сонин mn
10 жилийн сургуульд байхдаа үйлчлэх хөдөлмөр, орос хэлний багшийгаа хараад ийм гоё багш болно доо гэж мөрөөддөг байлаа. Бусад хүүхэд ч мөн адил өөрт таалагдсан багш шигээ болно хэмээн ам булаалдах нь ирээдүйд ямар хүн болохоо шийдсэн мэт. Тэгвэл хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлж багш бэлтгэдэг МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийг зорилоо. Тус сургуулийн хаалгаар ороод хоёрдугаар давхарт гарахад цонхны дор оюутнуудын хийсэн бүтээлүүд ихэд содон харагдана.
 
Тухайлбал, хаягдал дугуйн дээр зураг зурж, даавууны өөдсөөр оёсон бүтээлэг байх агаад хажууд нь хаягдал төмөр ашиглан бөхөн хийсэн нь өөрийн эрхгүй хараа булааж байлаа.
 
Энэ сургууль Дүрслэх урлаг, Дизайн технологи, Дизайн зураг зүй гэсэн гурван тэнхимтэй бөгөөд багш, багш бус мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг аж. Дүрслэх урлагийн тэнхим 1958 онд байгуулагдсан цагаасаа Монгол Улсад дүрслэх урлагийн багш бэлтгэж ирсэн. Монголд дээд боловсролтой зураач, уран бүтээлчдийг бэлтгэж ирсэн анхны тэнхим. Үүний дараа хөгжлийнхөө явцад СУИС болон бусад зураач мэргэжлээр дагнаж мэргэжилтэн бэлтгэх сургууль эндээс салбарлан гарсан. Дүрслэх урлагийн тэнхим нь дүрслэх урлагийн багшаас гадна урлаг судлалаар судлаачдыг бэлтгэх, уран зургийн анги байгуулж мэргэжлийн зураачдыг бэлтгэж байсан хэмээн тэнхимийн эрхлэгч, доктор А.Ариунболд тайлбарлаж байсан юм. Энэ тэнхимд суралцсанаар урлагийн гоо зүйн мэдрэмжтэй, дүрслэх урлагийн онол түүхийн мэдлэгтэй, дүрслэх урлагийн бүх төрлийг орчин үеийн технологи, цахим сургалтын арга зүй ашиглан хэрэгжүүлэх чадвартай багш, музей, галерейд урлаг судлаач, уран бүтээлчээр ажиллах боломжтой хөрвөх мэргэжилтэн бэлтгэж ЕБС, МСҮТ, коллежи, их, дээд сургуульд багшилна.
 
Дизайн технологийн тэнхимийн оюутнууд дээл эсгэж байгаа нь.
 
Харин Дизайн технологийн тэнхимд суралцсанаар шинэлэг сэтгэлгээтэй, дизайн загварчлал, зохион бүтээлт, техникийн онолын мэдлэгтэй, компьютерийн CAD, CAM, ухаалаг удирдлагын программчлалд суралцсан, уламжлалт ба дэвшилтэт технологийг хослуулан хэрэгжүүлэх чадвартай, дизайн технологийн сургалтын арга зүйн болон STEAM ур чадвар, хандлагатай, бүтээлчээр ажиллах, хөрвөн хөгжихүйц мэргэжилтэн болж багш, галерей, музейд урлаг судлаач, уран бүтээлчээр ажиллах боломжтой хэмээн Дизайн технологийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Чулуунаа хэлж байсан.
 
Дизайн зураг зүйн тэнхимийн суралцагч нь сурах хугацаандаа чөлөөт сэтгэлгээтэй, зураг зүйн болон дизайн, урлагийн боловсролын онолын мэдлэгтэй, орчин үеийн зургийн программууд ашиглан уран сайхны боловсруулалт, зохион бүтээлт хийн бие даан хөгжин, суралцах чадвартай мэргэжилтэн багш бэлтгэхээс гадна студид дизайнер, зохион бүтээгч технологичоор ажиллах боломжтой.
 
Үүнээс гадна энэ тэнхим нь дизайн зураг зүйн багш, компьютер дизайн, хувцасны дизайн гэсэн ангитай. Багш бус мэргэжлээр компьютер график дизайн, мульт медиа дизайн, хувцасны дизайнаар суралцаад ТВ, студид аниматор, видео графикч, дизайнер, зураач, албан байгууллага, их, дээд сургууль, МСҮТ, сургалтын байгууллагад багшлах чадвартай дизайнер, хувцасны зураач, уран бүтээлчээр ажиллах боломжтой талаар Дизайн зураг зүйн тэнхимийн эрхлэгч, докторант Ч.Мөнхбаяр танилцуулсан.   
 
Энэ үеэр оюутнуудын байр суурийг сонирхсон юм.        
 
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШИЙН IV КУРСЫН ОЮУТАН Г.АЛТАНЗУЛ: БАГШ ХҮН ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦДАГ
 
-Багш үнэ цэнтэй мэргэжил. Багш хүнийг бүтээж, бий болгодог. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа багш шигээ багш болно гэж мөрөөддөг байсан ч 10 жилээ төгсөхдөө би яг юуны багш болох вэ гэж бодсон. Би зураг зурах дуртай болохоор яагаад өөрийнхөө сонирхлын дагуу зургийн багш болж болохгүй гэж. Энэ зүйлдээ хөтлөгдөөд 2019 онд МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн дүрслэх урлагийн багшийн ангид орсон. Дөрвөн жил сурахдаа багш нараасаа их зүйлийг сурч байна. Цаашид ч суралцсаар байх болно. Багш хүн тасралтгүй суралцдаг болохоор мэргэжилдээ дуртай. Би сурахын зэрэгцээ “Үй Цай” сургуулийн I-V ангид дүрслэх урлагийн хичээлийг цагаар заадаг. Хүүхдүүд маань надад урам хайрладаг болохоор үнэхээр сайхан санагддаг.
 
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШИЙН I КУРСЫН ОЮУТАН Б.ЖАМЪЯНСҮРЭН:САЙН БАГШИЙГ 10, 20 ЖИЛИЙН ДАРАА Ч МАРТДАГГҮЙ
 
-10 жилд манай технологи, зургийн багш бидэнтэй юм ярьж ухааруулж, ойлгуулдаг байсан. Бид 10 жилдээ зураг зурах дуртай байсан болохоор энэ багш нартайгаа ойр байсан. Багш нар шигээ сайн багш болно гэж боддог байсан ч 10 жилдээ мэргэжил сонголт дээр өөр мэргэжил сонгоё гэж бодож байсан. Тулаад ирэхээр миний багадаа бодож байсан мөрөөдөл минь сэдрээд энэ мэргэжлийг сонгосон. Би анх зураг зурж чаддаггүй байхад багш маань “Зураг зурж чаддаггүй хүн гэж байдаггүй юм. Хүн бүр төрөхдөө бүгдийг чаддаг юм биш. Яваандаа хийж сурдаг” гэж хэлсэн нь надад нөлөөлсөн. Зурж чаддаг байлаа ч багшлах талаар нэлээн суралцана гэж бодож байгаа. Хүнээс хариу нэхдэггүй мэргэжил бол багш. 10, 20 жилийн дараа эргээд хариу нь ирдэг. Хүний цаашдын ирээдүйг шийддэг чухал мэргэжил гэдгийг олон хүнээс сонсож байсан. Тиймээс багш нар шигээ сайн багш болоод олон шавьтай болно. Муу багшийг дор нь мартана. Харин сайн багшийг 10, 20 жилийн дараа ч мартдаггүй. Олон жилийн түүхтэй, Монголдоо номер нэг сургууль учраас сонгосон.                                  
 
ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМИЙН IV КУРСЫН ОЮУТАН О.МӨНХЦЭЦЭГ: МАНАЙ МЭРГЭЖИЛ ОРОН НУТАГТ ДУТМАГ БАЙНА
 
-Би аливаа зүйлийг оролдож үзэх дуртай. Сайн чадахгүй ч гэсэн хийгээд суухад гоё санагддаг. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа технологийн хичээлдээ дургүй байсан. Сургуульд байхдаа сувдан хэлхээ, дэгээ зүүгээр нэхэхээс гадна хатгамал, эмжээр оёдог байсан. Ямар загвар зохионо тэр болгоныгоо багштайгаа хамтарч хийнэ. Хийсэн загвараараа уралдаанд оролцдог байсан нь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Дизайн технологийн багшаар суралцаж байна. Төгсөөд Дорноговь аймагтаа очиж мэргэжлээрээ багшилна. Манай мэргэжил орон нутагт дутмаг байдаг. Төгссөн оюутнууд бүгд ажлын байртай болдог. IV курс ч гэсэн гэрээгээр ажиллаж болдгоороо давуу талтай.
 
ДИЗАЙН ЗУРАГ ЗҮЙН ТЭНХИМИЙН КОМПЬЮТЕР ГРАФИК ДИЗАЙНЫ III КУРСЫН ОЮУТАН Б.МӨНГӨНХУНДАГА: НАЙЗТАЙГАА НИЙЛЭЭД ӨӨРИЙН ГЭСЭН СТУДИТЭЙ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
 
-Зураг зурах сонирхлоо дагаад анх зургийн багш болно гэж боддог байсан. Тэгээд судалж үзэхэд компьютер график дизайнаар сурвал цаашид ирээдүйтэй мэргэжил юм байна гээд сонгосон. Компьютер дээр зураг зурна гэдгийг нь сонсоод илүү шамдаж орсон. Тухайн нэг зүйлийн загварыг гаргахын тулд зөвхөн зургаар биш дотроо бодож, сэтгэснээ буулгаж компьютерт оруулаад дизайн хийхийн тулд оюун ухаан, хүч хөдөлмөр, судалгаа сайн хийнэ. Компанийн лого, 3D хэмжээсээр шатар, морин хуур хийж сурсан. Энэ мэргэжлээрээ анимейшн хийдэг газар ажиллана гэж бодож байгаа. Манай нэг найз анимейшн хийдэг. Энэ найзтайгаа нийлээд өөрийн гэсэн студитэй болохыг мөрөөддөг. Энэ сургуулийг болсон шалтгаан нь заах арга зүй, багш нарын харилцаа, бидэнд олгож байгаа мэдлэг бусад сургуулийн багш нараас өөр байсан.
 
Р. Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин