sonin.mn
2022 оны 9 дүгээр сарын 20-ны шаргал нар дэвссэн намрын сайхан өдөр Зэвсэгт хүчний "Шүхэрчин дайчдын өдөр"-ийг ёслон тэмдэглэлээ.  Эл өдөр Шүхэрчин дайчдын өлгий болсон Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Хужирбулан дахь Сургуулийн төвд тус ангийн 57 жилийн түүхийг бичилцсэн ахмадууд, тус ангийн бие бүрэлдэхүүн, Тусгай хүчний командлал, Цэргийн тагнуулын газрын төлөөлөл хүрэлцэн иржээ. 
 
Тус ангийн Ахмадын зөвлөлийн дарга бэлтгэл дэд хурандаа Б.Мөнхжаргалын урьж цуглуулсан ахмад настнуудын дунд 084 дүгээр ангийн штабын дарга, захирагчаар ажиллаж байсан чөлөөнд байгаа дэд хурандаа Б.Батбаяр, тус ангийн анхны шүхэрчдийг араасаа дагуулан шүхэрлэн бууж явсан Шүхрийн спортын мастер ахлагч Ц.Хандсүрэн, анхны салаа, салбарын захирагч нарын нэг ахмад Г.Базарсад, байлдагчаас хурандаа хүртэл тус ангид алба хаасан "шүхрийн" гэх овогтой Н.Баярмагнай, хувцасны нярваар олон жил ажиллаж, ангийн 7 нүүдлийн ачааг таталцаж явсан Ж.Цэндмаа, анги хамт олныхоо нэрийг одоо ч мандуулж яваа Хүндийн өргөлтийн ОУХМ ахмад Ш.Лхагваа, толгойгоор тоосго мөргөх тулааны урлагийг армид анх нутагшуулсан бэлтгэл хурандаа Д.Батбаатар гээд бүгд л түүхэнд нэр мөрөө үлдээсэн хүмүүс хүрэлцэн иржээ. Энэ үеэр чөлөөнд байгаа ахмад Г.Базарсад, С.Чулуун нарын Хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж, цэргийн тэтгэвэрт гарч буй дэд хурандаа Б.Бүрэнзэвсэг, ахмад Н.Алтанбагана нар Байлдааны тугандаа хүндэтгэл үзүүлэв. Мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ая дууны мялаалга өргөж, шүхэрчид Уулын шүхэр буюу параглидингээр буун баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. 
 
Бэлтгэл хурандаа Н.Баярмагнайн тасгийн захирагч 1981 оны цэрэг С.Баясгалан, хурандаа Д.Батбаатарын салааны захирагч Г.Базарсад, Шүхрийн спортын мастерууд Ц.Хандсүрэн, Б.Александр, Н.Баярмагнай, дэд хурандаа Б.Бүрэнзэвсэгийн ээж С.Цэцгээ хүүдээ баяр хүргэж, тус ангийг удирдаж явсан Б.Батбаяр, Д.Батбаатар, Б.Эрхэмбаяр, Ч.Түмэндэмбэрэл, Б.Хаш-Эрдэнэ, Д.Шинэбаяр нар гээд сонин содон хүмүүс уулзалдаж дурсгалын зураг татуулав.  1969 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тасгийн дарга Б.Надмид тэргүүтэй 21 түрүүч, байлдагч нар шүхрийн анхны буулт хийсэн байдаг. Тэднээс өдгөө Навааны Сүхбаатар, Далхжавын Жамц нар түүхэн үйл явдлын гэрч болон бидний дунд аж төрж байна. Тэр цагаас хойш цэргийн шүхэрчид шөнийн, усны, модны буултыг хийж шүхэр десантын спорт улам бүр хөгжсөөр байгаа нь энэ билээ.
 
Хөхрөх уудам тэнгэртээ бид
Хүрэн бүргэдийн зоригтой билээ
Хээтэн ногоорох газартаа бид
Хээрийн чонын хийморьтой билээ гэсэн сэтгэлийн андгайтай хүмүүс дээ. Оросын десантынхан "Никто кроме нас!" уриатай.
 
 
Эх сурвалж: Ахмад дайчдын "Улаан одхон" сонин
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАТ-ЭРДЭНЭ