sonin.mn
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-ОХУ-аас Украинд түрэмгийлснийг буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассемблейн зургаан удаагийн тогтоолын төслийг батлах санал хураалтад Монгол Улс түдгэлзсэн санал өгч иржээ. Ер нь түдгэлзэх гэдэг нь ямар учир агуулгатай байр суурь вэ?   
 
-“Монгол Улс санал хураалтад оролцохоос түдгэлзсэн байр суурь илэрхийлэв” хэмээн зарим мэдээллийн хэрэгслээр маш буруу тайлбарлаж, олон нийтэд буруу ойлголт өгч байна билээ.
 
Өнгөрсөн оны санал хураалтын үр дүнг ч мөн ингэж буруу тайлбарлаж байсан. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн санал хураалтын Дэгийн дагуу гишүүн улсууд санал хураалтад оролцож “төлөө”, “эсрэг”, эсвэл “түдгэлзсэн” санал өгөх эрхээ эдэлдэг. “Түдгэлзэх” буюу “abstention” гэдэг нь санал хураалтад оролцоод “түдгэлзсэн” (abstain) санал өгөхийг хэлдэг. “Санал хураалтад оролцохоос түдгэлзэх” гэсэн дэг, ойлголт байхгүй.
 
Үүнийг санал хураалтад “оролцоогүй” буюу “absent”-тай хольж хутгаж ойлгоод байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны санал хураалтад 13 улс оролцоогүй. Энэ бол ажлаа тасалсантай агаар нэг юм. Санал хураалтад оролцоод “түдгэлзсэн” санал өгч байгаа нь өөрөө идэвхтэй гадаад бодлогын илрэл болдог. “Түдгэлзсэн” байр суурь бол “бие даасан байр суурь” баримталж буйг харуулж буй хэрэг. Маш тодорхой жишээ дурдвал,  1961 оны аравдугаар сард БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх асуудлыг Аюулгүйн Зөвлөл дээр хэлэлцэж санал хураах үед  АНУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч элчин сайд Х.Жост хэлэхдээ “НҮБ-д Гадаад Монголыг элсүүлэх явдалд АНУ ямар ч саад хийхгүй” гэж Байнгын төлөөлөгч Элчин сайд Стевенсоны Аюулгүйн Зөвлөлд мэдэгдсэнийг тэрбээр эш татаад... Гадаад Монгол НҮБ-ын гишүүн байж чадах  улс гэж дүгнэснийг АНУ анхааралдаа авсан. Тиймээс бид Ерөнхий Ассамблейн энэ шийдвэрийг хүндэтгэж энэ асуудал болоод Ерөнхий Ассамблейд хэлэлцэгдэх үед ямар ч саад хийхгүй болно.
 
Иймээс Гадаад Монголыг элсүүлэх тухай тогтоолд санал өгөхөд АНУ түдгэлзэх болно”   гэсэн байдаг.  Ийнхүү АНУ, БНМАУ-ын НҮБ-д гишүүнээр элсэх асуудалд “замыг нь засч” санал хураалтад түдгэлзэж дипломат заншилд “дэмжихгүй ч эсэргүүцэхгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг.
 
Энэ бол НҮБ-ын архивын баримт юм. Тиймээс Монгол Улсын “түдгэлзсэн” санал өгсөн байр суурийг  “гуравдагч хөрш”-ийн бодлогоос ухарсан, Өрнөдийн эдийн засгийн хоригт орох боломжтой санал мэтээр аль нэг улс гүрний нэрийн өмнөөс монголчууд өөрсдөө тайлбар хийж байгаа нь үнэхээр зохисгүй үйлдэл  болов уу. Монгол Улс FATF болон Европын холбооны хар, саарал жагсаалтад орж л байсан. Гэхдээ тэдгээр нь өөр асуудал байсан юм.
 
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөсөн. Та Солонгост суралцаж төгссөн хүний  хувьд хоёр орны стратегийн түншлэлийн онцлогийг юу гэж харж байна?
 
-НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал  буюу UNCTAD 2021 оны долдугаар сард БНСУ-ыг албан ёсоор “хөгжингүй орон”  болсныг зарлаж, статусыг нь шинэчилсэн. БНСУ дижитал технологи болон зөөлөн хүчний маш их чадавхтай дунд хүчний гүрэн юм. БНСУ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод тодорхой байр  суурь эзэлж буй нь нэгдүгээрт, монгол-солонгос хоёр үндэстэн  угсаа гарвал нэгтэй, соёл боловсролын нэн эртний хэлхээ холбоотой. 2025 онд 1030 жилийн ой нь болно.
 
Хоёрдугаарт, Монгол, Солонгос хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлстэй. 
 
Гуравдугаарт, Монгол, Солонгосын эдийн засгийн бүтэц нь бие биеэ харилцан нөхөх боломжтой.
 
Дөрөвдүгээрт,  Өмнөд Солонгост Монголын 50 илүү мянган иргэд ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь Монголын нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй Солонгосын жижиг, дунд үйлдвэрийн ажиллах хүчний хомсдолыг нөхөх үйлд эерэг нөлөө үзүүлж буй явдал юм. 
 
Тавдугаарт,  Монгол Улс хоёр Солонгостой тэгш сайн харилцаатай бүс нутгийн цөөхөн улс орнуудын нэг. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, хоёр солонгосыг энхтайванаар нэгдэх үйл хэрэгт зохих үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэг.
 
2017-2018 онд Монгол Улсад  БНСУ-ын Элчин сайдаар ажиллаж асан Жөн Жэ-Нам Өмнөд Солонгосыг Монгол Улсын 22 дахь аймаг хэмээн нэрлэж байсан  бөгөөд мөн БНСУ-ыг монголчуудад ажил олгогч улс хэмээх хошигнол ч гарсан байдаг. Хэрэв муугаар бодоход Солонгосын хойгт дайн дэгдсэн тохиолдолд 50 илүү мянган монгол иргэдийн эрх ашиг хөндөгдөх нь тодорхой. Тиймээс Солонгосын хойгийн аюулгүй байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд хамааралтай болсон. 1999 оны тавдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жүний айлчлалаар хоёр орны хооронд “харилцан нөхөрсөг хамтын ажиллагаа, хөгжлийн түншлэл”, 2006 оны тавдугаар сард Ну Мү Хён Ерөнхийлөгчийн айлчлалаар “сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”, 2011 оны наймдугаар сард Ий Мён Пак Ерөнхийлөгчийн айлчлалаар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тавьсан.  
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дижитал саммит хийж, хоёр орны “иж бүрэн түншлэл”-ийн харилцааны түвшинг шат ахиулж “стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр харилцан тохиролцсон нь дипломат харилцаанд гарч байгаагүй шинэ үзэгдэл болсон.  Энэ талаар тодруулахгүй юу?
 
-XXI зуунд хоёр улс “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд  тулгуурлан улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов.
 
Солонгост Монголын 50 илүү мянган иргэд сурч, хөдөлмөрлөж, ажиллаж байна. Гадаад улс оронд ажил эрхэлж буй иргэдийн эх орон руугаа гуйвуулдаг валютын 2022 оны нэгдсэн тайланг өнгөрсөн оны сүүлчээр Дэлхийн банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран гаргасан. Монголчууд 1998 оноос хилийн чанадаас мөнгө шилжүүлж эхэлснийг дээрх тайланд өгүүлжээ.
 
Тухайн жилд зургаан сая, 2000 он хүртэл арван сая ам. доллараас бага хэмжээний мөнгө шилжүүлж байсан бол үүнээс хойш тасралтгүй нэмэгдэж иржээ. 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар гадаад орнуудаас  Монгол руу шилжүүлсэн иргэдийн мөнгөн дүн 500 сая ам. доллараар хэмжигдэж байгаа нь ДНБ-ий 3.2 хувьтай тэнцэж байна. Монгол Улсын тухайд 2020 оны хүн амын тооллогоор гадаадад оршин суугаа иргэн 122,301 байгааг Үндэсний статистикийн хороо танилцуулсан. Тэдний 58 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь Ази-Номхон далайн бүс нутагт амьдарч ажиллаж байна гэсэн судалгаа гаргаж байжээ.
 
Тиймээс БНСУ-аас Монгол руу гуйвуулж  буй мөнгөн хөрөнгө жилд дунджаар 250-300 сая ам.доллар болно. Энэ нь улс орны нийгэм-эдийн засаг, айл гэрийн аж амьдралд маш чухал нөлөө үзүүлж байна. 
 
Хоёр улсын харилцан нөхсөн хамтын ажиллагааны нэг чухал чиглэл нь Монголоос БНСУ-д ажиллагсад гэрээгээр гаргах явдал билээ. Монгол Улсаас 1993 оны зургадугаар сард анхны үйлдвэрийн дадлагажигсад Солонгосын цэргийн оёдлын үйлдвэрт ажиллаж эхэлсэн. 1996 оны дөрөвдүгээр сард БНСУ-ын Засгийн газар тогтоол гаргаж, анх удаа гадаадаас ажиллах хүч авах улсуудын жагсаалтад Монгол, Казахстан улсуудыг оруулж 10 жилийн хугацаанд үе шаттайгаар 20 мянган ажилчид авахаар болж байсан. Учир нь тухайн үед БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрүүдэд ажиллах хүчин нэлээд хэмжээгээр дутагдалтай байсан бөгөөд тэр нь одоо ч  үргэлжилсээр байгаа юм. 1996 онд БНСУ-ын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдаас социологийн судалгаа авахад нэг хүрэхгүй хувь нь үйлдвэрт ажиллах сонирхолтой гэсэн дүн гарч байсан.
 
1996 онд Монгол Улсаас БНСУ-д ажиллах хүчин гаргах асуудлаар хоёр тал тохиролцож эхний ээлжийн 250 хүнийг явуулж эхэлсэн байдаг. БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдээс Монгол руу гуйвуулж байсан валют  мөнгөн дүнгээрээ жилд ойролцоогоор 250 сая  ам. доллараар хэмжигдэж байсан нь хандивлагчдын бүлгээс жилд Монголд амлаж байсан нийт зээл, тусламжийн бараг 80 хувьтай тэнцэж байсан.
 
Энэ бол статистикийн бүртгэлд ордоггүй, эргэж төлөгдөхгүй, онцгой хөрөнгө оруулалт байсан бөгөөд эдүгээ амжилттай үргэлжилж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Айлчлалын үеэр “Эдийн засгийн түншлэлийн Ерөнхий хэлэлцээрийн төслийн хэлэлцээг эхлүүлэх тухай Монгол Улс, БНСУ-ын Хамтарсан Мэдэгдэлд гарын үсэг зурсан нь худалдаа-хөрөнгө оруулалтын эрхзүйн орчинг сайжруулахад ач холбогдолтой болсон. Түүнээс гадна Монгол Улс, БНСУ хоёр Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улсууд юм. 2021 оны нэгдүгээр сараас Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр хэлэлцээрийн анхдагч гишүүн БНСУ-тай зарим бараа бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлттэй худалдаа эхлэхээр болсон. Энэ хүрээнд БНСУ 2.797 бүтээгдэхүүнд тавих татвараа дунджаар 33.4 хувь бууруулах бол Монгол Улс 366 нэр төрлийн бүтээгдэхүүний татвараа 24.2 хувиар бууруулж, чингэснээр хоёр улсын худалдааны хэмжээ өсөн нэмэгдэнэ хэмээн үзэж буйгаа БНСУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Эдийн засаг, Сангийн сайд Хон Нам-Ки 2020 оны аравдугаар сарын 30-нд мэдэгдэж байсан юм. “Гуравдагч хөрш”  БНСУ, дижитал технологийн гол түүхий эд байгалийн ховор элементийн салбарт хамтран ажиллах саналаа илэрхийлж эхэлсэн. Энэ бол “гуравдагч хөрш”-үүдтэй эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн баяжуулж буй шинэ чиглэл. Түүнчлэн айлчлалын үеэр визийн хөнгөлөлтийн болон бусад олон асуудал дээр хоёр тал тохиролцоонд хүрснийг иргэд маш сайн мэдэж байгаа болов уу. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн албан ёсны айлчлал БНСУ-тай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжлэгдсэн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж хэлж болно.      
 
-Сүүлийн жилүүдэд “Чөлөөтэй, нээлттэй, энхтайван, хөгжилт цэцэглэлтийн төлөөх Энэтхэг-Номхон далайн стратеги” түүнд Монгол Улсын эзэлж буй байр суурийн талаар тэмдэглэх боллоо.  Түүний гол утга чанар нь юунд оршиж байна вэ?
 
- Цагаан ордон 2022 оны хоёрдугаар сард “Энэтхэг-Номхон далайн стратеги”-ээ шинэчилж, БНСУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Чөлөөтэй, энхтайван, хөгжилт цэцэглэлтийн төлөөх Энэтхэг-Номхон далайн стратеги”-ийг, Япон 2022 оны арванхоёрдугаар сард Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалаа, Австрали 2022 оны хоёрдугаар сард “Энэтхэг-Номхон далайн стратеги”-ийг тус тус баталсан байдаг.
 
2023 оны намар хамгийн том хөгжиж буй ардчилсан Энэтхэг улс хүн амын өсөлтөөр Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай ардчилсан орон болохоор байна. Сонгуулийн насны 900 сая хүн олон намын системээр сонгууль явуулж, засаг төрөө эмхлэн байгуулдаг. Энэ бол гайхмаар үзэгдэл гэж Өрнөдөд тэмдэглэдэг.
 
Хятадтай худалдааны сөргөлдөөнтэй АНУ-ын дижитал технологийн компаниудын хөрөнгийн хөдөлгөөн Хятадаас Энэтхэг рүү үе шаттай шилжиж байна. Энэ бол өрсөлдөөний хамгийн шилдэг арга зам гэж үзэх болсон. АНУ, түүний хамгийн ойрын холбоотнууд  батлан хамгаалах чадавх нь эрчимтэй өсч буй Хятад улстай тулаан хийхгүй нь мэдээж. Энэ нь АНУ, түүний хамгийн ойрын холбоотнууд  ардчилсан Энэтхэгийг хүчирхэгжүүлэх замаар Хятадыг хазаарлах аюулгүй байдлын механизмыг бүрдүүлэх явдал гэж үзэл баримтлалаа тодорхойлж байна. Энэ чиглэлд Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ буюу Quad SD, Австрали, Их Британи, АНУ-ын Цэрэг-аюулгүй байдлын AUKUS хэмээх Пакт байгуулсан нь хамгийн том алхам гэж үзэж байна.
 
2014 оны есдүгээр сард Энэтхэг-Япон хоёр улс “Тусгай Стратегийн Глобал түншлэл” байгуулсан. 2015 оны арванхоёр дугаар сард Абэ Шинзо, Нарендра Моди нар Шинэ-Дели хотноо “Япон, Энэтхэгийн харилцааны шинэ эрин үед Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Япон, Энэтхэгийн алсын хараа 2025 он хүртэл хамтран ажиллах Тусгай Стратегийн болон Глобал түншлэл” гэсэн хамтарсан мэдэгдэлийг гаргасан байдаг.
 
Ингэж Энэтхэг-Номхон далайн стратеги гарч ирсэн. Хүйтэн дайны үед Зөвлөлт, Хятадын харилцаа ноцтой хурцадах цаг дор Зөвлөлт, Энэтхэгийн харилцаа ч эрчимтэй хөгжиж эхэлсэн байдаг юм.  Дээрх Монгол Улсын “гуравдагч хөрш” гүрнүүд “Чөлөөтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далайн стратегид ижил нийтлэг үнэт зүйл эрхэмлэдэг ардчилсан Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэж үзэж байна.
 
-Сүүлийн үед Монгол Улсад тогтолцооны өөрчлөлт хийх тухай  асуудал олны анхаарал татаж байна.  Энэ  талаар та ямар байр суурьтай байна вэ?
 
-Тогтолцооны өөрчлөлт гэдэгт чухам юуг хамруулж ойлгох талаар нэгдсэн ойлголтод хүрэх явдал  чухал юм шиг байна лээ. Бид аясын салхинд туугдаж болохгүй. Шуурган дунд зүг чигээ олохуй” гэсэн чухал хэлц үг байдаг.  Сонгуулийн тогтолцооны тухайд сонгуулийн холимог болон мажоритор тогтолцооны аль аль нь харьцангуй давуу болон сул талтай. Мажоритор тогтолцооны сул тал нь төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг тарамдуулснаар томоохон мега төсөл хөтөлбөрийг урагшлуулж чадахгүй байна. Мөн үйл ажиллагаа тойргийн явцуу хүрээнд хашигдаж байгаа нь харагдаж байна. Холимог тогтолцооны сайн тал нь төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг макро түвшинд  хэрэгжүүлэх боломжийг олгодог. Сул тал нь аль нэг улс төрийн нам парламентад үнэмлэхүй олонх байтугай, ердийн олонхи ч болж чадахгүй болох магадал өндөр байдаг. Энэ тохиолдолд хамтарсан, эсвэл эвслийн Засгийн газар эмхлэн байгуулагдсанаар огцрох магадал өндөр болж, Засгийн газрын тогтвортой ажиллах боломж хязгаарлагдах талтай байдаг. 
 
 
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин