сонин mn
Дуурийн театр “Бөмбөгөр ногоон”-оос эхлэлтэй
 
Театрын хамбан улаан хөшиг нээгдэхэд бид эртний Итали, Ром, Франц гээд дэлхийн сонгодог урлагтай танилцдаг билээ. Тайзан дээр алдарт “Аида”, “Тоска”, “Богема”, “Евгений Онегин”  гээд дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлүүд эгшиглэнэ. Бид эдгээр уран бүтээлийг яг л орчинд нь очсон мэт эх орныхоо театрын тайзан дээрээс сонсож байгаа азтай ард түмэн. Монголын дуурийн урлаг ирэх жил 60 нас хүрнэ.
 
Сонгодог урлагийн олон жилийн түүхтэй бусад орны дэргэд манай театр харьцангуй залуу, яг л оргилж буй булаг шиг цэвэр ариун. Харин энэ 60 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцсэн, тэднийг давж гарсан олон дуучин энэ л ягаан байшингаас төрсөөр байна.
 
Цаашдаа ч энэ цуваа тасрахгүй үргэлжилнэ. Монголчууд бид дуу хуурын баялаг түүхтэй. Тэгвэл Монголын дуурийн театр “Бөмбөгөр ногоон” театраас эхтэй ажээ. Ийнхүү 1951 онд Хөгжимт драматик театрт нэгэн дэвшил гарсан нь Б.Дамдинсүрэнгийн “Жаргалын зам” дуурийг тоглосон явдал юм. Энэ бол өнөөгийн УДБЭТ-ын  гоцлол дууны ангийн үүсэл байв. Ийнхүү 1952 оны аравдугаар сарын 6-ны өдөр театрын дарга Н.Цэгмэдийн тушаалаар Л.Цогзолмаа, Ц.Пүрэвдорж, Д.Пүрэвсүрэн, Ж.Дорждагва, Ц.Дагванамдал, Д.Баатар, О.Даваадорж, Д.Чулуун, М.Нямсүрэн, Д.Долгоржав, М.Шинэхүү В.Долгор гэсэн бүрэлдэхүүнтэй гоцлол дууны ангийг анх байгуулсан түүхтэй.
 
Дуурийн театр 117 гоцлол дуучинтай
 
70 жилийн хугацаанд дуурийн театрын гоцлол дууны анги нийтдээ117 дуучинтай болжээ. Үеэс үе дамжиж энэ л ангиас төрсөн дуучид дэлхийд алдар нэрээ цуурайтуулж, монгол хүний хоолойн чадлыг бишрүүлсээр явна. 1952 оноос хойш 117 гоцлол дуучин бэлдсэн тус анги өнөөдөр 28 дуучинтай. Анх “Жаргалын зам” дууриар уран бүтээлээ эхлүүлсэн тэд өдгөө дэлхийн алдарт гранд опера “Аида” дуурийг эх орныхоо театрт тавьтлаа өргөжиж, туршлагажсан байна. Тус театрын анхны дуучдын нэг гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн болон үе үеийн гоцлол дуучдын сэтгэгдлийг хүргэе.
 
Гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн: Анх 13 настай театрын дуучин болсон
 
-Би УДБЭТ-ын анхны гоцлол дуучны нэг гэдгээрээ үргэлж бахархаж, талархаж явдаг. Өнөөдөр манай гоцлол дууны анги олон сайхан, авьяастай залуу уран бүтээлчээр бүл нэмсэн байна. Дэлхийн дуучин ч олон төржээ. Миний бие анх 1942 онд 13 настай байхдаа тухайн үеийн Хилийн цэргийн ансамбельд дуучнаар ажиллаж байсан. Гэтэл “Бөмбөгөр ногоон” театрт дуучин дутагдалтай гээд намайг дуудсан. Тухайн театрт алтан үеийн уран бүтээлчидтэй хамт ажиллаж,  тэднээс суралцаж явсан би их азтай хүн. Би энэ хугацаанд 10 гаруй  дуурийн гол дүрд дуулсан байдаг. Анх Нансалмаад дуулж байгаад дараа нь Хоролмаад дуулдаг болсон.
 
Ардын жүжигчин А.Дашпилжээ: Манай дуучид дэлхийд монгол школ нэвтрүүллээ
 
-Миний амьдрал, уран бүтээл УДБЭТ-тай салшгүй холбоотой. Энэ театрын гоцлол дуучид үнэхээр авьяастай, онцгой хүн байдаг гэдгийг энд онцлон хэлье. Миний хувьд энэ театртаа дуучнаас эхлээд уран сайхны удирдаач хүртэл хийж явлаа. Үзэгчид дуурийг үзэх гэж биш тухайн дуучин тэр дүрийг хэрхэн амилуулж, зүрх сэтгэлийг уяраах бол гэсэн бодолтой ирдэг нь олон улсын жишиг. 70 жилийн хугацаанд бодлогын түвшинд Монголын төр, засаг олон дуучин, бүжигчнийг олон улсад сургаж, туршлагажуулсан. Түүний үр шимээр өнөөдрийн УДБЭТ-ын чанар чансааг тодорхойлж болно. Үүнээс гадна олон авьяастай залуус дэлхийд монгол школ гэдгийг нэвтрүүлж, олон улсын тайзан дээр гялалзаж байна.  
 
Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа: Намайг ирэхэд гоцлол дууны анги 16 дуучинтай байсан
 
-Би 1997 онд СУИС-ийг төгссөн. Тэр цаг үеэс өнөөг хүртэл театртаа үнэнч хэвээр байна. Миний өмнө театрт орсон эмэгтэй дуучин бол Ардын жүжигчин Б.Жавзандулам эгч. Жавзаа эгчийн араас нэлээд олон жилийн дараа эмэгтэй гоцлол дуучин театрт ирсэн нь би байсан юм. Намайг ирэхэд Ардын жүжигчин Б.Мөнхшүр, А.Долгор, А.Дашпилжээ, Х.Уртнасан гээд гоцлол дууны анги маань 16 дуучинтай байсан. Би энэ хүмүүст эрхэлж явсан азтай дуучин. Гэтэл өнөөдөр миний араас олон сайхан залуу гоцлоочид ирлээ. Би энэ залуустаа үлгэр дуурайл болж, намайг анх сургууль төгсөөд ирэхэд хэрхэн хүлээж авч, зааж зөвлөж байсныг марталгүй залуу үедээ үлгэрлэхийг үргэлж хичээж  явдаг. 
 
ФОТО СУРВАЛЖЛАГА
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин