sonin.mn
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ сарын 1-нд Казахстаны ард түмэнд хандаж илгээлт гаргахдаа тус улсын улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг танилцуулжээ. 
 
Казахстаны удирдагч алсын хараатай стратегич, улстөрч төдийгүй иргэд нь түүнд улс орны хувь заяагаа ямар ч эргэлзээгүйгээр даатгаж болох төрийн тэргүүний чанарыг харуулж байна. Токаев Казахстаны улс төрийн практикт урьд өмнө хэзээ ч байгаагүй шийдвэр гаргаж, сонгуулийн хуваарийг бүхэлд нь олон нийтэд ил болгосон нь улсын эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавьсан гэж судлаачид дүгнэв.
 
Энэ онд багтаан Казахстан улсад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно гэдгийг Токаев мэдэгдэв. Түүнчлэн ирэх оны эхний хагаст Мажилисын сонгууль, бүх шатны маслихатын сонгууль болох бөгөөд ингэснээр Казахстан улс иргэдийнхээ эрх ашгийг төлөөлдөг депутатуудын шинэ бүрэлдэхүүнийг хүлээн авах юм. Энэ нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудал, стратегийн зорилтуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах боломжийг олгоно гэж мэргэжилтнүүд үзэж буй. Казахстаны улс төр судлаачдын мэдээллээр сонгуулийн мөчлөгт өөрчлөлт оруулсан нь Казахстаны улс төрийн тогтолцоог эрс өөрчлөх шаардлагатай байгаатай холбоотой. Мөн энэ оны 6 дугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар иргэдийн дийлэнх нь дэмжсэн Үндсэн хуулийн шинэчлэлийн логиктой бүрэн нийцэж байна гэв. Дэлхийн эдийн засаг, геополитикийн тогтворгүй, хурцадмал байдал, үймээн самуун зэрэг дэлхий дахинд болж буй урьдчилан таамаглах боломжгүй байдал нь улс орнууд төдийгүй зарим бүс нутагт нөлөөлж байгаа учир ээлжит бус сонгууль явуулахаар шийдвэр гаргажээ.
 
Касым-Жомарт Токаев ард түмэндээ хандсан илгээлтдээ олны анхаарлыг татсан бас нэгэн мэдэгдэл хийсэн нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дахин сонгогдох эрхгүйгээр 7 жилээр хязгаарлах тухай. Тус улсын улс төр дэх ийм шинэ “соёл” Казахстаны түүхэнд урьд өмнө нь байгаагүйг судлаачид тэмдэглэжээ. Энэхүү санаачилга нь улс орны улс төрийн тогтолцоог урт хугацаанд тогтворжуулах, хамгийн гол нь эрх мэдлийг монопольчлох эрсдэлийг арилгах, ардчиллын үндсэн зарчмуудыг бэхжүүлэх зорилготой юм.
 
Токаев төрийн тэргүүний албан тушаалыг авснаас хойш авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүд нь ард түмний зүгээс маш их талархал хүлээж, Казахстан супер Ерөнхийлөгчийн загвараас ухарч, эрх мэдлийн хуваарилах зөв замд орж байгааг гэрчилж байна. Түүний санаачилгын ачаар Казахстанд бүх эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөхөө больсон. Төрийн тэргүүн нам бус байх, түүний төрөл төрөгсөд төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад албан тушаал хашиж болохгүй зэрэг шинэ “соёлыг" нэвтрүүлсэн. Токаевын баталсан ард түмнээ сонсдог төр үзэл баримтлал Казахстанд хэрэгжиж байгаа нь, жирийн иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудлын шийдлийг олж байгаа гэдэг нь илгээлтээс харагдаж байна.
 
 
Тодруулбал, Токаев хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь тус улсын 1.8 сая иргэний орлогод шууд нөлөөлнө. Тэрбээр усны асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Усны хомсдол нь улс орны эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд ноцтой саад учруулна гэдгийг бид бүгд мэднэ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын дэргэдэх Усны зөвлөлийн ажлыг сэргээж, мэргэжилтнүүдийг татан оролцуулах санал гаргав. Усны салбарыг хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөө гаргаж, шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их сургууль байгуулахыг даалгав. 
 
 
Суурь тэтгэврийн хувь хэмжээг тогтмол нэмэгдүүлэх замаар тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Энэ дагуу 2028 он хүртэл эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 61 насаар тогтооно. Ийнхүү шинэчлэлийн ажлын хүрээнд тэтгэврийн хэмжээг 2025 он гэхэд дунджаар 27 хувиар нэмэгдүүлнэ. Ахмад үеийг халамжлахаас гадна шинэ үеийнхэнд ээлтэй бодлого хэрэгжүүлж байна.
 
Токаев 2022 оныг Хүүхдийн жил болгон зарлан, хэлсэн үгэндээ “Хүүхдийн төлөө үндэсний сан” хэмээх шинэ хөтөлбөр хэрэгжүүлж Үндэсний сангийн жилийн хөрөнгө оруулалтын орлогын 50 хувийг хүүхдүүдийн хөгжилд зориулах тусгай хуримтлалд хуваарилах санал дэвшүүлсэн. Хүүхдүүд 1 насанд хүрмэгц хуримтлагдсан мөнгөө боловсрол эзэмших, орон сууц худалдан авах зэрэг зарцуулах эрх үүснэ. Төлбөрийн чадамжгүй улмаас хүүхдүүдээ их, дээд сургуульд явуулж чадахгүй эцэг эхчүүдэд энэ маш том дэмжлэг болно.
 
Улс орныхоо удирдлагад хариуцлагатай ханддаг аливаа сайн улстөрч залуучуудын боловсролын асуудлыг хэзээ ч орхигдуулдаггүй. Улс орны ирээдүй тэднээс хамаарна гэдгийг мэдэж байх ёстой. Ерөнхийлөгч Токаев шинэ сургууль барих асуудлыг Засгийн газар, орон нутгийн Засаг дарга нарын нэн тэргүүний зорилтуудын нэг гэж нэрлээд, "Авлигачдыг шүүх ажиллагааны үр дүнд төрийн мэдэлд орж ирсэн бүх хөрөнгийг сургууль барихад зарцуулах ёстой" гэв. Өнөөдөр энэ санаачилгыг Казахстанчууд олон нийтийн сүлжээнд идэвхтэй хэлэлцэж, дэмжиж байна. Мөн дээд боловсролыг илүү хүртээмжтэй болгох бодлого баримтална. ЭЕШ-ын дүн болон бусад үзүүлэлтээс хамааран 30-100%-ийн буцалтгүй тусламж үзүүлнэ. Мөн жилийн 2-3 хувийн боловсролын хөнгөлөлттэй зээл олгоно.
 
 
Аливаа улсын бас нэг чухал үзүүлэлт бол үндэстний эрүүл мэнд. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн дэд бүтцийг цогцоор нь сайжруулахад анхаарч байгаа бөгөөд сайн дурын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх гэж байна. Эмч бэлтгэх тогтолцоог ч тууштай сайжруулахаар төлөвлөж буй. Тухайлбал, анагаах ухааны их, дээд сургуулиудын дэргэд сургуулийн эмнэлэг, судалгааны төв, лаборатори байгуулна. Казахстаны бас нэг онцлог зүйл нь тус улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд эхний 10-т жагсдаг боловч хэдэн зуун 1000 км үргэлжилсэн хээр талд хэдхэн тосгон л байх үзэгдэл элбэг. Ийм хол зайд тосгоны хүн бүрт эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд хэцүү. Иймээс нийгмийн тусламжийн зорилтот нэгдсэн тогтолцоог бий болгох нь иргэдийн эрүүл амьдралын баталгаа гэдгийг Казахстаны ерөнхийлөгч онцлон тэмдэглээд, нийгмийн даатгалын төлөгчид ажлын байраа алдсаны тэтгэмжийг сарын үндсэн орлогын 45 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл нэмэгдүүлнэ гэлээ.
 
 
Казахстан улс сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн эсрэг идэвхтэй, үр дүнтэй тэмцэж, ажилгүй иргэдийн дунд сургалт явуулах, ажилтай болгох, бизнес эрхлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлж ирснийг онцлох хэрэгтэй. Ийм арга хэмжээ нь иргэд нийгмийн дунд давхаргаас явуусын эгнээ рүү шилжихээс урьдчилан сэргийлдэг. Ялангуяа залуучуудын санаачилга болон гарааны бизнесүүдийг төр, Засгийн газраас дэмжиж байгаа. Үүний баталгаа нь залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор жилийн 2.5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй бичил зээлийн хөтөлбөр удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна.
 
Ерөнхийлөгч Токаев ард түмэндээ хандсан илгээлтдээ шүүх засаглал, шүүх байгууллагын үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах, шүүгчийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх сэдвийг хөндсөн. Хууль сахиулах байгууллагуудын зүгээс шүүгчдэд захиргааны дарамт шахалт үзүүлэх үзэгдлийг халж, шүүх засаглал дахь тэдний нөлөөг арилгах нь ирээдүйн гол зорилго гэлээ. Мөн үүний хажуугаар аливаа хэргийг хувийн үзэмжээр шийдэх, авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдох зэрэг ноцтой зөрчил гаргасан шүүгч нарт хатуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тэрбээр онцоллоо. Үүний зэрэгцээ Касым-Жомарт Токаев НҮБ-ын үзэл санааг тууштай баримталж, шударга шүүх, хүмүүнлэг үзлийг уриалж, "эмгэнэлт нэгдүгээр сарын" үйл явдалд оролцогчид хоёр дахь боломжоо олгох хэрэгтэй гэдгийг хэллээ. Ингэснээр 2022 оны нэгдүгээр сард Казахстаны томоохон хотуудад болсон үймээн самуун, эсэргүүцлийн жагсаалд оролцсон зарим иргэддээ нэг удаагийн өршөөл үзүүлэхээр болсон гэдгийг мэдэгдлээ. Гэхдээ мэдээж хэрэг үймээн самууныг гардан зохион байгуулсан, эх орноосоо урвасан, төрийн эрх мэдлийг хүчээр авахаар завдсан хэрэгт буруутгагдаж буй хүмүүст өршөөл үзүүлэхгүй. Террорист, хэт даврагч гэмт хэрэг үйлдсэн, эрүү шүүлт хэрэглэсэн давтан гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэхгүй. Энэ асуудлаар тэрбээр хууль дээдлэх ёсыг хэн ч цуцлаагүй хэмээн мэдэгдлээ.
 
Ерөнхийлөгч Токаевын илгээлтдээ ийм залуу улсын хувьд үнэхээр шинэлэг санал, санаачилгыг дэвшүүлсэн нь улс орны түүх, улс төрийн орчинд шинэ эргэлт хийх боломжийг нээж өгч байна. Эдгээр улс төрийн санаачилгууд нь Касым-Жомарт Токаевын өмнө нь тодорхойлсон “Хүчтэй Ерөнхийлөгч- нөлөө бүхий парламент - хариуцлагатай Засгийн газар” гэсэн төрийг байгуулах гол томьёог бодит агуулгаар бүрэн дүүрэн харуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
 
Аливаа улс төрийн чухал шийдвэр гаргахад ил тод байдал, байнгын шинэчлэл, нээлттэй өрсөлдөөн зэрэг шинэ стандартууд бий болж байгаа нь Казахстанд ардчилсан нийгэм байгуулахад эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй.