сонин mn
Оросын арми туурга тусгаар Украйны хил хязгаарыг даваад дайрч орохтой зэрэгцэн дэгдсэн буруу зөвийг тогтоох хоёр туйлтай мэдээллийн дайнд бид ч бас дотроо үг хэл, үйлдэл хөдөлгөөн бүхий өргөн фронтоор гардан тулааны дайтай овоо ширүүхэн үзэлцэж байгаа билээ. Үйл явдлын өрнөл сүүлийн үед улам хурцдаж нийтийн сүлжээн дээрх санал бодол хэлцэл толхилцлын халуун тогооноос хальж төр засгийн зүгээс бас тодорхой шийдвэр гаргаж зохицуулалт хийх хэрэгтэй нөхцөл байдал үүсч байх шиг. 
 
 
Дайн бол дайн. Хөнөөл сүйтгэл, үхэл хагацал, өс хонзон, үзэн ядалт улам хуримтлагдсаар дэлхийн эдийн засаг эмх цэгцэнд эрс нөлөөлж хар сүүдэр тусгал нь “Москвад найтаахад манайд ханиад тусдаг” эрт урдын маягаар эргэж буугаад эхэлсэн. Бидний хувьд бензин шатахууны хомсдол, эрчим хүчний тасалдал, валютын хомсдол зэрэг тодорхой хэдэн болгоомжлол байсан бол одоо дайны дайчилгаа баривчлагаанаас хулжин дүрвэгсдийн хөлд дарагдаж мэдэх нэг асуудал босч ирлээ. Хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэгчээр өөдгүй хоноцын сэтгэлээр өдүүлсэн ноцтой хэрэг зөрчил ч эхнээсээ дуулдаад эхлэв. Украйны газар нутаг дээр утга учиргүй амиа зольж сольж байснаас ураг төрөлөө бараадая гээд наашаа зүтгэх буриад тува халимаг залуустай хамт харилцан визгүй зорчих журмын дагуу монголд гэнэт жуулчлахаар орос ах нар бас олноороо ирж байгаа бололтой.   
 
Ганц сар өнгөрөөд нутаг буцах ёстой ч нэг хэсэгтээ манайд шигдэж шургаад үлдэх бодол төлөвлөгөөтэй байгаа болов уу тэд. Эх орон, газар нутгаа хамгаалах эр цэргийн үүргээс зайлсхийж зугтаагсан муу нэр гэм нүгэлтэй эдгээр залуус хэний газар нутгийг, юунаас хамгаалж, ямар эрх ашгийн төлөө ясаа хаана тавих гэж буйгаа эрэгцүүлж дэнслээд эдлэх туулах эрсдэлээ үүрч яваа л улс болов уу. Орост дайныг эсэргүүцсэн давалгаа бүрийг хүчээр дарж хоосон сүржин үзэл суртлаар хөгшин залуугүй цэнэглэж байгаа ч бодит байдал зөв буруу нь тодорч үнэнд гүйцэгдэх тэр нэг өдөр ирэх биз дээ. Одоо тэдэнд холын америк, ойрын европ төдийгүй хаяа зэргэлдээ балтийн тэнгисийнхэн скандинавын хойг тэр чигтээ хориг хаалттай болсон. Ийм үед харилцан зорчдог зохицуулалттай хуучин холбооны хэдэн хөршүүд нь оргуул босуул гэлгүй хүлээн авч байршуулж дэмжин туслаж буйг харуулсан дүрс яриа бичлэг нэтээр нэг гарч байна. 
 
 
Манай улсын хувьд харилцан мөрддөг дүрэм журмынхаа дагуу хаалт саадгүй оруулж нэвтрүүлж байгаа бөгөөд визний зөвшөөрлийг сунган удаан хугацаагаар оршин суух нөхцөлөөр хангах боломжуудын талаар саяхан ГИХГ-аас нээлттэй зарлалаа. Монголын төрөөс дайны дүрвэгсэдээр жийрэглээд монгол туургатандаа хандсан тун чухал мэдэгдэл боллоо. Оросууд харин цэргийн насныхны орох гарах шилжилт хөдөлгөөнийг хэсэгтээ тас хорих шийдвэр гаргаж байгаа сурагтай. Манай олон нийтийн зүгээс ч хөрш орны хөвгүүд ядарч зүдэрч явна гэсэн халуун сэтгэлээр хүлээн авч дэмжиж туслах тал нь давамгай давалгаалж байгаа. Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй нөлөө бүхий эрхэмүүд энгийн иргэний хувиар үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлж цаг үеэ олсон цэгцтэй зөв мэдэгдэл хийсэн гэж үзэж байна. Эгзэгтэй үед зэгсэн мэдрэмжтэй бас ч ухаалаг шүү дээ экс маань.
 
 
Харин тэд манай хууль дүрэм журмыг баримтлан дагаж биелүүлж хэл соёл улалмжлал ахуй зан заншлыг хүндэтгэн эртнээс найрамдалт хоёр ард түмний сэтгэлээр харилцан эвтэй эетэй адил тэгш хандах ёстой. Дээр нь дэмжлэг тусламж хараад дэмий суулгүй ажил мэргэжил, авъяас чадвар хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж араас нь даган гарах үр шимийг хүртэх өчнөөн боломжууд чөлөөт зах зээлийн орон зай онгорхой бэлэн хүлээж байна. Олсон ашиг орлогоосоо оногдох татвар шимтгэлээ шударгаар төлөх гээд цааш нь тоочоод байвал барагдахгүй олон үүрэг хариуцлага нэмэгдэж таараа. Гэвч энэ тухай элдвийг сөхөж сануулах гэсэнгүй орж ирж байгаа Халимаг, Тува ялангуяа яс үндэс нэгтэй Буриадын олон зуун залуус болон нийт Монголчууддаа зориулаад хэлмээр санагдсан зарим нэг бодлоо хуваалцахаар эвлүүлэн энд буулгаж байгаа ухаантай юм.
 
 
Монгол бол хуучин холбооны нэгдсэн улс орнуудын адил орос хэлээр чөлөөтэй харилцах албагүй боломжгүй орон. Хойноос ирсэн зарим жуулчдын андуурч будилан алмайрч гайхаад байдаг шиг эх хэлээрээ төвөггүй урсгаад ихэмсэг алхдаг газар бол манайх бишээ. Буриад залуус мартагдаж бүдгэрсэн эх монгол хэлээ сэргээн шинээр сурах эрин цагийн шаардлага, эргээд нийлэх эртний ерөөл тавилан мэт санаж харвал зохилтой. Саяхан буриадын нэгэн нэр цуутай эрдэмтэн эх хэлээ халх монгол гаралтай үгнээс хааж хамгаалах тухай мэдэгдэл хийжээ. Зураг хөрөг нь ихийг үзэж элээсэн баймаар хижээл насны эрхэм харагдав. Энэ байтугайг ч элийрэх хүртэл нь толгой тархийг нь зориудаар эргүүлж зомби болтол нь угаасан шүү дээ хойдуулыг маань. Харин одооны залуус үүх түүхээ үнэн зөвөөр судлан таньж мэдэх, эх хэлээ сурах идэвхи хандлага арай л өөр болж буй сураг чимээ сонсогддог боллоо. Оргүй ч
биш байхаа ашгүй. 
 
 
Ямарч буриадыг гарал угсаа хөөгөөд дээш нь дөрөв таван үе тоолоход л дүнзэн байшинд шигдэж суугаад дүнс мохоортой гаанс зууж суунагар утаа баагиулсан суурин соёлын ул мөртэй одоогийн дүр нь оргүй замхарна. Хорол тоонотой эсгий гэртээ ган тулгандаа галаа өрдөж ганц ч орос мангад хараал ерөөлгүй ориг буриадаараа хөөрөлдсөн ойн иргэд, зэлүүд хээр талдаа ан гөрөөгөө дураар намнаж мөнх хөх тэнгэртээ мөргөж сөгдөөд онгодоо дуудсан дайчин шаламгай түмэд мэргид овог аймгийн тасархай, түүх соёлын үргэлжлэл нүүдэлчин монголын салшгүй нэгэн салаа хэлхээ тодрох болно. Аялга хэллэг нь уугуул суугуул ус нутгаараа арай ялгаатай ч үндэс угсаа нэг өвөг монгол хэлний язгуурын ай савнаас яаж ч гуйвуулаад хазайж халихгүй эргэлдэнэ. 
 
Хүч түрэн эзэлж дээрэмдэн булаасан Буриадын газар нутгийг хүүлж тасдаад хэдэн хэсэг салган бутаргаад зогсохгүй хэл соёлыг хүнтэй нь хамт уусган булингартуулж хүйс тэмтрэн хядаад орон шоронд цөлж туйлдуулсан гашуун түүхийг хэн хэзээ үйлдсэнийг бид мартах учиргүй билээ. Хэрээст загалмайн шашин номлолоо хүчээр тулган сүм хийдийг нь нураан хурааж социализм коммунизмын туршилтын талбар болгосон их гүрний эзэрхэг бодлого үе дамжин өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. Хувь заяаны эрхээр холбоо харъяанд нь орсон Орос орны төлөө хамгийн хэцүү цагт халуун цусаа урсган алтан амиараа хамгаалж явсан өвгөдийн үр сад өнөөдөр арай ч сүнсээ зайлтал айж хулчийсандаа сүүлчийн аврал эрж наашаа зүтгэж зүглээгүй болов уу.
 
 
Их гүрний эзэрхэг дээрэнгүй бодлогыг эсэргүүцэж “эзэн хаан Путлерийн” дэгдээсэн хар дайны хоосон золионд хүн алж хүчирхийлэл үйлдэн хүрээ талж тонож яваад амиа солихыг хүсээгүй эдгээр залуусыг эерэгээр хүлээн авч туслаж дэмжээд эрч хүч боломжийг нь ашиглан эх орныхоо хөгжил дэвшилд нэмэр оруулах зоригтой зорилготой алхмуудыг ар араас нь одоо яаралтай эхлүүлэх хэрэгтэй боллоо. Харин орж ирсэн буриад халимаг тува залуус та нар элдэв муу явдал зан гаргаж хээрийн боохойтой нийлсэн алдуул мэт авирлан ахан дүүстээ ад гай битгий болоорой гэж аминчлан захимаар байна. Монгол бол уудам цэлгэр тал шигээ амар амгалан ахуй орчин, амьд тайван оршихуй шүү.
 
 
Амьдралын хэмнэл бодох сэтгэх нь хүртэл бороонд нэвт норох мэт бүрэн уусч оросжсон ч онигор нүд дугуй царай нь хэвээрээ үлдсэн олон мянган буриад тува халимагуудын дотор өнөөдөр Украйн руу довтолсон түрэмгийлэлийг дэмжих хэсэг бас нилээд бий. Эдний дунд үзэл суртлын захиалгатай элдэв ухуулга, захиргаадалтын хатуу ширүүн дарамт шахалтаар дайнд хөвгүүдээ үдэн мордуулсаар байгаа энгийн эгэл ардууд ч бий. Дийлэнхи нь алсын бөглүү суурин гацаанаас амьдралаа дээшлүүлэх боломж хайсан арван найм естэй залуу хөвгүүд жагсаж байна. Дайчлага татлага амжилттай дууссаныг дээш нь баяртай мэдэгдээд байгаа Буриадын тэргүүн А.Цыдэнов ч өөрөө цэргийн насны том хүүтэй юм билээ. Гэхдээ мэдээж оросын элит дээдэс гэгч олигархи луйварчин улс төрчид араас нь аялдан дагагч армийнх нь эрх танхи үрс нь өөрсдийнх нь үүсгэсэн үйлтэй энэ эзэрхэг дайны галын тэргүүн шугам руу дуудагдаж дайчлагдаад хэзээ ч очихгүй, тив дэлхий алгасаад тансаглан цэнгэж эцгийн буяныг эдлэж гайхуулж сагаад явж байдаг цаг үе шүү дээ. 
 
Манайд олноороо орж ирж байгаа орос залуусын талаар бас хэдэн үг нэмье. Монгол орон зан заншил үүх түүхийг маань гуйвуулан гутаан доромжлож зочломтгой цайлган хүн ардыг дооглон тохуурхсан, охид бүсгүйчүүдээр оролдон тоглож цэнгэсэн дээрэнгүй бүдүүлэг элдэв бичлэг эвлүүлэг интернэт дээр сүүлийн үед энд тэндгүй цацагдах болсон. Ихэнх нь хөөрүү халамцуу хэдэн орос залуусын хот хөдөөгөөр аялахдаа хийсэн хоосон сүртэй хөгийн контентууд байдаг. Үнэхээр үзэж хараад засаж залруулмаар зарим нэгэн бодит зөв шүүмжлэл ч байгааг бас үгүйсгээд яахав. Тэднийг нэтээр даган баясч оруулсан бичлэгийг нь дамжуулан түгээж биднийгээ битүүхэн даапаалж суудаг мянга мянган дагагчид дэлхийгээр дэмий нэг бий. Дайнаас дайжин дахиж монголд орж ирчихээд даалгавартай мэт элдэвлэж яваа тиймэрхүү бичлэг эргээд бас мэр сэрхэн гарч ирж байна шүү.
 
 
Монгол буриад халимаг тува якут бүгдээрээ л адил тэнцүү “онигор тэнэг оркууд” гэсэн омголон ихэрхүү хөгийн зангаар хардаг хандлага нь яг хэвээрээ элдэв юмнуудад хөлслөгдөөд энд тэнд нь гарч эрх гөлөг шиг үйлчлээд гүйдэгээ одоо харин болих хэрэгтэй манайхаан. Эдгээрийн дунд эрүүгийн хэрэгтэн элементүүд, орлого мөнгөгүй болоод ирмэгцээ юу ч хийхээс буцахгүй орон шоронгийн оргуул босуул, егзөр овжин зальтай муу гарууд ч гэмгүй номхон, ганган цайлган дүр эсгээд явж байхыг үгүйсгэхгүй. Манай улсын хууль дүрмийг зөрчвөл хуйвалдаж тал засалгүй оногдох шийтгэл ял торгуулийг нь хатуу шударгаар төлүүлээд хамгийн гол нь ирсэн болгоныг хараад хөл алдан идэж ууж хөлчүүрхэн дайлж цайлж хөөргөж сүйд бололгүй боловсон соёлтой үйлчлээд анхаарал сэрэмжтэй байхад асуудал аяндаа цэгцрээд ирнэ дээ.  
 
 
Эцэст нь монгол орон бол туурга тусгаар улсаа. Хамаг монголын гал голом руу дүрвэж зугтаж ирсэн халимаг буриад тувачуудаа угтан авч дэмжин туслаж байгаа нь уулзан учрах ерөөлтэй мэт буянтай сайхан сонсогдож байна. Гэхдээ бид өөрсдөө сэрүүн талдаа идээшлэх адуун сүрэг шигээ сэрэмжтэй сонор аливаад анхаарал бодолтой ханддаг байх хэрэгтэй. Өөрч юу гэхэв дээ. Шанхайн хамтын нийгэмлэг гэгч хулс чулуун хольц хийцтэй хана туургаар шахаж бүрээд битүүлсэн хайрцаг саванд шургаж ороогүй үлдсэн Ази тив дэх ардчилсан чөлөөт орны хувьд өөрсдийнхөө эрхээр жаргаж зовноо хө.    
 
Монгол орон минь хөгжин цэцэглэж мандан бадрах болтугай!
 
Цагаангууд Д.Цэрэндорж