sonin.mn
Цэрэг хаана буй, тэнд хүрч, хээрийн гал тогоог ч эмхэлдэг нь цэргийн тогооч нар. Жилдээ ангийн хашаанаас хэд хэдэн ч удаа гарчихна шүү. “Хааны эрэлд” сургуульд л гэхэд 2006 онд анх зохиогдоход нь, мөн түүнээс хойш тасралтгүй оролцож оргил үедээ буюу 2015 онд 42 орны цэргийн алба хаагчдад халуун хоолоор үйлчилж байсан уйдах ч завгүй өнгөрсөн өдрүүд нь тэртээд үлджээ. Энгийн хүн тээр шаана, хаяад явахыг ч үгүйсгэхгүй. Энэ их ачаалал дундаас өндийж, цагтай уралдаж ажлаа амжуулна, үүрэгдсэн бол биелүүлдэг, чанга бэрхээс халширдаггүй гээд ар талынхнаас цэргийн тогооч ч бас тэсвэр хатуужлын нэг сонгодог дүр л дээ. Энэ дүрийг өнөөдөр тольдон сууна. 
 
Та бидний эчнээ танил энэ хүн Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын ҮААХ-ийн ахлах тогооч ахлах ахлагч Б.Ганчимэг. Тэрээр хоймор нутаг буюу Хөвсгөл аймгийн Их-Уул сум, Сараалжийн гол хэмээх газар 1977 онд төржээ. Таван хүүхэдтэй айлын хоёр дахь нь, том эгч болох Б.Ганчимэг хорвоод мэндэлж, хүүхдийн дуу цангинасан тэр л өдөр нутгийн уугуул Д.Бат-Өлзий, Д.Хандсүрэн нарын гэрт баярын оч гялалзаж, өргөө цагаан гэр нь жаргалын инээдээр дүүрсэн байх нь. 
 
Түүний аав Д.Бат-Өлзий тухайн үеийн Политехникийн дунд сургуулийг улаан дипломтой төгссөн хичээнгүй суралцагч, цаашлаад Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг уулын инженер мэргэжлээр төгссөн сэхээтэн байв. Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас анхны томилолтоо эхлүүлсэн ч айлын голомт залгах бага хүү тул амьдралын шаардлагаар Их-Уул сумандаа аж төрөхөөр болсон байна. Ингээд тус суманд “Саруул амьдрал” нэгдэл анх байгуулагдахад нь тоо бүртгэгчээс авхуулаад нягтлан, бригадын даргаар ажиллажээ. Харин ээж Д.Хандсүрэн нь тус нэгдэлд хийж үзээгүй, гар хүрээгүй ажил гэж үгүй. Мал маллаж, ногоо ч тарьсан. Нэгдлийн талхан цехэд насаараа ажилласан гэх. “Ер нь Хөвсгөлийнхөн андахгүй дээ, Их-Уулын брэнд талхыг. Ээж маань тэр талхыг барьдаг байлаа. Маш ажилсаг, үйлэнд уран. Хажуугаар нь дуулна, бүжиглэнэ чиг. Энэ сайхан чанарууд өв тэгш цогцолсон сумын сайн дурын уран сайхан ч байлаа. Сар шинийн баяр дөхөхөөр ээж дээлд дарагддаг байсан” гэж ярих нь түүний оюун санаа болоод ахуй, аж амьдралд аав, ээжийн хөдөлмөрч, эвлэгхэн зан чанар ямархан гүн мөрөө үлдээснийх биз. Мөн хоёр бурхан нь “Саруул амьдрал” нэгдлээс зам нийлж, заяа төөргөө холбожээ.  
 
Тэрээр “Би дүү нараа төрөхөөс өмнө их л дураараа, эрхлэнгүй хүүхэд байсан. Аав намайг ээжээс өмөөрөх аядна. Тэгээд дүү нар ч мэндэлж би гэдэг хүн айлын томчуудын эгнээнд орсон. Бусдын л адил аав, ээжийг ажил алба ихтэй завгүй, эзгүй хойгуур гэрээ харна, дүү нараа өсгөнө.
 
Ер нь хөдөөгийн амьдрал буцалж, бужигнасаар өдөр өдрийн нарыг угтаж, үднэ шүү дээ. Үйлэнд уран ээжийнхээ авьяасыг нь багахан ч атугай өвлөж авснаар сумын 10 жилийн сургуулийг дүүргэсний дараа оёдолчин болохоор Булганд очсон. Өлзийт тосгоны Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг оёдлын мастер мэргэжлээр төгссөн. Шаггүй сайн суралцаж, онц төгсөөд багшаасаа ч урам авч байлаа. Гэхдээ хотод ирснээр тогооч болж, тухайн үеийн ЗХЖШ-ын Ар талыг удирдах газрын Орон сууцны хэлтсийн дарга хурандаа Л.Дашравдан буюу хүргэн ах надад зөвлөж, би энэ том айлын гал тогоог барилцах болсон. Нэг ёсондоо чиглүүлж өгсөн дөө. Хүний амьдрал тэгээд учралаар дүүрэн юм билээ” гээд л инээвхийлэх нь зөв замаар хөтөлсөн хүнд талархаж байн уу гэлтэй. 
 
Сум орон нутгаас гараад нийслэлд хөл тавихдаа нүд бэлчээсэн газар цөөнгүй ч ажилд орсон анхны өдрөө Батлан хамгаалах яам, ЗХЖШ гэдэг нэрийг сонсоод их л сүрдсэн гэнэ. Тэгээд зүгээр ч нэг курс төгсөөд тогооч болдоггүйг цэргийн гал тогоонд ирээд, олонтойгоо хамт цаг наргүй, сэтгэлээ дэвсэж ажилласан цаг хугацаа түүнд нэг хоёроор тогтохгүй ойлгуулжээ. Хөдөөгийн охинд энэ том гал тогооны юм бүхэн сонин хачин, хоолны амтлагч хүртэл нүд хужирлах нь олонтоо байсныг нуусангүй. 
Үргэлжлүүлэн “Тэр үед ҮААХ-ийн ахлах тогооч буюу Монгол Улсын мастер тогооч М.Гантөмөр намайг анх энэ гал тогоонд "өлгийдөж" авсан. Эхний өдөр ч яах вэ танилцаад л өнгөрсөн. Хоёр дахь өдрөөс жижүүрлэх бүрэлдэхүүний буюу 30-аад хүний хоол бэлдэх үүрэг ногдсон юм. Ийнхүү энэ гал тогоонд хийсэн анхны хоол гоймонтой шөл. 500 гр томатны нухшийг бүгдийг нь хийчихсэн гээд бод доо. Мэдэхгүй хэр нь ээ бүгдийг нь шөлөндөө хийчихсэн. Одоо бодох нь ээ, тэр хүмүүст ямар санагдсан бол, бас л мэдэхгүй идчихсэн юм болов уу. /Инээв/ Ажлын гараагаа ингэж хөгтэй, хөгжилтэй ч гэмээр эхэлж байлаа” гээд цагаахан дурсамжаа нэрэлхэлгүй уудлав. 
 
Хэлтсийн удирдлага, хамт олон, ажлын байрны анхны багш М.Гантөмөр гээд олны итгэл, хүндлэл, тус дэмээр тогооч хүн өөрөө 20 гаруй жил энэ айлын гал тогоонд чанагджээ. Амьдрал бол өөрийгөө олох биш өөрийгөө бүтээхийн нэр хэмээх хөдөлмөрч үзлээр өөрийгөө тордож, оюунаа усалж буй нь ахлах тогооч Б.Ганчимэг аргагүй мөн. 
 
Зан зангаа мэдэлцэх хамт олонтой байна гэдэг юутай сайхан. Өнөөдөр гонсойх ч маргааш бас нөгөөдөр, тэрний цаад өдөр ч инээхийг үгүйсгэхгүй. Түүнээс та уурласан үедээ яадаг вэ гэж асуухад “За манайхан л сайн мэднэ дээ” гээд харцаа өнөө хэдийнхээ зүг шидэлж нүүрэндээ ялимгүй инээмсэглэл тодруулна. Нөгөөдүүл нь ч инээдээрээ хариу барьж харцаараа ярилцах нь бидний нууц шүү гээд ч байх шиг. Ажилдаа бол дарга, цэргээрээ ялгарах ч бусад үед найз нөхөд шиг эвлэгхэн хамт олон энд бий. 
Тэд заал руу гарч байгаа хоол бүрийг амт чанартай, халуунаар нь хүргэхийн тулд бүгд жор барина. Тэр жор нь тун энгийн, хамгийн чухал амтлагч нь зүгээр л сэтгэл гэдгийг ахлах тогооч маань учирлаж байв. Ялангуяа эрүүл саруул явахын үндсийн 70-80 хувь нь зөв хооллолт. Тиймээс сэтгэлээ шингээж, хүнийг бодсон хоол гараас гарах учиртайг нэмж өгүүлэв. Тиймээс сэтгэл хэмээх амтлагчаа хоолондоо харамгүй асгадаг ажээ. Ингэж хийсэн зоог бүр ходоодыг баярлуулахаас илүү зүрхэнд хүрдэг учраас үнэхээр ч “Баярлалаа, сайхан хоол байна” гэсээр хариу бариад гарч одох хүн олноос олон доо. 
 
Тэрээр 2013 онд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн гал тогоог удирдах үүрэг авав. Мэдээж шинэ ажил, шинэ талбар залуу хүнд зохих ч олон асуултыг өндөр хариуцлагын хамт нэхнэ. Эхэндээ өмнөх ажилдаа сэтгэл уягдаж, эргэцүүлж бясалгах цаг хугацааны эзэн болсноо уудаллаа. Түүнээс хойш ажилдаа нэвт бөгөөд гүн уусжээ. 10 гаруй жилийн хөдөлмөр туршлага, бас ахлах тогооч М.Гантөмөр эгчийнх нь үлгэрлэл түүний оюун бодолд нэвт шингэж, мэргэжлийн ур чадвар, эв дүй нь шинэ ажлын суурийг ганхуулахгүй дээ гэсэн итгэлээр нэг сайн ташуурдсан гэдэг. Энэ түүхийг сөхөхдөө ҮААХ-ийн хамт олон минь хэмээн амжилт бүрээ тэдэнд "авторлана".
 
Ингээд ээлжийн тогоочоос ахлах тогооч болж үүрэг өгдөг, түүндээ хяналт тавьдаг механизмаар ажиллаж эхлэв.
 
Хамт олныг сайн удирдана гэдэг хүнийг даргалахдаа бус харин танихдаа гол нь. Шинэ хамт олны уур амьсгалыг мэдэрч, цаашлаад ажиллах орчин нөхцөлийг нь дээшлүүлэх нэн тэргүүний үүргийг өөртөө өгөв. Эхлэх цэгээ ч төвөггүй оллоо. Жижиг гал тогоог томсгож болох ч, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хоол үйлдвэрлэлгүйгээр бол заалыг хэн, хэрхэн дүүргэх билээ. Тухайн үеийн ангийн захирагч хурандаа Балдан-Очирт асуудлыг илтгэж, санал үндэслэлээ дэвшүүлсэн байна. Ангийн удирдлагууд ч нааштай хүлээж авлаа. 
 
Сарын хугацаанд тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийгдэж, тогооч, бэлтгэгч үйлчлэгч гээд гал тогооны эздийн магнай тэнийж, мишээл бялхаж байсан дүр зураг түүний сэтгэлд өчигдөр мэт тодхон. Тэр үед гавьяаныхаа амралтад гарах нь өнөө маргаашгүй болчихсон байсан зарим ахмад ажилтан сэтгэлд өег, сайхан цаг аа гэж шагширч байсан гэдэг.  
Барилгын цэргийн анги хугацаат цэргийн алба хаагчидтай боллоо. Мужааны цехийн байранд өргөтгөл хийхээр болж, чадварлаг инженерүүдийн тархи, гар зэрэг ажиллах боллоо. Стандартын гал тогоог бий болгох ажил зургаас эхэлнэ. Хүссэн зургаа зуруулахын тулд, судалгаа хийж тухайн үедээ л нийтийн хоолны стандарт гэгдэх газруудыг аль болох дөмөгхөн барьж авчээ. Ингээд IV цахилгаан станцаас ажлаа эхэлж, дараа нь Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн ангиудын хоолны заалны зохион байгуулалт, тохижилт, орж гарах гарц гээд бараг л нүдний аяганд багтах бүхэнтэй зургийн инженерийн хамт танилцлаа. 
Зураг дуусах хүртэл ам хуурайгүй үе цөөн ажээ. Бусдад таалагдах, таалагдахгүй ч чухам ажилдаа санаа тавьж байгаа нь ийн илэрдэг гэх үү дээ. Бүхнийг толгойдоо буулгачихсан учраас үе үехэн зургийн инженерийг сахичихдаг, нөгөөх нь сүүлдээ залхах маягтай ажлаас биш өөрөөс нь халшрахдаа сайндаж, муудсаар ард нь гарснаа дурсаж ярина лээ. Барилгын ажил эхлэхэд урьдын адил гүйгээд л оччихсон бодож төлөвлөсөн стандарт нь ийм шүү гээд л талбайг бүхэлд нь сүлжчихдэг байсан гэнэ. Нэг өдөр штабын дарга барилгын талбайд түүнтэй таарахад мэргэжлийн хүмүүстэй ном хаялцлаа гэж зэмлүүлэх вий хэмээн бодож байтал “Та шалгалтаа хийж явна уу. Барьж авсан ажлаа чанартай, санасандаа хүртэл хийж дуусгахын тулд сэтгэлээ чилээх нь зөв өө” гэжээ. Олны хүч оломгүй далай гэгчээр яг л хүссэн стандарттай гал тогоо, хоолны заалаа ашиглалтад оруулснаар догдлол, санаашралдаа захирагдаж олон удаа гүйсний хэргийг гаргажээ.        
 
Үнэхээр ч ухаан зарж, сэтгэл сүлэлдсэн юм хойно буух эзэн, буцах хаягтай ажил л нэр болж үлдэнэ. Улмаар Зэвсэгт хүчний “Жишиг гал тогоо”-г бий болгож, удалгүй ар талтай холбоотой цугларалт, сургалт, тэмцээн уралдааны их нүүдэл тус ангид саатаад буцдаг болов. Хүн өнөөдрөөрөө болж байна гэсэн үзэлтэйгээ эвцэлдэж амьдрах нь бий. Энэ нь материаллаг үзлийг дэмжээгүй мэт боловч, мэдлэг оюунаа тэлэхийн тухайд бол өөр хэрэг. Нийтлэлийн баатар маань олон жил ажилласан суурь, ачаалал даах чадвар, ажлын туршлагаа бодоод л гарт орсон ажлыг голдирлоор нь явуулаад байж болох ч хүн удирдах, шинэ залуу боловсон хүчинтэй гар нийлэмжтэй ажиллахын тулд өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай гэж сэтгэл шулууджээ. Ингээд ажлын хажуугаар эчнээгээр 4 жил хоол үйлдвэрлэлийн чиглэлээр суралцаж төгссөн байна. Даргалж байгаа хүнд ч бас мэдлэг ур чадвар, ёс зүйн зохих ёсны босго гэж байх ёстой бөгөөд энэ нь ажилтан болоод залуу үеэ хүндэлж буйн гоё жишиг шиг санагдав. 
 
Түүний амьдралд илүү тодоор бичигдсэн үйл явдал бол энхийг дэмжих ажиллагаа. 2018 онд Энхийг дэмжих ажиллагаанд анх удаа үүрэг гүйцэтгэхээр хилийн дээс алхаж, хүний нутгийг зорьсон нь алс холын Африк тивд хүрчээ.
 
Бүгчим халуун агаар өөдөөс төөнөхөд л нутгийн сэвэлзүүр салхиа нэгэнтээ санагалзаж, нутгийн иргэдийн оршин ахуй, ядуу зүдүү, хүүхэд эмэгтэйчүүдийн амьдралаас хол шидэгдсэн гэмээр цээж хөндүүрлэм дүр зураг бүсгүй хүний уяхан сэтгэлийг өөрийн эрхгүй эмзэглүүлжээ. Яг түүн шиг “Би ямар азаар Монгол оронд төрөө вэ” гэж хэдэн хүн өөртөө шивнэсэн бол. Ингээд ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэлт, орон нутгийн бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажиллагаа, урлаг соёлын өдөрлөг, спорт тэмцээнд өнгөлөх гээд монгол цэргийн нэр хүндийг тив дэлхийд өргөхөд гэрч, заримдаа оролцогчийн хувиар бахархаж, өөртөө алга ташсан мэдрэмжээ ч энэ зуурт хуваалцлаа. Тэр үедээ амсхийх зав багатай ч тархи оюунаа цэнэглэж, бясалгах цаг хугацаа олддог гэдгийг хэлнэ лээ. 
 
Тангараг өргөсөн цэргийн хүн бас санаж өмөлзөх үрстэй эх хүн. Харин сайн ханийн буянд ар гэртээ санаа зоволгүй нутгийн зүг багахан санааширсан даа хэмээв. Мөн “Мөрдэстэй албанд зүтгэдэг ухааны ч, сэтгэлийн ч далай болсон хүнтэй ханилан суусан. Миний нөхөр Э.Гантөмөр цагдаагийн байгууллагад ажилладаг. Бид "эх орон, ард түмэндээ" гэсэн нэг тангарагтай. Албаны онцлог гээд аль аль нь ажил ихтэй ч ихэвчлэн манай хүн л гэртээ түрүүлж ирээд хоол хийчихсэн, заримдаа ар гэрийн асуудалд надаас илүү мэдрэмжтэй ханддаг. Хорвоо намайг сайн ханиар шагнасан даа” гэх нь баян тансаг биш ч сэтгэл дүүртэл амьдрахын сайхныг мэдрүүлэх шиг. Дээр дурдсанчлан тогооч хоол хийхдээ харамгүй асгадаг түүний хань ч бас энэ амьдралыг илүү өнгөтэй, амтлаг болгохын тулд сэтгэлийн жор барьдаг ажээ.              
Том хүү Г.Төмөрчин нь СУИС-ийн Хөгжмийн сургуульд суралцдаг. Урлагаар өөрийгөө хөглөж хүмүүжүүлж, аав ээжийн үүргийг хөнгөвчилчихсөн хэрсүү хүү ажээ. “Улс, олон улсын уралдаан тэмцээнүүдэд явлаа, ирлээ л гэдэг. Богц дүүрэн ирнэ, харин би ажил гэж явсаар заримыг нь анзаарахгүй өнгөрөөх нь бий” гэв. Харин удаах хүү маань бага ангийн сурагч, бас л аав нь миний дутууг нөхөж явна даа гэлээ. 
 
Хээр хөдөө халуунд халж, хүйтэнд хөрж явсан нь олонтоо. Тэгэх бүрд шинэ зүйлийг сурч мэдэж, нэг сургуулийн ард гарлаа гэхэд л нэлээн хэдэн бодол тээгээд буцдаг түүний суусан газраасаа шороо атгадаг энэ чанар ч мөн гогодом. 
 
Мөн түүнээс ч илүүтэй нүд нээгдэж, чих онгойсон нь 2018 он. Тэрээр Зэвсэгт хүчний “Аварга тогооч”-д оролцож ирсний зэрэгцээ 013 дугаар ангийн ахлах тогооч ахлах ахлагч Н.Гэрэлтуяагийн хамтаар тус онд Турк Улсын Истанбул хотноо зохиогдсон олон улсын тэмцээнд Зэвсэгт хүчний тогооч нарынхаа салхийг хагалсан байна. Мөн ОХУ-ын ПОЛЕВАЯ КУХНЯ тэмцээнд хамт өрсөлдсөн нарийн боовны тогооч н.Цэцэгсүрэн гэдэг нэрийг ч давтаж байв. Өрсөлдөж, байр эзлэх нь чухал биш. Хожигдол нь хожлоос илүүд сургадаг тул гол нь оролцоонд суурилсан мэдлэг, туршлагыг хуримтлуулах ёстойг ч хэлсэн юм. Зэвсэгт хүчний тогооч нар мэдлэг, ур чадвар, сэтгэл гурваа нэгтгэвэл бусдаас дутахгүй, гол давуу талуудаа ажил албаны туршлага, онцлогоороо олж авсан байдгийг мөн онцолсон. Тиймээс сурсан эрдмийнхээ шидийг хүртэхийн тулд ангийн хашаанаас гарч, гадаад талбарт өрсөлдөж, бусдаас суралцаж, өөрсдийгөө хөгжүүлж байхыг чухалчлан захив. 
 
Тэрээр анх ажилд орсон үеэ эргэн дурсах нь бидний уулзалт эхэлсэн цэгтээ ирснийх ажээ. Ахлах тогооч Б.Ганчимэг хэлэхдээ “Манай хэлтсийн даргаар хурандаа Чулуунбаатар ажиллаж байв. Дараа нь Батнасан хурандаатай нэлээд олон жил ажилласан. Үе үеийн хэлтсийн дарга, удирдлага хамт олны дэмээр миний ажил амьдралын гараа зөв замаас эхэлж, албандаа дурлаж явна. Дээрээс нь төрж өссөн нутаг ус, Их-Уул хайрхандаа сүсэглэж, тэнгэрээс харж байгаа аав ээж, ахан дүүс, найз нөхдийн илч дулаан сэтгэлээр өдий зэрэгтээ явна даа” гэсэн юм.
 
Хөвөрсөн бодол, хүүрнэсэн яриаг хэсэгхэн амраая гэсэн шиг түүнийг гээд зориод ирэх хүн цөөнгүй. Ажил албаны яриа амттай агаад, энэ үед ахлах тогоочийн толгойд тооны машин, компьютер зэрэг ажиллах шиг болно. Цэргийн гал тогоог ажлын ачаалал багатай гэж хэлэх аргагүй. Ялангуяа өнгөрсөн жилийн хувьд түүхт ой ихтэй байсан болоод ч тэр үү ҮААХ-ийнхэнд завгүй өдрүүд зурайгаад өнгөрсөн нь лавтайяа. Яам, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалуудад ҮААХ хэлтэс, гал тогоо л хамгийх их хүрч үйлчилдэг. 
 
Ер нь ч Зэвсэгт хүчний ар талынханд амралт бага. Өглөөний ажил 7 цагаас эхэлнэ гэвэл гал тогооныхон наанадаж 1-2 цагийн өмнө бэлэн байх ёстой. Оройн хоолны цаг болж, ажил тарсны дараа ч энэ бүхэн үргэлжилнэ. Маргаашдаа танд халуун хоолоор үйлчлэхийн тулд өмнөх орой нь  бэлтгэлээ базаана. Ямар ч үед тэд зүлгэж л сууна. Энэ цикл хэзээ, хэдийд ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ ингэлээ гээд тэд нурмайж, толгой гудайна чинээ үгүй. Тэгэхээр анги, байгууллагын гал тогооноос гарч байгаа хоол танд хүрэхийн гэж ямар замыг туулдаг вэ гэдгийг нэг удаа ч болов бодоод үзэх хэрэгтэй. Товчхондоо та тогооч нарын хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлийг амталж байна гэсэн үг. 
Ахлах ахлагч Б.Ганчимэг БХЯ, ЗХЖШ-ын гал тогоонд ээлжийн тогоочоор ажиллаж байсан бол олон жил суралцсан мастер шигээ өнөөдөр ахлах тогоочийн хувиар багаа удирдаж, хамт олныхоо үлгэрлэл бас цаашдын үргэлжлэл болж буй.       
Түүний хэлсэн “Хүн бүхэн сэтгэлийн гэгээтэй явахад амьдрал ч гэрэл гэгээтэй” гэдэг үгээр энд жаргаая.     
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин