sonin.mn
Батлан хамгаалахын сайдын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга, хошууч А.Октярбиар ахлуулсан ажлын хэсгийнхэн 3 дугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд “Монгол эр хүний харилцаа хандлага, ёс зүй, цэргийн алба хаагчийн манлайлал” сэдэвт уламжлалт сургалтаа хагас өдрийн туршид зохион байгуулж явууллаа. 
 
Сургалтын эхэнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны мэргэжилтэн, хошууч А.Окрябрь Батлан хамгаалахын сайдын дэргэд “Иргэний зөвлөл” байгуулагдах болсон шалтгаан нөхцөл, түүний ажиллах журам, явагдсан сургалт, нөлөөлөл, сурталчилгааны ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. “Иргэний зөвлөл” нь 2021 онд ажиллах журмаа баталгуулжсанаас хойш хамгийн эхний ажил нь Батлан хамгаалах яаманд 24 цагаар “1800-1144” тусгай дугаарыг ажиллуулав.
 
Энэ нь батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд хандах иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх, хариу өгөхөд чиглэсэн бөгөөд алба хаагчдад ч нээлттэй тусгай дугаар гэж тодотголоо. Дараагийн томоохон ажил нь ҮБХИС-ийн материаллаг баазыг түшиглэж салаа, салбарын офицеруудтай вакум сургалтыг зохион байгуулав. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчидтай тулж ажилладаг офицер, ахлагчийн харилцаа хандлага ямар байхыг сургасан ба цаашдаа хүрээгээ тэлж, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагчийн орлогч нарыг хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.
 
Мөн алба хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эх оронч үзэл хүмүүжлээр төлөвшүүлэх чиглэлээр “Иргэний зөвлөл”-ийн нийгэмд гүйцэтгэсэн үүргээрээ танигдаж алдаршсан эрдэмтэн, хуульч, зохиолч, багш нараас бүрдсэн 13 гишүүн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2022-2023 онд уулзалт, сургалтыг тасралтгүй зохион байгуулсныг онцоллоо.
 
Ингэхдээ нийгмийн хөгжлийн чин хандлагаас хамааран сошиал сүлжээнд “Эх оронч үзэл, ёс зүйтэй иргэн байх тухай”  контентууд бэлтгэн түгээж, өдгөө Зэвсэгт хүчнээр хязгаарлагдахгүйгээр төрийн цэргийн болон боловсролын байгууллагад сургалтаа зохион байгуулж байгааг ярилаа. Мөн тэрээр үргэлжлүүлэн Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн бодлого, үйл ажиллагаа, онцлох ажлууд, 2023 оны зорилтын тухай мэдээлэл хүргэв. 
 
Энэ онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Цэргийн алба манлайлал”, “Дураараа биш дүрмээрээ”, “Ёс зүй харилцаа, хандлага” сэдвийн хүрээнд зарим салбар нэгж, байгууллагуудтай хамтран томоохон ажлууд зохион байгуулна гээд өнгөрсөн онд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хяналт шалгалтын нэгдсэн мэдээллийн сантай болсон гэв. Нэгдсэн мэдээллийн санд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд улирал бүр цэргийн алба, сахилга хариуцлагын тоон мэдээ, сайшаал урамшуулал, санхүүгийн тооцоогоо хүргэх гэнэ. Хошууч А.Октябрь “Нийгмийн чиг хандлага биднээс харилцаа хандлагаа өөрчлөхийг шаардаж байгаа учраас дарга төвтэй бус менежер төвтэй болоход бүх түвшиндээ анхаарах хэрэгтэй” гээд сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн командлалын удирдлагуудад талархал илэрхийллээ.
 
Дараагийн лекц нь Монгол Улсын Ардын багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, ҮБХИС-ийн тэргүүлэх профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав багшийн “Монгол эр хүн” сургалт байв. Багш Зэвсэгт хүчний олонхыг бүрдүүлсэн эрчүүд ямар байх ёстойг сургааль, дуу, шүлэг, зүйр үгээр лекцээ хослуулан бэлтгэсэн нь сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд тун ойлгомжтой байв.
 
Тэрээр лекцээ “Монгол эр хүн” дуугаар эхлүүлж, төгсгөлд нь өөрийн шавь ҮБХИС-ийн ЦНДС-ийн Артиллерийн командын гуравдугаар дамжааны сонсогч О.Алтаншагайтай мөн л эр хүний дуугаар өндөрлүүлсэн ба үүний дунд нь шигтгээ болсон олон сургамжийг өгүүллээ. Тухайлбал, эр хүний гурван тулгуур зарчим нь хамгаалах, хайрлах, нийгэмших. Эрүүл мэнд, гэр бүл, тусгаар тогтнолоо хамгаалж, хуулийн дор амьдарч, эх орныхоо төлөө хугацаат цэргийн албаа хаах нь эр хүн бүрийн заавал гүйцэтгэх үүрэг. Энэхүү үүргээ биелүүлсэн эр хүний цээжинд эх орноо хайрлах үзэл бат суудаг учраас энэ дамжлагыг заавал дамжих ёстойг онцоллоо.    
 
Үргэлжлүүлэн цэргийн алба хаагчийг удирдах, сургах тухай ярихдаа “Өнөөдөр хүчээр, өндөр дуугаар захирснаараа сайн дарга болохгүй. Ууртай, омог бардам зангаар цэргээ сургадаг тогтолцоо хоцрогдсон. Үүний бодит жишээг “Оюутан цэрэг” сургалтаас харж болно. Хэзээ ч хатуу үгээр мохоож, орилж чарлан захирах бус сэтгэлгээнд нь л юм үлдээх гэж бид хичээдэг. Үр дүнгээ ч өгдөг. “Чулуу чулуугаа дийлэхгүй, чулууг ус дийлдэг” гэдэгчлэн зөөлөн нь хатуугаа гэдэг зарчмаар манай залуу офицер, дарга нар ажиллах ёстой гэв. Үүнээс гадна “Тэргүүний байлдагч” гэж хувь хүнийг өргөмжлөхөөс илүүтэй “Тэргүүний тасаг”, “Тэргүүний салаа”, “Тэргүүний рот” гэдэг хамт олонч нөхөрсөг уур амьсгалыг бэхжүүлсэн соёл хүмүүжлийн ажлыг явуулж бай. Би биш бид гэдэг хүмүүжил хамгийн чухал гээд “Дээдэд зусаргүй, доодод найртай”, “Эр амгалан бол гэр амгалан” сэдвийн хүрээнд ёс зүйтэй цэргийн алба хаагчаас гадна халамжит хань, сайн эр хүн байхын тухай дурдав. Лекцийнхээ төгсгөлд цэргийн дарга нарын үүрэг алба хаагчдаа хамгаалах, сургах явдал. Өөрөөр хэлбэл, “Яс”-ны цэрэг хүн бэлтгэх нь цэргийн даргын үүрэг. Энхийг сахиулах ажиллагаанд явж ирчихээд өргөдлөө өгөөд гардаг ахлагч нарыг би ойлгодоггүй. Энэ бол албандаа чин үнэнчээр зүтгэх хүмүүжил дутуу байгаатай, нөгөө талаар сургалтын тогтолцоонд анхаарах асуудал байгааг илтгэж байна гэлээ. “Иргэний зөвлөл”-ийнхний сургалтын үеэр ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, СТА, ахлагч Д.Батнасан “Эр хүн”, “Мөрдэс гоёсон бүсгүй”, СТА, ахлагч Э.Гантулга “Торгон хилийн манаа”, “Баярын жагсаал” дуугаар бүрэлдэхүүнд бэлэг барьж, арга хэмжээг чимэв.  Арга хэмжээний төгсгөлд командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Өлзийбаяр сонирхолтой бөгөөд өгөөжтэй сургалт явуулсан “Иргэний зөвлөл”-ийнхөнд талархал дэвшүүлж, цаашдын ажил албанд нь өндөр амжилт хүссэн юм.
 
Ахмад Д.БОЛОР, гэрэл зургийг О.МӨНХБАТ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг