sonin.mn
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцийн бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүх хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ялангуяа, хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлсон. Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна.
 
Тэгвэл энэ удаа бид “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа эхлүүлж 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, байр суурийг хүргэж байна. Дундговь аймгийн ИТХ нь 35 төлөөлөгчтэй. Үүнээс долоон эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Энэ нь нийт төлөөлөгчийн 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн үг юм.
 
“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гаас хийсэн хамгийн сүүлд гаргасан судалгаагаар УИХ-ын гишүүдийн 17.1 хувь, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 26.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ байдал аймаг, сумын хурлын түвшинд бас ялгаатай. Тухайлбал, сумын ИТХ-д эмэгтэйчүүд 28.5 хувийг эзэлж байхад аймгийн ИТХ-д 15.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 35.9 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл Дундговь аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэлээд өндөр үзүүлэлттэй байна. 
 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин