sonin.mn
Хүн хувалз
 
Хачиг хэмээх шимэгч хорхой малын үс ноосонд гүн шигдэж мах цуснаас нь улайран сорсоор хувалз болон биелж ханаж цадахгүй шунахайрсаар нэг мэдэхэд түсхийн дэлбэрэх гэмтэй. Түүн лүгээ хүн хувалз Монголд олширч чадал дорой, хөрөнгө чинээ мөчиг тачиг нэгнээ хувалз шиг шимэн сорсоор л байна. Тэрхүү xүн хувалзыг авлигач авлигач гэхэд багадахаар тул сая сая нян үржүүлэгч шимэгч хорхой гэхэд юун хилсдэх. Эрх мэдэл бүхий эвэр туурайтан дээдсээс авахуулаад банк санхүү, хил гааль, шүүх цагдаагийнхан, гэгээн гэх хувраг лам сүсэгтэн олноос ер нь тэгээд авлига авдаггүй хүмүүн төрөлхтөн ховроос ховор. 
 
Авлигагүйгээр ажил бүтнэ гэж гонжийн жоо. Монголчууд хэзээний авлигач улс байсан уу? гэвэл арай ч тийм биш дээ. Эртнээс манж хятадууд Монголчуудад байдаггүй нэг аргыг сүвэгчилж олсон нь хахууль байлаа. Хуй хуйгаар торго, хунз хунзаар цай, сувд, шүр, алт мөнгө эрдэнэсээр Монголын дээдсийг хахуулдаж байлаа. Тэгж одоогоос дөрвөн зууны тэртээгээс Монголын эрх дархтнууд тэднээс хахууль авч эхэлжээ.
 
Манжийн ихэс дээдэс Монголын ноёдод харъяат албатаа нударгалан захирч байхыг долдойдон цалин пүнлүү өгч, дэв зэрэг ван бэйл бэйс гүн хэргэм олгож, тогосон өдтэй чулуун жинстэй малгай сэлт нь Монгол ноёдын эрх ямбыг тодорхойлж, улам л дэв зэрэг ахихаар улайран үхэлдэж байв.  Алт мөнгө, авгай хүүхэн, атан тэмээ ардаг тарган хүлэг ч хахууль даллаж байлаа. Богд хаант Монгол Улсын Гадаад Яамны Дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн гэгч Бадаргуулт төрийн наймдугаар онд атан тэмээ арвыг барьж нэгэн нүдтэй тогосон отго шагнуулж байжээ. Бусдыг өөртөө бөхөлзүүлэх эрхтэн дархтнууд авлига хээл хахууль авсаар ирснийг түүхэн баримтууд бэлхнээ гэрчилнэ. Долгинох бялдуучлах, хэргэм дэв ахих алдар хүнд олохын арын хаалга нь авлига байв. Мандал өргөх, өргөл барьц, бэлэг сэлт өгөх нь хахуулийн нэгэн хэлбэр болж байв. 
 
Манжийн хаанд өгсөн цагааны бэлэг барьдаг байсан нь сөгдөн бөхөлзөж байсны нэгэн тод илрэл байв. Битүү булганы арьс хүзүүнд нь зүүсэн, мөнгөн буйлтай цагаан атан тэмээ нэгийг таван өнгийн хадгаар чимсэн шар ногттой залуу цагаан морь наймыг жилд нэг удаа Манжийн хаанд өргөдөг байв.
 
Японы Кодама, Шведийн Ларсен, Польшийн Оссендовский, Оросын жуулчин Козлов, Америкийн хайгyулч Рой Эндрюс, Солонгосын Цой зэрэг таван хэлийн xүмүүc дагyулуудтай хөлхөлдөж байлаа. Тэдний нэг хэсэг нь цөллөгийнхөн оргодлууд, тонуулчин, бадарчингууд байсан. Тэд нийслэл өргөө, 3аяын хүрээ, Вангийн хүрээ, Санбэйс, Улиастай, Ховдоор үүрлэж ихэс дээдсийг өнөөх л хахуулиараа аргацааж байв. 3арим нь суусан газраасаа шороо атгаж хагартлаа баяжиж байв. 
 
1890 оны эхээр Ерөө голын нэгэн өртөөн дээр хүүхдийн тоглоомон дотор хэвтэж байсан өөхөн чулууг харийн нэгэн тэнүүлчин шинжиж Монголын алттай нутгийг мэдээтэхжээ. "Монголор" хэмээх алтны жижиг уурхайг Бельги эцэгтэй, орос эхтэй, гүн цолтой Фон Грот гэгч олборлосон алтныхаа 15 хувийг Монголд өгөх гэрээтэй байсан авч 1500 кг алт олборлоод тодорхой хувь хэсгээ өгөхөө умартан алга болоод өгчээ.
 
Ингэж газар шороог маань эзэгнэсэн харийн тэнүүлчид дэндүү даварч байв. Тэрхүү "Монголор" нийгэмлэг гэгчийг орос, монгол, хятад, бельги, франц зэрэг шинжээчид эзэмшиж хувь хэсгээ хүртээхэд Монгол ажиллагсдад төдий л ногдол ашиг хүртээгүй аж. ХХ зууны эхээр бужигнаж байсан есөн шидийн хүмүүсийн үp сад ч байж мэдэхээр явуулынхан 1990 оны эхээр дахин давтагдаж байгаа мэт. Монголын баялаг газар шороо руу өнгийж алт эрдэнэс ухаж "гахай гахайгаар" гадагш зөөсөөр ирснийг үгүйсгэх юун. Монголын баялаг алт эрдэнэсийг ухаж завшаад шунал нь шулам болсон хүн дүрстнүүд цөөнгүй. Авлигын сүлжээ Монгол орныг хэрж гар цайлгахгүйгээр ажил бүтнэ гэж ер үгүй. Дэлхийн банкны судалгаагаар Монгол орон авлигын идэвхээрээ их л дээгүүрт орж байгаа билээ.
 
Ерийн иргэнээс Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь хүртэл авлигын эзэн байх тохиол гадаад оронд байна, манайд үгүй л байгаадаа гэж нэрэлхэх үү дээ. Ээ бурхан минь, үнэн үү гэж итгэн ядаж байтал үнэн болоод байна, тохиол нь гyчин жил төр удирдахдаа Индонезийн Ерөнхийлөгч Сухарто улсынхаа сан хөмрөгөөс 70 тэрбум ам доллар завшсан гэж дэлхийн хэвлэл мэдээлэл шуугиж байв.
 
Румыны Елена Чаушеску, Филиппины Маркос хатагтай алт мөнгө алмаз эрдэнэд цадаж ханахгүй байв. Елена Чаушеску хатагтай бүтэлгүй хэргээрээ нөхөртэйгээ сүлбэлдсэний учир цаазын тавцанд гарсан бус уу. Идсэн нь "идээн бээр" болно гэдэг тэр буй заа. Монголд чиг оффшор далдуур идэгчид олондоо олон. Оффшор Ерөнхийлөгч оффшоруудыг илрүүлнэ гэж гараад өөрөө нэгэнт оффшор тул илчилж гаргах зүрх байгаагүй буцсан даа. Зайлуул гэж хэнийг битүү хэлээд байгааг уншигч та хэлүүлтгүй мэднэ байх аа. Алба тушаал эрх мэдлээрээ далайлгаж бусдыг сөгдүүлж довон дээрээ томорч авлига авдаг зиндаа өндөр албатyуд олширчээ, Улсын хөрөнгөөр угжуулсан "хадны мангас" гэж нэршсэн нүсэр бүтэцтэй байгyуллага юу хийж байна вэ? юу ч хийж базаасан юмгүй, ийм байгyуллага татан буугдвал таарна гэж учрыг ухаардаг нэг нь халаглана. Авлига цэцэглэсээр, ард зон амьжиргаа ядуу тарчиг, хүн хувалз олширч түмтсээр л. Хүн хувалз "тэсэрч" байж л хэвэндээ орох вий дээ. Нээрэн ч үгүй дэлбэрэх хувалз олон шүү.
 
 
Хүн Бурхад
 
Буянтай xүн дээр бурхны гэрэл тусаж бусдыг гэрэлтүүлж гэгээн үйлсэд хөтөлдөг. Хүний нэг мөpөн дээр чөтгөр, нөгөө мөрөн дээр бурхан сууж хаана хэзээ юу хийж явааг тольдон харж байдаг гэнэм. Оюунлаг бурханлаг хүний хоёр мөрөн дээр хоёуланд нь бурхан сууж хайр ивээлдээ багтааж амьдрал хэмээх их далайд залуурдаж явдаг аж. Монголд бурханлаг xүмүүc төрж гэрэл цацарсан мөрөөрөө олныг дагyулж байв. Социализмын гэх үед Vlll богд Жавзандамбыг ямар их жигшиж зүхэж доош чихэж байв. Тэрбээр таван насандаа Жибзундарнатын хувилгаанаар тодорч Төвөдөөс Монголд залагдан ирж монгол багшаар ном заалгаж, монгол хүүхдүүдтэй тоглож Монголын төлөө өсөж өндийсөн юм. 
 
Тэрбээр 1911 оны үндэсний хувьсгалыг эхнээс нь манлайлагчдын нэгэн. Нэгэн, туурга тусгаар шинэ тутам болсон Монголын улсын төлөө зүрх нь цохилж, судас нь лугшиж, оюун бодлоо хөвчилж байсан юм. Тэрхүү тэмцлийн манлайд Чин ван М.Ханддорж, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Дa лам Цэрэнчимэд өвөрлөгч Б.Хайсан гүн нарын бурханлаг xүмүүc явж байлаа. Монгол гэсэн цохилох зүрхтэй xүмүүc л Монголыг Монголоор нь байлгахын төлөө тэмцэж байв. Хатанбаатар Магсаржав, Манлай баатар, Дамдинсүрэн гээд эрэмгий зоригт баатрууд түмнээ гэсэн сэтгэлээр тэмцэж явлаа.
 
Тэд үнэнхүү бурхад байсан юм. 1911 оны хувьсгалын нaвч нахиа, үp жимсний шим, түүчээ нь 1921 оны ардын хувьсгал байсан. 
Хувьсгалын долоо гэх Д.Сүхбаатар, Х,Чойбалсан, Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Лосол, Д.Догсом нар Монголоо гэсэн сэтгэлтэй бүхнийг нэгтгэж хувьсгал хийсэн эзэд нь билээ. Хувьсгалыг ухаантнууд нь хийж бэртэгчингүүд завшдаг гэдэг. Яг тийм юм манайд болсныг нуух юун. Хүн бурхад маань xүн чөтгөр болж, дураараа аашилж, дунд чөмгөөрөө жиргэж хэлмэгдлийн хар сүүдэр хүүшилсэн. Бурхадыгаа чөтгөр нь, чөтгөрийг бурхад хөнөөж бүх л юм эсрэгээрээ эргэсэн. Атаа хорсол, албан тушаал, их эрх мэдэл бурханлаг хүмүүсийг буг болгодог аж. Сэлэм эргүүлэгч болж чадаагүй мохоо балиус болж мод төлхиж сэхээтэн болж чадаагүй ул шагайгч түшмэл болсон юм. Бусдын нүүрэнд хөө бүү түрх, эргээд өөрийн чинь хацарт наалдах болно. Галын дөлийг доош буу харуул, өөрийн чинь гарыг цоргин түлэх болно. Чойрын цанидын ловон лам тийн хэлэх нь оносон мэт. Өрөөлийг газар цөмөртөл доош оруулах гээд өөрөө дээрээс доош бэрттэлээ унадаг нь санаа муут яван хатдагийн үлгэр бус уу. Өндөр уулын оройд гарахаар толгой сэргэдэг байхад тэдэнд толгой эргэж өндөр сэнтийд арга залиар гарснаа одоо л оройн дээд цэгтээ хүрэв гэтэл удаа ч үгүй байтал оргилоос бэлд нь буух нь өнөөх өндөрт гарсан бурхан "баастай бурхан" гэгдэх нь гyтамшиг. Ийм тохиолдол одоо ч байж мэднэ. Чухам өнөөдөр гэхэд миний ихэс дээдэс төрийн түшээдэд долоо хэмжиж нэг огтлох ухаан үгүйлэгдээд л байх шиг. Сайн төрийн толгойд хууль дээдэлсэн мэргэн ухаантан байдаг бол муу төрийн толгойд мугyйд удирдагч ноёрхож улс орны хөгжлийг чөдөрлөж байдаг.
 
 Хүн чөтгөр
 
Эрдэнэт xүмүүн болж заяахыг дорнын мэргэд арвайн үрийг дээш нь цацахад зүүний үзүүрт нэг нь тогтохын адил ховроос ховор тохиол гэж айлджухуй. 3амилин хорвоод xүн нэг л удаа сэрүүн явдаг, өөр ямар зам байдаггүй. 3арим ойворгон, өөрийгөө цэцэгний туурцгаас төрсөн мэт боддог нэгэн хоёр төрнө гэж бодож мэднэ. Эрдэнэт хүн бурхан ч болдог, буг ч болдог. Хүн гэдэг эрдэнэ гайхалтай их юм бүтээжээ, шил толь шиг (100 гаруй давхар) орд харш, сансрын хөлөг, тийрэлтэт онгоц, интернэт гээд юу тоочин барахав. Тийн гайхамшгийг бүтээсэн хэрнээ гай тарих олон нүгэл үйлджээ. Тэр муухай үйлдлийг тоочвол барагдахгүй.
 
Хүн хүнээ хөнөөхийг өөрсдөө бий болгожээ, Эрдэнэт хүн, эрлэгийн элч, xүн чөтгөр болсоор ирсэн, болж ч байна, болсоор ч байж мэднэ. Тэрхүү xүн чөтгөр террорист мафийн заналхийлэл болжээ. Эгэл xүмүүн үй олон саяараа алтан амиа алддаг нь гэм биш зан болжээ.
 
Өдгөө ус агаар, хөрс шороо, ан амьтан ой хөвчөө сүйтгэж бохирдуулж, цөлжүүлж ганцхан заяах насныхаа өлгий эх дэлхий эх орноо там болгож байна. Ичих нүүрэндээ элэг наагчид илээс далд аргад явуургүй ухааныхаа байр сэлгэж хүүхэд хүний наймааны панз үсэргэж, охид хүүхнүүдийн биеийг үнэлүүлж ашиг завшааны төлөө юу ч хийхээс сийхгүй болжээ. Охид бүсгүйчүүд маань тайчих гэдэг "урлагт" гайхалтай суралцаж нүцгэн шалдан биеэрээ "гайхуулан" олны нүдэнд чармай нүцгэн бөгсөө ондогнуулж завхайрал янханчлалын аяг төрхийг "гаргyуд" үзүүлэх болов. Тэр ч атугай хятад, солонгос, малайз, сингапур, тайландад Монголын зуу зуун охид бүсгүйчүүд золиослон худалдагдаж биеэ үнэлж явдаг нь тасраагүй гэлтэй. Монгол бүсгүйн цэвэр ичимтгий нандин сайхан уламжит ёсыг гээж xүн шулмас болж байна. 
 
Эрээ цээрээ алдсан амнаас гаршгүй үгийг арай ядан үзэг эвлүүлж, бичихэд, ам нээхэд хэцүү ч бүлх залгисан мэт болж чадахгүйд хүрснээ өвгөн бичээч би-вээр өнчин өгүүлэв. Ичих гэж юу байсан юм. Хэн хүнд л байдаг эрхтнээс ичээд байхдаа яадгийм. Ичнэ гэдэг чинь аль дивангарт үеэ өнгөрөөсөн үзэгдэл гэж бондгор бөгсөө ондогнуулж янагийн алган "сарнай"-гаа гаргаж тайчих гэдгийг үзүүлэхдээ үхсэн хойшоо доо, их юмаар боож хавчих нь шивдээ гэж хэнэг ч үгүй хэлэх сэвгэр сээтэгнүүр хүүхнүүд ажиг ч үгүй байна гээч. Хүн чөтгөрүүдээс алдрын сэнтийд санаархах ч байна гэлтэй. Хэн нэгийгээ үгээр "алж", дээш нь асчин хошуу өргөж, матаас явуулах зэрэг нь тэдний сурамгай ажил гэнэ дээ. Атаа жөтөө, урваж шарвах, өс санах оюуны хоосрол нь xүн чөтгөр сүүдэр шиг дагадаг. Хүмүүс ээ! Буянтай сайхан цаг биднийг үргэлж ивээнэ гэж бүү бод! Бурхны хажуугаар буг бугшиж, сүг сүүтгэнэж байгааг мэдтүгэй, сэрэмжилтүгэй!
 
 
 
Ж.Гун-Аасүрэн
Хэл-бичгийн ухааны доктор, зөвлөх багш
 
Эх сурвалж: "Хөх Толбо" сонин