sonin.mn
Тайваний арлыг бүслэх Хятадын цэргийн хээрийн сургуулилт дууссан даруйд маргааш нь залгуулаад АНУ, Филиппиний армиудын хамтарсан  “Баликатан” гэдэг нэртэй цэргийн сургуулилт эхэллээ. Хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны түүхэнд сүүлийн 30 жилд болж байгаагүй нүсэр хэмжээний уг сургуулилт энэ сарын 28 хүртэл үргэлжлэх бөгөөд түүнд нийт 17600 цэргийн албан хаагч оролцож байна. 
 
Balikatan гэдэг нь филиппинчүүдийн ярьдаг гол хэлнүүдийн нэг болох тагал хэлний үг бөгөөд “мөр зэрэгцэх” гэсэн утгатай ажээ.
 
“Энэхүү сургуулилтын зорилго нь хямралт нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах, орон нутгийн хүн амыг дэмжих, байлдааны үүргийг биелүүлэхийн тулд нэгдсэн зэвсэгт хүчний хамтран ажиллах чадварыг сайжруулахад оршино” гэж холбоотон хоёр улсын цэргийн командлалаас гаргасан мэдэгдэлд дурджээ. 
 
 
Америк-Филиппиний сургуулилт эхлэхээс ганцхан хоногийн өмнө Хятадын цэргийн “Нэгдмэл хурц илд” гэдэг нэртэй сургуулилт дууссан бөгөөд түүнд 140 нисэх онгоц, нисэх онгоц тээгч “Шандун” хөлөг онгоц оролцсон байна.
 
 
Тайваний засаг захиргааны тэргүүн Цай Инвэн АНУ-д 10 хоногийн айлчлал хийж, Америкийн төрийн гуравдахь өндөр дээд албан тушаалтан болох Кевин Маккарти-тай уулзсанд дургүйцсэн Хятад улс “хатуу анхааруулга” өгөх зорилгоор Тайваний арлыг бүслэх, арал дээрх чухал объектуудад цохилт өгөх ажиллагааны бэлтгэл сургуулилтыг хийжээ.  
 
"Нэгдмэл хурц илд" сургуулилтын  явц 
 
 
Энэ удаагийн Америк-Филиппиний хамтарсан цэргийн сургуулилтын явцад Хятадын тал өөрийн нутаг дэвсгэр хэмээн үздэг Өмнөд Хятадын тэнгист анх удаагаа байлдааны буудлага хийх ажээ. Тухайлбал, эргийн хамгаалалтын их бууны ба нисэх хүчний анги нэгтгэлүүд хөлөг онгоц-байг устгаж живүүлнэ. Мөн Тайваниас 300 орчим км-ийн зайд орших Филиппиний Лусон арал дээр нисдэг тэргээр десант буулгах ажиллагааг гүйцэтгэнэ. Түүнчлэн Хятад, Филиппиний хооронд эзэмшлийн маргаан үүсгээд буй Спратли бүлэг арлуудад хамгийн ойр орших Палаван арлын орчимд сургуулилт хийж “эзлэгдсэн арлыг эргүүлэн авах” хувилбарыг боловсруулах ажээ.  
 
 
Харин лхагва гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр хоёр армийн төлөөлөгчид Тайваний эргэн тойронд үүссэн түгшүүртэй байдал, Хятадын цэрэг арал руу довтолсон тохиолдолд Филиппиний гүйцэтгэх үүргийн тухай асуултуудад огт хариулсангүй.
 
 
Хээрийн сургуулийн үеэр Америкийн тал дэлхийд шилдэгт тооцогддог агаарын довтолгооноос хамгаалах зенитийн цогцолборуудын нэг болох Patriot, Украинд нийлүүлж буй HIMARS пуужингийн цогцолбор, танк эсэргүүцэх “Жавелин” системээ ашиглана. 
 
"Balikatan-2023" сургуулилтын үеэр
 
Филиппиний өмнөх ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-тай тогтоосон харилцаагаа бараг бүрэн таслаад байсан бол шинэ ерөнхийлөгч Фердинанд Маркос эртний түнштэйгээ хэлхээ холбоогоо бэхжүүлэхийг эрмэлзэж байна.
 
Ташрамд дурдахад, энэ долоо хоногт Вашингтон хотноо хоёр улсын Батлан хамгаалахын ба Гадаад харилцааны сайд нарын уулзалт сүүлийн 7 жилийн хугацаанд анх удаагаа болно.  
 
Өнгөрсөн оны 6 дугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон Маркос мэдэгдэхдээ, Америкийн цэргүүд байрлах Филиппиний баазуудыг давшилтын ажиллагаанд ашиглахгүй, зөвхөн Филиппин улсын батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх зорилготой гэдгийг онцлон дурдаж байв. Филиппин бол бүс нутагтаа Америкийн цэргийн тусламжийг хамгийн ихээр авдаг улс юм.  
 
Сүүлийн үед Манила, Вашингтон хоёр Өмнөд Хятадын тэнгист хамтарсан эргүүл хийх талаар тохиролцсоноос гадна Америкийн цэргийн Филиппин дэх оролцоог өргөжүүлэх тухай гэрээ байгуулсан байна. Тохиролцсоны дагуу америкчууд нэвтрэх боломжтой Филиппиний цэргийн баазуудын тоо 4-өөр нэмэгдэж 9 болж байна.  
 
Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай 2014 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу Америкийн цэргүүд Филиппиний баазуудад байрлах бөгөөд нисэх онгоц хөөрөх буух зурвас, шатахууны агуулах, цэргийнхний амьдрах орон сууц зэрэг объектуудыг барих зөвшөөрлийг Филиппиний тал өгчээ. Гэхдээ Америкийн цэргүүд тухайн баазуудад байнга байрлахгүй юм. Эдгээр бааз нь стратегийн хувьд чухал байрлалтай бөгөөд 3 бааз нь хойд зүгт Тайваньд ойрхон, нөгөө нэг нь Өмнөд Хятадын тэнгист орших маргаантай байгаа Спратли бүлэг арлуудаас холгүй оршино.   
 
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Хятадын тал мэдэгдэхдээ, Филиппин дэх Америкийн цэргийн оролцоо улам нэмэгдэж байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд аюул занал учруулна гэдгийг анхаарууллаа.
 
“Энэ бүс нутгийн орнууд стратегийн бие даасан байдлаа хадгалж,, хүйтэн дайны үеийн сэтгэлгээ ба эвсэл хоорондын сөргөлдөөнийг сөрөн зогсох ёстой” гэдгийг Манилад суугаа БНХАУ-ын элчин сайд Хуан Силиан онцлон тэмдэглэлээ. Парасель ба Спратли бүлэг арлуудад хүмүүс суурьшин амьдардаггүй боловч тэдгээрийн эргэн тойрны ус нь загас ихтэй ба далайн тээврийн чухал замууд дамжин өнгөрдөг. Түүнчлэн далайн гүнд хийн ба газрын тосны баялаг ордууд байх магадлалтай гэж геологичид үздэг.  
 
Эдгээр бүлэг аралд өөрсдийн эзэмшлийн бүсийг тогтоохын тулд Хятадаас гадна Вьетнам, Филиппин, Малайз, Бруней улсууд ба Тайвань газар нутгийн маргаан үүсгээд байгаа билээ. Өмнөд Хятадын тэнгист Хятад улсын оролцоо идэвхжиж байгаа нь загас агнуур, далайн тээвэрт хохирол учруулж байна хэмээн маргагч талууд үздэг. Сүүлийн жилүүдэд Хятадын тал тухайн бүлэг арлуудын орчимд хиймэл арлууд байгуулж, цэргийн объектуудаа байрлуулж байгаа нь нөхцөл байдлыг хурцатгаж байна. Өмнөд Хятадын тэнгисийг Хятад улс бараг бүхэлд нь өөрийн улсын нутаг дэвсгэрт хамааруулан үздэг явдлыг үгүйсгэсэн шийдвэрийг 2016 онд Гаагын арбитрын шүүх гаргасан билээ. Харин Хятад улс шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй ба уг арлуудыг өөрийн эдийн засгийн бүс гэж үзэж, үүнийгээ “хятад иргэд 2 мянга гаруй жилийн турш арлуудыг эзэмшсээр ирсэн” гэдгээр тайлбарладаг.
 
 
Б.Адъяахүү