sonin.mn
Өнөө жил манай орны ихэнх нутгаар тэр тусмаа баруун аймгуудад өвөлжилт нэлээд хүндэрч малчдын нуруунд хүнд ачаа буугаад байна. Цаг үеийн эл нөхцөл байдалтай уялдуулан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн малчин Б.Эрдэнэбаттай утсаар холбогдон дараах тодруулгыг авлаа. Тэднийх Ховд аймгийн Мянгад сумын нутаг Шил хэмээх газар өвөлжиж байгаа аж. 
 
Сайн байна уу Та, өвөлжөө тавлаг байна уу?  
 
-Сайн, сайн байна уу? Тавлаг байна аа.  
 
Танай аймгийн хувьд өвөлжилтийн байдал ямар байна вэ?
 
-Ховд аймгийн хэмжээнд 2022-2023 оны бэлчээрийн даацыг тодорхойлоход нутгийн 90 орчим хувьд мал өвөлжилт хүндрэх төлөв гарсан юм билээ. Мөн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх тухай мэдээлсэн. Өвлийн эхэн сард ихэнх нутгаар, ялангуяа уулаараа нойтон цас их унасан тул бэлчээрийн даац хэтэрсэн сумаар мал өвөлжилт хүндэрч байна.  
 
Зуны тухайд өвс, ургамлын гарц хэр байсан бэ?  
 
-Нийт нутгийн 90 орчим хувьд хур бороо бага, халуун хуурай салхи шуурга ихтэй байснаас бэлчээрийн ургамлын гарц тун тааруу, гандуу зун болсон. Тиймдээ  ч өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нь тодорхой байсан тул малаа хээлтүүлэгч малд бүрэн нийлүүлээгүй. Энэ нь хавар эх мал болон бусад малаа онд мэнд оруулах нэг гарц юм шүү дээ.  
 
Таны хувьд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн туслах аж ахуйн хэчнээн толгой малыг маллаж байна вэ? 
 
-Ангийн туслах аж ахуйн дөрвөн суурь буюу 1700 шахам толгой мал өвөлжиж байна. Миний хувьд үүний нэг суурь буюу 400 гаруй толгой малыг малладаг. 
 
Өвс тэжээл, хадлан бордоогоо хэр базаасан бэ? Ер нь ангиас ямар дэмжлэг үзүүлж байна?    
 
-Ховд аймгийн нутагт хур тунадас бага орсны улмаас ган ихтэй, хадлангийн  ургац хангалтгүй байсан. Хэдий тийм ч өвөлжилтийн бэлгэл ажлын хүрээнд малын хадлан өвс бэлтгэх бүрэлдэхүүнийг ангийн захирагчийн тушаалаар томилгоожуулан Буянт сумын Цагаан гол багийн нутагт дэвсгэр дэх ангийн хадлангийн талбай болон зарим иргэдийн талбайгаас 1000 боодол перес өвсийг бэлтгэсэн.
 
Өнгөрсөн 12 дугаар сарын эхээр суурь тус бүрд 200 боодол перес өвсийг ангиас хүргүүлсэн нь нэлээд дэм болж байна. Цаашид ч ангид нөөцөд байгаа өвс, тэжээлийг нэмэлтээр авчирч өгөхөөс гадна орон нутгийн байгууллагатай хамтран өвс, хивэг, тэжээлээр хангах ажлыг зохион байгуулахаа ангийн удирдлагаас мэдэгдсэн. Ер нь ангийн удирдлагаас бидэнд чамлахааргүй тус дэмийг үзүүлдэг.
 
Тухайлбал, мал, амьтны гоц халдварт, халдварт, паразитдах өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, эм био бэлдмэлийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, малын эмийн сангаас худалдан авч бусад мэргэжлийн байгууллагатай хамтран ажилладаг. Энэ хүрээнд    өнгөрсөн намар л гэхэд галзуу, шөвөг яр, сохор догол, сахуу гэх мэт гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд малаа бүрэн хамруулсан. 
 
Хаврын эрсдэлийг Та хэрхэн тооцоолж, бэлтгэлээ яаж базааж байна вэ? 
 
-Хаврын хувьд тийм ч таатай байхгүй л болов уу. Малаа хээлтүүлэгч малд бүрэн нийлүүлээгүй нь оносон. Ямартай ч өвөл, хаврыг хохирол багатай давчих болов уу гэж найдаж байна, бас бүхий л боломж бололцоогоороо зүтгэж байна даа.  
 
Ингэхэд та Зэвсэгт хүчний 123 дугаар ангиар хэзээнээс овоглогдох болов, бас хэчнээн жил мал маллаж байна вэ? 
 
-Би удам дагасан малчин гэдгээрээ үргэлж бахархдаг. Аав маань Баатар гэж Аймгийн аварга малчин хүн бий. Миний хувьд аавынхаа замналаар замнаж 2020 онд Сумын аварга малчин болсон. Аав ээжийнхээ ажилч хичээнгүй үлгэр дуурайлаар хүмүүжин, нүүдэлчин соёлоо уламжлан олон ястны өлгий болсон төрөлх орон нутагтаа мал сүргээ адгуулан амьдарч байгаа маань нэг ёсны жаргал шүү дээ. Нар ногоо сайтай, өгөөж арвинтай жил бол бүр ч жаргалтай. Би Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн малыг маллаад 10 гаруй жилийг үдэж байна. Энэ ангиар овоглогдож, хийморьлог хамт олны нэг эд эс нь болж яваадаа баяртай байдаг юм. Ангийнхаа удирдлага, хамт олны итгэлийг илүү дааж, мал сүргээ чанартай өсгөн үржүүлэх нь миний хийж чадах ажил даа.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин