ардын Арми, Зэвсэгт хүчинд амьдралаа зориулсан 30 гаруй жилийнх нь албаны харгуй эхэлсэн байна.
 
Угийн хөдөлмөрч, аливаад хариуцлагатай, авхаалжтай төрсөн тэр бээр төд удалгүй офицерын албанд шилжиж, тухайн үеийн Ардын Армийн 073, 016 дугаар ангиудад салаа, ротын даргаар ажиллаж, удаа дараагийн сайдын шалгалтаар “Тэргүүний” гэсэн тодотголд хүргэж амжсан байв.
 
Улмаар 1970 онд БХЯ-ны сайдын тушаалаар “Офицеруудын мэргэжил дээшлүүлэх дамжаа”-нд курсийн даргаар томилогдсон тэр цагаас өнөөдрийн ҮБХИС-ийн дуутай жагсаалд амьдралынхаа хорь гаруй жилийн хугацааг үдсэн гэж хэлж болно. Энэ тухайгаа тэр бээр “Шугам, мотобуудлагын ангид ажиллаж байсан надад сургуулийн орчинд дасан зохицоход нэлээд төвөгтэй байлаа. Гэхдээ сургуулийнхаа сургалт, хүмүүжлийн арга барилд амархан дасаж, нэг л мэдэхэд хорин жилийг ардаа орхиж, оюунлаг хамт олноосоо их зүйлийг сурч мэджээ. Ажил, амьдралд суралцахад үнэлж баршгүй тус дэмээ үзүүлж ирсэн хамт олон, эрдэмтэн багш нар, үе үеийн захирал, дарга нараа дурсахад сайхан байдаг юм даа” гээд Г.Түмээ, Э.Цэрэндорж, Ж.Ёндон, Ч.Самбуу, Р.Гаваа, Д.Бямбацогт, С.Ванчиндорж, Г.Рагчаа нарын генералууд, С.Сэр-Од, С.Товд, Д.Рэнцэннацаг, Я.Санжаа, Л.Дамбийням, Ш.Паламдорж, Б.Галиндэв нарын олон арван хурандаа, дэд хурандаа, офицеруудаа нэгэнтээ бахархан дурссан байна.  
 
 
Цэргийн дарга, захирагч хүнд мэдлэг, боловсрол ус агаар шиг хэрэгтэй байдаг учраас тэр бээр, энэ хугацаанд Улс төрийн дээд сургууль дүүргэж, мөн ЗХУ-д Хороо, батальоны даргын курс төгссөн нь цаашдын ажил, амьдралд чамгүй нөлөө үзүүлж, 1977 онд Үйлчилгээ батальоны штабын дарга, 1978 оноос ЦЕДС-ийн 1 дүгээр батальоны захирагчаар томилогджээ.
 
 
Энэ батальоны үндсэн үүрэг нь харуул хамгаалалтыг зохион байгуулах, сургалтыг төлөвлөх, багш, офицеруудын хамтын ажиллагааг нягтруулж, сургалтын программыг бүрэн хангахад чиглэгдэж байв. Тэр он жилүүдэд сурах ангийн дарга Н.Хасбаатар, Б.Бүрэнбаяр, С.Хүрэлбаатар, улс төрийн орлогч М.Намсрай, Эвлэлийн хорооны дарга Ж.Чинбат, Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт, онц сурлагатан Д.Жаргалсайхан, Д.Лодойхүү нарын олон сайхан шилдэг залуустай гар, сэтгэл нийлэн ажиллаж байсан тухайгаа ч сонин, номын хуудаснаа мөнхлөн үлдээсэн нь жудагтай хүний илэрхийлэл ажгуу. Б.Бавуудорж дэд хурандаа ямар нэр хүндтэй дарга, захирагч байсны нэг тод  илрэл нь, 1982 онд ЦЕДС-д бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэхэд, түүнийг тус сургуулийн Нийгмийн ухааны кафедрын орлогч даргаар томилсон явдал байв. Энэ тухайгаа мань дэд хурандаа “Кафедрын дарга хурандаа С.Баатартай хамт нэг өрөөнд сууж ажлаа явуулдаг байлаа. Миний хувьд багш хүн биш учраас надад багшийн ёс зүй, харьцаа, зан суртахуун,үйл ажиллагаа ядмаг байсан нь илт. Энэ бүгдэд С.Баатар хурандаа маань зааж зөвлөж байсан нь цаг хугацаа алсрах тусам улам дурсагдаж, тэнхимийн даргаа хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрж байдгаа бахархан хэлэх байна.
 
Намайг улс төрийн дээд боловсролтой сонсогчидтой таван жил ажилласан зэргийг харгалзан тэнхимийн орлогч дарга болгосон болов уу гэж боддог. Тухайн үед тэнхимд томилогдон очиход, надад хичээл зааж байсан миний багш нар байсан нь баярламаар ч, бас сэтгэл зовмоор...” гээд хамт ажиллаж байсан багш, ажилтнуудаа бахархан дурсжээ. 
 
Б.Бавуудорж дэд хурандаа 1982-1990 он хүртэл Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм билээ. Тэр бээр гавьяаныхаа амралтад гарсны дараа ангийнхаа Ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 2008 онд бурхны орноо дэвшсэн аж. Тухайн он жилүүдэд гарынх нь шавь нараас 20 гаруй хурандаа төрснийг, хоёр дахь гэр болсон ҮБХИС-д ажиллаж байснаа бахархан ярих дуртай болохыг нь мэдэх хүн өнөөдөр Зэвсэгт хүчний удирдлага, анги, байгууллагад нэн олон билээ. Төр засаг, мэргэжлийн байгууллагаас нь Бавуу даргад хүртээсэн одон, медаль, тэмдгийг тоочих нь илүүц биз ээ. Хэрвээ “Зэвсэгт хүчний гавьяат зүтгэлтэн” гэдэг цол байсан сан бол аль хэдийн энгэрт нь гялалзах дарга нарын нэг байсан гэдгийг нь тэмдэглэхэд хэн маргах билээ дээ.      
 
Гурав: АР ГЭР, ҮР  ХҮҮХДҮҮД НЬ
 
“Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод цэцэглэдэг” гэж бараг шүлэг лугаа сайхан үг байдаг. Б.Бавуудорж дэд хурандаа, Л.Өнөрдөө ээж нар маань есөн эрдэнэ шиг есөн сайхан хүүхдийг төрүүлж өсгөн, өв тэгш хүмүүжүүлсэн буянтнууд. Үр хүүхдүүд нь ажилласан салбар бүртээ амжилт бүтээлээр дүүрэн яваа бөгөөд дөрвөн хүүхэд нь аавынхаа ажил, үйлсийг залгамжлан Зэвсэгт хүчний анги, байгууллагад ахлагчаас хурандаа болтлоо өсөн дэвшжээ. Түүний нэгэн насны нь хань Лүүрэвийн Өнөрдөө 1942 онд Увс аймгийн Ховд суманд айлын ууган охин болон мэндэлжээ. Тэр бээр 1971 онд тухайн үеийн УБДС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэж, Увс аймгийн 1 дүгээр 10 жилийн сургууль, Ховд сумын бага сургууль, Нийслэлийн 44, 53, 68 дугаар сургуульд багшилж, хүүхэд багачуулыг сурган хүмүүжүүлэх үйлсэд 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаад, 1990 онд гавьяаныхаа амралтад гарчээ. Л.Өнөрдөө гуай Ардын хувьсгалын ойн медалиуд, “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, хэд хэдэн таван жилийн гавшгайч, “Алдарт эх”-ийн хоёр одон энгэртээ гялалзуулж, Зэвсэгт хүчний “Хатан ижий”-гээр өргөмжлөгдөн бахархал дүүрэн амьдраад 80 гаруй насыг элээн бурхны орныг зорьсон. Тэдний дөрвөн хүргэн, хоёр бэр, хоёр зээ, нэг ач нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд нэр хүндтэй ажиллаж буй нь юутай их бахархал билээ.
 
 
Хорвоо ямар тэгш байх биш дээ, ууган хүү Б.Дамдинсүрэн нь ЦНДС, БХУА-ийг дүүргэж, цэргийн анги, байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, Афганистан зэрэг улсад үүрэг гүйцэтгэж, хурандаа цолд хүрсэн ч, өнөөдөр тэднийхээ дунд алга. Охин дэслэгч Б.Баттуяа нь БХИС-ийг Ар тал, эдийн засгийн мэргэжлээр дүүргэн, Зэвсэгт хүчний анги, салбарт мэргэжлээрээ ажиллаж, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн бол охин ахмад Б.Батням нь ЦИС-ийг Радио техникийн инженер, командын офицероор төгсөж, Зэвсэгт хүчний анги, салбарт ажиллаж, мөн БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн байна.
 
 
Мөн охин ахлах ахлагч Б.Отгонтуяа нь МУИС-ийг англи хэлний багш мэргэжлээр дүүргэж, Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байгаад Зэвсэгт хүчинд шилжин ажиллаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангид англи хэлний багшаар ажиллаж байна. Ууган охин Б.Сарантуяа нь 1964 онд, удаах охин Б.Хандсүрэн нь 1969 онд мэндэлжээ.Тэдний хань бүгд л цэргийн хүмүүс. Тухайлбал, Б.Сарантуяагийн нөхөр, бэлтгэл ахмад Мягмар ЦЕДС-ийг Танкийн инженер мэргэжлээр дүүргэсэн бол Б.Хандсүрэнгийн нөхөр Л.Баатар хурандаа цолтой, цэргийн ухааны доктор юм.
 
 
Тэр бээр одоо ҮБХИС-ийн БХЭШХ-ийн Батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн даргаар ажиллаж байна. Тэгвэл, ахлах ахлагч Б.Отгонтуяагийн нөхөр, ахлах дэслэгч Э.Гантөмөр Зэвсэгт хүчний Гадаад хэлний Сургалтын төвд мөн л англи хэлний багшаар ажиллаж байна.
 
 
Хоёр буурлын ач нар болох М.Идэрхүү, Б.Баяржаргал нар нь ҮБХИС-ийг дүүргэж, мэргэжлээрээ үр дүнтэй ажиллаж байгаа ажгуу. Ийнхүү хүү Б.Нямжав нь 1973 онд, Б.Отгондаваа нь 1974 онд, отгон охин Б.Жаргал нь 1988 онд мэндэлсэн болохыг дурдаад, энэхүү хөрөг найрууллаа жаргаав. 
 
 
МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ
Эх Сурвалж: "Соёмбо" сонин